Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-14
Тогтоолын дугаар 496
Хэргийн индекс 105/2018/0023/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.М
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.М-од холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлалтай, М.М-од холбогдох 1806082402159 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н М-.

М.М- нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Хүслийн-Өргөө" хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод У.Б-той маргалдан улмаар нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-од оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М- гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж хуульчилсан. Уг хэргийн хохирогч У.Б- шүүх хуралдаан өөрийн биеэр оролцохгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн учир түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явагдсан. Хохирогч У.Б- өөрт учирсан гэмтлийг “стаканаар шидсэн” мөн “гартаа барьсан стаканаар намайг цохисон” гэж хоёр өөр мэдүүлэг бөгөөд аль үйлдлийнх нь улмаас түүний биед гэмтэл учруулсан болохыг прокуророос өмгөөлөгч асуухад хариулж чадаагүй, зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж хариулсан. Энэ нь намайг гэм буруутайг нотолсон гэсэн ойлголт биш юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар хуульчилсан байхад прокурор, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй нь шүүхээс намайг гэм буруутайд тооцоход нөлөөлсөн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд ... прокурорын яллах дүгнэлтэд тусгасан нотлох баримтыг эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдлын талаар хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг болон гэм буруугийн талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолд хэрхэн тусгасан нь тодорхойгүй, хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан.

Хэргийн газарт би ганцаараа согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл, болж буй үйл явдлын талаар тодорхой санаж байгаа болохоор өөрийнхөө гэм буруугүй гэдгийг үнэн зөвөөр тогтоолгохоор удаа дараа гомдол гаргаж байгаа гэдгийг ойлгохыг хүсье.

Давж заалдах шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан гэх боловч магадлалын тодорхойлох хэсэгт гэм буруугүйгээр хохирол учруулсан гэх ялтны гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэхдээ ...Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж тус тус хуульчилсан гэж магадлалд дурджээ.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “ Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол , хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан байдаг.

Хэргийн бодит байдлаас харахад хохирогч У.Б- өөрийн ууж байсан стакантай пивоо миний толгой дээр асгаснаас болж би түүн рүү стаканд байсан пиво цацсан. Харин түүний биед гэмтэл учруулах гэж пиво цацаагүй, пиво цацсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирч болох талаар бодоогүй, гэмтэл учруулах зорилго, сэдэл ч төрөөгүй юм. Харин пиво цацсанаас болж манай ангийн Ерөөлт бид хоёрыг барьцалдаж байхад хохирогч “чамаас болж ингэлээ гээд” хашхирч орилоод миний ширээн дээр тавьсан стаканыг хагалаад над руу дайраад байсан. Миний пиво цацсан стакан хохирогчийн биед хүрээгүй гэдгийг би тодорхой санаж байгаа бөгөөд шүүх намайг хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж дүгнээд байгаад үнэхээр гомдолтой байна.

Гэрчүүд болон Б.Хулангийн мэдүүлэгт “Тэгээд М.М- урдаас нь гартаа барьсан шилэн аягатай пивоо буцаагаад У.Б- руу цацаад гараа савсан...” гэх мэдүүлэг нь намайг шилэн аягаар хохирогчийг цохисон гэж мэдүүлсэн ойлголт биш гэж бодож байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн бодит үнэнд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.М-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.М- нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр У.Б-той маргалдан улмаар нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч,  шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлон зүйлчилж, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М-од холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.М-ын гаргасан “...гэм буруугүйгээр хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан учир шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг бодит үнэнд нийцүүлэн шийдвэрлүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар М.М-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч М.М-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН