Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-02
Тогтоолын дугаар 449
Хэргийн индекс 186/2019/0264/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Я.У
Зүйл заалт 10.1
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

      Я.У-т холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар магадлалтай, Я.У-т холбогдох 1806067141458 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-гийн өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан гомдол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 эгчийн хамт, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 10 дугаар баг, 43 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Л овогт Я-н У-.

Я.У- нь 2018 оны 02 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.З-г байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,  

2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Г.З-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд хамтран амьдрагч Г.З-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн тус шөнө Г.З-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.У-ыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Я.У-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлж, бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Я.У-аас 2,888,300 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос шүүгдэгч Я.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор,...” гэснийг, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4...” гэснийг тус тус хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.У-аас 2,888,300 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.У-аас 2,888,300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-д 1,444,150 төгрөг, Л.Н-д 1,444,150 төгрөгийг тус тус олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Т.Д-...” гэснийг Т.Д-, Л.Н- нар...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Шүүгдэгч Я.У-, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.У- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцээгүй, хэтэрхий 1 талыг барьж шийдвэрлэсэн. Гэм буруутай үйлдэлд тохирсон хариуцлага оногдуулаагүй болно. Гэрчийн мэдүүлэг бүр хэтэрхий нэг талыг барьсан, гүтгэх нөгөөтэйгүүр хүндрүүлэх нөхцөл байдлыг бий болгож, бүх л мэдүүлгийг миний эсрэг болгосон. ...тухайн болсон явдал болон талийгаачийн амь нас хохирсонд маш ихээр харамсаж байна. ...Хуулийн мэдлэггүйн улмаас тухайн үед байцаагчийн хөтөлсөн асуултад хариулсан мөн дарамталж, зодож байцаалтыг хууль бусаар явуулсан. Анх гэрчийн мэдүүлэг өгөх үед байцаагчид 3 залууг хэлж байсан боловч үүнийг шалгаагүй, гэмт хэрэг илрүүлэх нэрийн дор албан тушаалаа хэртүүлэн хэрэглэж байсан. Энэ байдлыг шалгуулах хүсэлтэй байна.

Анх гэрчийн мэдүүлгийг шөнийн 03 цагт, дарамт үзүүлэн өмгөөлөгч оролцуулаагүй авсан. Гэрчийн мэдүүлэг өгөхөд байлцсан Сайнбилэг өмгөөлөгчид камерын бичлэгийг шалгуулъя гэсэн боловч шөнөөр камер харах боломжгүй гэсэн тухайн хяналтын камерыг шалгуулах бүрэн боломжтой байсан. Мөн далангийн ойролцоо голын цаана байх хяналтын камер нь тухайн үеийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүйгээр дүрслэх  байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага огт авч хэлэлцээгүй, хэрэгт ач холбогдолтой зарим зүйлийг шалгаагүй. Мөн хохирогчийн бурууг тогтоосон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй. Надад холбогдох хэрэгт тохирох зүйлчлэл хийгдээгүй. Тухайн хэргийг миний бие үйлдээгүй, болгоомжгүй золгүй явдал болсонд харамсаж байна. ...Хэргийн нөхцөл байдал, ...хувийн байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг шударга ёсонд нийцүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ... Шийтгэх тогтоол, магадлалд ...заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Я.У-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Я.У- нь энэ үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед Я.У-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс гаргасан.

Гэтэл магадлалд шүүгдэгч Я.У-ын өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гээд бичгээр гаргасан гомдлын талаар дурдсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдлын талаар огт дурдаагүй, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар магадлалд тусгалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй”.... гэж заасныг ноцтой зөрчиж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй амь хохирогч Э.Золзаяагийн эх Л.Н-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Арвайхээр аймгийн Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/221 дүгээр захирамжийг үндэслэн Л.Н-г амь хохирогч Г.З-гийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “Хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан, эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэснийг зөрчиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох ёсгүй субъектыг тогтоож хэргийн бодит байдалд нийцэхгүй мэдүүлгийг нь үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Я.У-ын ар гэрийн зүгээс амь хохирогч Г.З-гийн оршуулгын зардалд зориулж 2018 оны 8 сард 2,000,000 төгрөг, мөн давж заалдах шатны шүүх Я.У-аас гаргуулахаар заасан 2,888,300 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болох Т.Д-, Л.Н- нарт төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Т.Д-, Л.Н- нар нь одоо гомдол саналгүй, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд Л.Н-г хохирогчоор тогтоосон бол шүүгдэгчид оногдуулах ял хөнгөрөх боломжтой байсан. Иймд Я.У-т оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж оролцож байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-гийн өмгөөлөгч Р.Шүрхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.З-гийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Д-г тогтоосон нь үндэслэлгүй. Т.Д- нь хохирогч Г.З-, түүний охин Ану-Эрдэнэ нарт огт хамааралгүй этгээд. Л.Н- Г.З-гийн төрсөн ээж нь бөгөөд Г.З-гийн 3 настай охин Ану-Эрдэнийн асран хамгаалагчаар нь зохих журмын дагуу тогтоогдсон эмээ нь юм. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчоор тогтоогдох бүрэн үндэслэлтэй. Оршуулгын зардал ах дүүсийн буяны хандиваар бүтсэн. Г.З-гийн ээж Л.Н- бичиг үсэг мэдэхгүй, ажил мэргэжилгүй, сарын тогтмол орлогогүй, 3 настай зээ охинтойгоо амьдардаг. Хохирогч Г.З- амьд ахуйдаа /хүүхэд төрүүлсний улмаас/ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүү олдохгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг зөвхөн Л.Н-д олгох ёстой. Л.Н- нь Т.Д-г хохирогчоор тогтоолгох хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхэд гаргаагүй байдаг. Анхан шатны шүүх мөрдөгчийн “Т.Д-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тогтоолыг хүчингүй болгоогүй”-г давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. Иймд Т.Д-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг жинхэнэ хохирогч Л.Н-д олгохоор тогтоож өгнө үү. Шүүгдэгч Я.У-т хохирогчийн зүгээс гомдолгүй гэхгүй боловч бүх насаар нь хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөхөд татгалзахгүй гэсэн болно” гэв.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэх заалтыг үндэслэн анхан шатны шүүх торгох ялыг хорих ялаас тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэжээ.

Шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ... ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг заасан байх тухай шаардлагыг хангаагүй байдал нь анхан болон давж заалдах шатны шүүх торгох болон хорих ялуудыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэснээр ялтан нь торгох ялыг хэзээ, ямар байдлаар эдэлж дуусгах нь ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ... хүн ... биелүүлнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн хорин таван жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд ялтан нь оногдуулсан торгох ялыг эдэлж, шүүхийн шийдвэр биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байдалд хүрч, эрүүгийн хариуцлага биелэгдэх зарчим алдагдахад хүрэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн зарчим алдагдахыг үгүйсгэхээргүй байна. Иймд Я.У-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй гэж үзэн торгох ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн хорих ялын хэмжээг тогтоон, бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах.

2. Ялтан Я.У-ын удаа дараагийн гэмт үйлдлээс нь дүгнэхэд ...Г.З-г зодож гэмтээснээ бусдаас байнга нуун далдлах зорилготой байсан нь хэргийн газраас оргон зайлах, бусдаас тусгаарлах зэргээр нь тогтоогдсон, энэ нь талийгаачийн үхлийн шалтгаан болсон нь харагдаж байдаг. Иймд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар буюу “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор,” гэснийг шийтгэх тогтоолд хэвээр үлдээх.

3. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Т.Д-, Л.Н- нарт шийтгэх тогтоолоор хохирлын мөнгө буюу оршуулгын зардал 2,000,000 төгрөгийг Л.Н-д өгсөн, үлдэгдэл 2,888,300 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-д өгөхөөр шийдвэрлэсэн. Ялтан Я.У-аас оршуулгын зардалд нийт 4,888,300 төгрөг төлөх бөгөөд үүнийг Л.Н-, Т.Д- нарт хувь тэнцүүлэн олгох тус тус болно. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.У-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийм учраас хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын зүгээс улсын яллагчийн эсэргүүцлийн 1 дэх заалтыг дэмжихгүй, бусад 2 заалтыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу хорих ялд шилжүүлж, бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэх ёстой байсан. Бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн хүн хорих ангид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас энэ ял биелэгдэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгч Я.У-аас оршуулгын зардалд 2,888,300 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н-, Т.Д- нарт хувь тэнцүүлэн олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эх Л.Н- нь шүүгдэгчийн ар гэрээс 2,000,000 төгрөг авсан талаар мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Я.У-аас оршуулгын зардалд 4,888,300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хохирогч Л.Н-гийн өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн Я.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Я.У-ыг хэд хэдэн удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.З-г байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,  түүнчлэн олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд хамтран амьдрагч Г.З-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн тус шөнө Г.З-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх заалтуудад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Гэтэл хэргийн бодит байдал буюу хохирогч Ж.Золзаяагийн амь нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, өөр өөр агуулга бүхий нотлох баримтыг тоочиж, хуулбарлан Я.У-ын бусдыг санаатай алсан хэргийн үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн шүүгдэгч Я.У-ын гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, түүний үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоон дүгнэлт хийгээгүй, шүүдэгчийн үйлдэлийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ бий эсэхийг нягтлан дүгнээгүй, түүнчлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгаас зөрүүтэй бусад баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байна гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Л.Н-д олгуулахаар тогтоолгох” тухай гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн “...шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хорих ялд дүйцүүлэн хорих ялыг хэмжээг тогтоож, бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэх, ...өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир тус зүйлчлэлийг хэвээр үлдээх, ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөгдсөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгох” тухай эсэргүүцэл зэргийг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Я.У- болон түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-гийн өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан гомдлууд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцэл зэргийг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН