Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 474
Хэргийн индекс 137/2016/0004/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Г-, Б.Т-, Х.Б-, Б.Г-, Б.Т- нар
Зүйл заалт 106.2., 11.1.2.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Г-, Б.Т-, Х.Б-, Б.Г-, Б.Т- нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ж.Чимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 40 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар магадлалтай, Д.Г-, Б.Т-, Х.Б-, Б.Г-, Б.Т- нарт холбогдох 201510010014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 21-нд өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ***, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-н Т-,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 07-нд өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ***, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д-н Г,

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-нд өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б-н Г-,

4. Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 17-нд өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Х-н Б-,

5. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-нд өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бн Т-.

Б.Т-, Д.Г- нар нь бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.М-ын биед хүнд хохирол учруулсан,

Х.Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай тусламж үзүүлэх үүргээ,

Б.Г- нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ,

Б.Т- нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Н.М- нь нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Т-, Д.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Г-, Х.Б-, Б.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-, Б.Г-, Х.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Г- нарыг тус бүр 5  жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-т 1,624,310 төгрөгийг, Х.О-д 1,224,310 төгрөгийг, Б.Насантогтоход 2,934,310 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Т-, Д.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Г-, Х.Б-, Б.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

“Шүүгдэгч Б.Т-, Д.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Г-, Х.Б-, Б.Т- нарыг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-, Б.Г-, Х.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснээс, “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,...” гэснийг хасч,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1” гэж нэмж,

7 дахь заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-т 1,624,310 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-д 1,224,310 төгрөгийг, Б.Насантогтоход 2,934,310 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-аас 684,310 төгрөгийг, шүүгдэгч Д.Г-аас 1,624,310 төгрөгийг, Замын-Үүд сум дахь Нэгдсэн эмнэлгээс 3,474,310 төгрөгийг, нийт 5,782,930 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүрд буюу Х.О-д 1,224,310 төгрөгийг, Х.Б-т 1,624,310 төгрөгийг, Б.Насантогтоход 2,934,310 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Эрдэнэбат, Х.Сэргэлэнбат, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т-, Д.Г- нар 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүх Б.Т-ыг онош буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцсоныг, мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна. ...хавтас хэрэгт оношийг буруу тогтоосон гэх ямар ч баримт байдаггүй. Эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Т- нь үүргээ зохих ёсоор биелүүлж эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартын дагуу өвчтөнг үзэж холбогдох шинжилгээг /рентген зураг/ хийлгэсэн байна гэх дүгнэлт.

2. Шинжээч эмч Н.Батзаяа - Талийгаачид учирсан гэмтлийг компьютер томографийн шинжилгээгээр оношлох боломжтой. Харин энгийн рентген зургаар дээрх гэмтлийг нарийвчлан оношлох боломж байхгүй гэх мэдүүлэг.

3. Шинжээч эмч Ц.Оюун-эрдэнэ-Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт оношлож эмчлэхэд төвөгтэй байсан байна. /Тухайлбал компьютер томограф нугасны шинжилгээгээр оношлогддог гэх мэдүүлэг / 1хх-ийн 197-198/

4. Шинжээч эмч Ц.Ганболд - Талийгаачийн толгойн гэмтлийг тухайн үед буюу шинэ үед нь онош тавих боломжгүй. Үүнийг компьютер томограф MRI шинжилгээ хийж оношлох боломжтой юм. Харин рентген зургаар оношлох боломжгүй талийгаачийн үхэлд хүргэсэн тархины идээт үрэвсэл нь гэмтсэн даруйдаа буюу Замын -Үүд дэх нэгдсэн эмнэлэгт очих үед үүсэхгүй байсан байна. гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188/

5. Их эмч Ө.Хашхүү-Монгол Улсын хэмжээнд сумын эмнэлгийн түвшинд тухайн үрэвслийг эмчлэх боломжгүй гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Нөгөө талаар талийгаач нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим гэмтэл авсан байдаг. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 8 цаг өнгөрч байхад Б.Т- эмчид үзүүлж рентген зураг авхуулж зөвөлгөө аваад 12 цагийн үед гэр лүүгээ явсан байдаг.

Гэтэл талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр олон тооны хугарал гэмтлүүд тогтоогдсон. Тэгэхээр талийгаач бүхэл бүтэн 19 цагийн хугацаанд яагаад эмнэлэгт дахин хандаагүй энэ хооронд хаагуур юу хийж явсан талаар тогтоогоогүй явдал нь өөр байдлаар хаа нэг газар явж байгаад гэмтэл авсан байж болзошгүй хэмээн эргэлзээ төрж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа учраас хэргийг ердийн журмар хянан хэлэлцэнэ гэж байгаа. Прокурор 3 жилийн ял санал болгосон, энэ сонсгосон ялыг шүүх яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй.

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шийтгэх тогттоол, магадлыг хүчингүй болгож Б.Т-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ж.Чимэг хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч Д.Г-тай бүлэглэж талийгаачид хүнд гэмтэл учруулсан талаар мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ” гэж заасны дагуу миний бие гомдол гаргаагүй ч гэсэн давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэлээ гэж үзэж байгаа. Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Гэтэл уг гурван эмч бүлэглэж энэ хэргийг үйлдээгүй. Тус тусын үйлдлээр өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Б.Т- эмчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруугүй, цагаатгаж өгнө үү  гэсэн. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 715 тоот шинжээчийн дүгнэлтэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой гэж гарсан.  н.Одончимэг шинжээчийн ахалсан шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Гэтэл энэ хүмүүс н.Одончимэг эмчийг явсны дараа дахин дүгнэлт гаргаж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн технологи, гавал тархины гэмтлийн оношлогоо эмчилгээ зэрэг стандарт байдаг. Энэ стандартыг боловсруулсан н.Хашхүү эмч дүгнэлт гаргасан байгаа. Стандартын эсрэг мэдүүлэг өгч, дүгнэлт гаргасан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэрвээ уг стандартын дагуу өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байсан бол амь нас аврагдах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Мөн Замын-Үүд суманд 2 дугаар шатны эмнэлэг байдаг. 3 дугаар шатны эмнэлэг нь Дорноговь аймагт байдаг бөгөөд тэндээс түргэн тусламж дуудах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломж байсан. Өөрийнх нь гэмтлийн ерөнхий эмч нь н.Сэргэлэнбат байсан бөгөөд уг эмчийг дуудаж үзүүлэх бүрэн боломж байсан. Иймд шүүгдэгч Б.Т-ийг цагаатгах боломжгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэстэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх гурван эмчийг буруутай гэж үзсэн байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь нухацтай шүүх хэлэлцээд эмч нарыг буруутай байна гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч гавал тархины гэмтэл нь тархины зөөлөн бүрхүүлийн эдэнд нөлөөлж хүндэрсэн. Энэ нь олон эрхтний дутагдалд орж нар барсан. Гавлын суурь яс хугарч, гадна орчинтой харьцсанаас болж тархи нугасны шингэн гадагш хамраар гарч халдвар орсон. Уг гэмтэл нь нэгээс хоёр хоногийн хугацаанд үүснэ гэж дүгнэлт гарсан. Хохирогч амь насанд аюултай хүнд гэмтэл аваад нэн даруй Замын-Үүд сумын яаралтай тусламжийн төвд тусламж авахаар очсон. Гэтэл тэр өдөр жижүүрт гарч байсан эмч, сувилагч нар нь хохирогчид хандахдаа төвөгшөөсөн, дургүйцэж хандсан, хохирогчийн олон цагаар хүлээлгэж суулгасан зэрэг байдлаар өвчтөнтэй харьцсан. Өвчтөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр маш олон гэмтэл авсан байгаа. Б.Т- эмч болон тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч нар толгойдоо амь насанд аюултай гэмтэл авсан хүнд ямар ч эмчилгээ хийгээгүй. Шархыг нь цэвэрлээд ариун боолт хийгээгүй. Уг нь шарханд нь оёдол тавиад, ариун боолт хийж нэн даруй арга хэмжээ авах байсан. Гэтэл ариун боолт хийлгүйгээр эмнэлэг дээр өглөө 08 цаг хүртэл хүлээлгэсэн. Нийт 7 цаг 40 минут эмч нар өвчтөнд хүнд суртал гаргаж хүлээлгэсэн. Ингээд өвчтөнийг амбулаторийн тасаг руу өглөө 08 цагт явуулсан байдаг. Мэс заслын Б.Т- эмч дээр өвчтөн очиход биечлэн үзэлгүйгээр боолт хийлгээд орж ир гээд гаргасан. Рентген зураг авуулах гэтэл нийгмийн даатгалын дэвтэр бөглөөгүй гээд явуулсан. Өвчтөн үнэн учраа хэлээ уйлаад гуйж байгаад рентген зураг авахуулсан. Мэс заслын эмч дээр очиход дотрын эмчрүү яв гэсэн. Ийм байдлаар өдрийн 12 цаг хүртэл эмнэлэг дээр байсан. Түүний дараа өвчтөнг гэрлүү нь явуулсан бөгөөд гэртээ очоод шөнө дунд бие нь муудаад түргэн дуудахад өөрсдөө хүрээд ир, түргэн тусламж очихгүй гээд өвчтөн эмнэлэгт очсон. н.Сэргэлэнбат эмчид үзүүлэхэд яаралтай оношийг хэлдэг. Өвчтөн гэмтлийн эмнэлэгт очоод 1-2 хоногийн дараа нас барсан. Эмнэлгийн байгууллагын хүнд суртал, эмнэлгийн стандарт журмыг ноцтой зөрчсөн, журам стандартаар нь анхан шатны шүүх нарийн хэлэлцсэн. Гэтэл журамд заасан үүргийн биелүүлээгүй хүнд суртал гаргасны улмаас өвчтөнг гэр рүү нь явуулсны улмаас амь нас нь хохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т-, Д.Г- нар нь бүлэглэж хохирогч Н.М-ын зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Шүүгдэгч гурван эмчийн хувьд жижүүр эмчийн үүрэг, мөн мэс заслийн эмчийн үүрэг, Б.Т- нь мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авсан хохирогчийн оношийг буруу тогтоосон, эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. Насанд хүрээгүй хоёр шүүгдэгчийн хувьд талийгаачийг зодсон талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Х.Б-, Б.Г-, Б.Т- нарын хувьд тархиндаа хүнд гэмтэл авсан өвчтөнийг өөр хоорондоо шилжүүлсэн, үзлэг оношлогоо хийгээгүй, эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй зэргээс талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 7 удаагийн дүгнэлт, уг дүгнэлтэд Б.Г-, Б.Т- нарыг хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болохыг зарим дүгнэлт тодорхой заагаагүй боловч, зарим дүгнэлтэд гурван эмч эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн бол хохирогчийн амь нас аврагдах боломжтой байжээ гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нэгдсэн эмнэлгийн эмч нар эмчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-, Б.Т-, Х.Б-, Б.Г-, Б.Т- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Т-, Д.Г- нар нь бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.М-ыг зодож, түүний биед хүнд хохирол учруулсан, харин Х.Б-, Б.Г- Б.Т- нар эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн өвчтөн Н.М-т эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилсэн байна.

Хохирогчийн амь нас хохирсон шалтгаан нь тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл хүндэрсэний улмаас олон эрхтэний дутагдал орсонтой холбоотой болох нь тогтоогдсон байх бөгөөд дээрх гэмтэл нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан талаар анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэсэн байгаа, мөн тархины хүнд гэмтлийн улмаас хүргэгдэн ирсэн өвчтөнийг зохих ёсоор хүлээн авч, өвчтөний түүхийг нээж, шаардлагатай оношлогоо, эмчилгээг зохих ёсоор хийлгүйгээр, тоомжиргүй байдлаар хандан, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх байсан хүнийг, өвчтөнийг гэр лүү нь буцааж эмнэлэгийн бус орчинд өвчлөл хүндрэх, мөн цаг алдахад хүргэсэн нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд эмч нарын эс үйлдэхүй нь хохирогчийн амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой байгаа талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэн нэгэн хүнийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг үйлдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн суурь шаардлага, хууль ёсны зарчим байдаг бөгөөд гагцхүү сүүлд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хууль илүү хөнгөн гэж үзвэл тэрхүү хуулийг хэрэглэхэд хууль буцаан хэрэглэх ойлголтод хамаарах онцгойлсон зохицуулалт үйлчилдэг.

Гэтэл анхан шатны шүүх дээрх зохицуулалтын агуулга, шинж чанарыг буруу ойлгон тайлбарлаж, шүүгдэгч Б.Г-, Х.Б-, Б.Т- нарыг 2002 оны хууль үйлчилж байх үед үйлдсэн хэрэгт буруутган зүйлчлэхдээ хууль буцаан хэрэглэсэн дүгнэлт хийж, харин шүүгдэгч Б.Т-, Д.Г- нарыг 2015 оны Эрүүгийн хууль батлагдахаас өмнө үйлдсэн хэрэгт нь 2015 оны хуульд зааснаар буруутган зүйлчлэхдээ хууль буцаан хэрэглэх үндэслэлийг орхигдуулсан зэрэг хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Г-, Х.Б-, Б.Т- нарын хувьд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн зүйл, заалтыг зөвтгөсөн, тус шүүгдэгч нар болон иргэний хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах хувь хэмжээ, тооцооллыг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин бусдын биед бүлэглэн хүнд хохирол учруулах үедээ 16 нас 3 сар 25 хоногтой байсан Б.Т- болон 17 нас 2 сар 9 хоногтой байсан Д.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдэнд 2015 оны Эрүүгийн хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хэрэглэх талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хангахгүй шийдвэрлэхдээ тогтоол гаргах үед шүүгдэгч нар насанд хүрсэн, зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш юм гэсэн хууль хэрэглээний алдаатай дүгнэлтүүд хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон байх бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодорхойлсон хууль тогтоогчийн томъёолол нь хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр шийдвэрлэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн нэгэн ямар нэгэн заалт хуульчлагдаагүй байхад ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хоригииг зөрчих төдийгүй, түүний хууль ёсны шинжид харшлах болно.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуульд тусгасан дээрх зохицуулалт нь өсвөр насны хүний хувьд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, шаардлагад нийцүүлж шүүгдэгч Б.Т-, Д.Г- нарт оногдуулсан хорих ялд холбогдох өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “...Б.Т-ийг гэм буруугүйд тооцож өгнө үү”  гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 40 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Хэрээд овогт Борын Т-, Охин овогт Доржсэмбийн Г- нарт 5 /тав/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж тус бүрийн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН