Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-17
Тогтоолын дугаар 174
Хэргийн индекс 106/2016/0250/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нар
Зүйл заалт 091.2.2, 091.2.11, 181.2.1, 181.2.5.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Н.Буянбаатар Н.Энхбаатар Г.Түмэнжаргал

Д.Амарсанаа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, Ө.Алтангадас, Н.Дэмбэрэлдагва,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн,

Хохирогч Г.Золжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нармандах,

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар магадлалтай, 2014260004901 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Алтангадас, Г.Тунгалаг, Н.Номин-Эрдэнэ нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Бэрсүүд овогт Нарантуяагийн Буянбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж, хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж, хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад зааснаар Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарыг 16 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарын тус бүр 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарт оногдуулсан хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Энхбаатарын цагдан хоригдсон нийт 55 хоногийг, Н.Буянбаатарын цагдан хоригдсон нийт 272 хоногийг, Г.Түмэнжаргалын цагдан хоригдсон нийт 41 хоногийг, Д.Амарсанаагийн цагдан хоригдсон нийт 134 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буянбаатараас 2.751.626 төгрөгийг, шүүгдэгч Н.Энхбаатараас 2.751.626 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 5.503.252 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золжаргалд олгохоор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэнжаргалаас 732.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сунравт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Сунравын нэхэмжлэлээс 68.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Амарсанаад оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Д.Амарсанаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Г.Түмэнжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 9 дэх заалтуудын “...510 дугаар зүйлийн 510.1...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Буянбаатар Н.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Алтангадас, Д.Баттулга, Н.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Г.Тунгалаг, Ө.Алтангадас, Н.Дэмбэрэлдагва, Д.Доржсүрэн, Д.Нармандах нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Н.Энхбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэрүүл зодооныг тагтан дээрээс харж байснаас өөр байдлаар энэ хэрэгт огт хамааралгүй. Энэ талаар Д.Амарсанаа, Б.Баттулга, Д.Баасанжав, П.Алтантүлхүүр, Х.Уртнасан, Г.Түмэнжаргал, Ган-Оргил, Г.Сунрав хүртэл зодоон болсон газар ийм хүн харагдаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл зөвхөн 1 гэрчийн мэдүүлгээр хэлмэгдүүлж, хүчээр ял тулгуулж байгаадаа гомдолтой байна. Хөндлөнгөөс тагтан дээр болсон зүйлийг харснаа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсээр байхад хэрэгт хүчээр холбогдуулж байна.

Гэрч гэх Ц.Алтанцэцэг улаан кепкэн малгайтай танихгүй хүн цохисон гэж анх мэдүүлсэн мөртлөө намайг шалгаж эхэлсэн үеэс Н.Энхбаатар цохисон би түүнийг танина гэх зэргээр гүтгээд эхэлсэн. Амарсанаагийнд очиход байсан гэх боловч тэр үед би тэнд байгаагүй, тэр намайг танихгүй гэдэг талаар бусад гэрчүүд ч хэлдэг. Талийгаачийг цохисон гэх хүний талаар гэрч Б.Баттулга шүүх хуралдаан дээр мэдүүлсэн боловч анхаараагүй, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах ажиллагаа хийгээгүй. Хэрэг гарсан газар руу харсан камерын бичлэгийг авалгүй огт өөр 12-р камерын бичлэгийг авсан байдаг. Миний бие энэ хэрэгт огт хамааралгүй, хэрэв үнэн шударга ёс гэж байдаг бол үнэн зөвийг олж өгч туслаач гэж өргөдөл, гомдол бичлээ” гэжээ.

Шүүгдэгч Н.Буянбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол үндэслэл муутай хэргийн бодит байдалтай нийцээгүй гарсан. Миний бие хэрүүл маргааныг салгаснаас өөрөөр хэрэгт оролцоо байхгүй. Зөвхөн гэрч Ц.Алтанцэцэгийн олон удаагийн тогтворгүй худал мэдүүлэгт үндэслэн яллаж, эрхийг минь зөрчиж байна. Гэрч Б.Баттулга талийгаачийг өөр хүн зодсон байж болох талаар чухал ач холбогдолтой мэдүүлэг өгсөөр байхад авч хэлэлцэлгүй орхигдуулсан. Гэтэл тэр өдөр 6-7 шил архи уусан гэх гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь ойлгомжгүй. Гэрч П.Алтантүлхүүр, Ц.Алтанцэцэг, Б.Баттулга, Д.Баасанжав нар анхны мэдүүлэг өгөхдөө “цагаан машин”-ы талаар ярихад мөрдөн байцаагч “битгий худал зүйл зохиож яриад бай” хэмээн хэлсэн зүйлийг бүтнээр нь тэмдэглэлгүй тулган байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байдаг. Дээрх гэрч нараас Ц.Алтанцэцэгээс бусад нь уг мэдүүлгээ дэс дараалалтай тодорхой ярьдаг. Гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлгийг бусад мэдүүлгээс илүү ач холбогдолтой гэж үнэлсэн нь учир дутагдалтай. Гэрч Баттулгын хувьд намайг өмөөрч, өөрийгөө эрсдэлд оруулан цохисон, зодсон хүнийг  нэр усаар нь хэлэх гүтгэх шаардлагагүй. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэлсэн мэдүүлгийг шалгаж үзээгүй нь ойлгомжгүй. Ц.Алтанцэцэгтэй Г.Түмэнжаргалын утаснаас болж хэрэг гарсны маргааш маргалдахад занаж байсан. Гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг бол цэвэр гүтгэлэг. Хэрэгт ач холбогдолтой байж болох камерын бичлэгийг хэд хоногийн дараа авч бэхжүүлсэн гэх боловч ямар ч хамааралгүй 12-р камерын бичлэгийг хавсаргасан байсан. Хэрэг гарсан газрын тодорхой харж болох камеруудын бичлэгийг шалгуулах олон удаагийн хүсэлт гаргаж прокурор хүсэлт хангах хариу өгсөн боловч Мөрдөн байцаалтад хангаж өгөөгүй. Гэрч Х.Уртнасан байрны ойр орчимд хангалттай олон камертай сайн ажилладаг талаар мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч ур чадвар дутагдсан уу. Өөр хүчин зүйл нөлөөлсөн үү шалгалгүй орхигдуулсан. Миний бие хэлмэгдэж байгаа тул дахин сайн нягталж шалгаж өгнө үү”  гэжээ.

Шүүгдэгч Н.Буянбаатарын өмгөөлөгч Ө.Алтангадас хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1. Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарыг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. 2. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой байсан. 3. Анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжид дурдсан гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6 дах хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоох гэсэн заалтыг биелүүлээгүй. Мөн яллагдагч нарын үйлдэл, оролцоо, хэн нь хэрхэн үйлдсэн зэргийг ялгамжтай тогтоох, цаг хугацааг ялгамжтай тогтоох шаардлагатай гэсэн заалтыг мөрдөн байцаагч, прокурор биелүүлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 болон 318 дугаар зүйлийн  318.1.3 шаардлагыг зөрчсөн байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шийдвэр гаргана уу...” гэжээ.

Шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарын өмгөөлөгч Г.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэлт хийж чадаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 13, 16 дугаар зүйлүүдийг зөрчсөн.

-Г.Баянжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг хэн үйлдсэнийг зөв тогтоож чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

-Хэрэгт хувийн сонирхолтой оролцогч этгээд болох Ц.Алтанцэцэг, Г.Сунрав нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3, 296 дугаар зүйлийн 296.1, 319 дүгээр зүйлийн 319.1.3 заалтыг тус тус зөрчсөн.

-Дээрх гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй болохыг баталж байгаа хэргийн талаар өөр зүйл ярьсан гэрч Г.Отгонжаргал, Э.Алтантогос, Н.Алтансар, шүүгдэгч Г.Түмэнжаргал нарын мэдүүлгийг анхаарч дүгнэлт хийгээгүй.

-Хэргийн үйл баримтын талаар өөр зүйл мэдүүлсэн/цагаан машинтай хүмүүс байсан гэх/ гэрч Б.Баттулга мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг яагаад зөрүүтэй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа мөрдөн байцаалтын шатанд дарамт шахалтад дор мэдүүлэг өгсөн гэж хууль зөрчсөн байж болох асуудлын талаар мэдүүлснийг дүгнэлгүй орхисон нь хууль зөрчсөн.

-Хэргийн талаар мэдүүлэг өгсөн С.Энхтайваны мэдүүлэгт дурдсан талийгаачийг хэн зодсон талаарх эргэлзээтэй зүйлийг мөрдөн байцаалтын шатанд бусад оролцогчоос тодруулж шалгаагүй, шүүх дүгнэлт хийгээгүй.

-Шүүгдэгч Д.Амарсанаагийн мэдүүлсэн Г.Сунравыг Г.Түмэнжаргал цохиж байсан үйлдлийг тухайн үед их согтолттой байсан гэрч Ц.Алтанцэцэг андуурч байж болзошгүй байгааг шалгах шаардлагатай байна.

-Г.Сунравын мэдүүлэгт байгаа талийгаачийг эхэлж цохисон хүний үйлдлийг шалгалгүй орхигдуулсан.

-Гэрч Ц.Алтанцэцэг шүүгдэгч Н.Энхбаатарыг таньсан гээд байгаа нь худал мэдүүлэг болохыг гэрч Ган-Очирын мэдүүлэг баталж байгааг анхаараагүй.

-Ц.Алтанцэцэгийн мэдүүлгийг баталсан нотлох баримт хэрэгт байхгүй. Бусад гэрчүүдийн хэн нь ч талийгаачийг хэн хэрхэн зодсоныг хараагүй байдаг.

-Байрны камерын бичлэг үзлэг хийхээс өмнө алга болсон. Хэргийн газрын үзлэгийг хугацаа алдаж, гүйцэд биш хийсэн.    

-Хэргийн газрын орчмыг тодорхойлж болох 12-р камерын бичлэгийг аваагүй, хувийн байдлын хувьд эргэлзээтэй/архаг архичин, тогтвортой амьдрал байхгүй/ Ц.Алтанцэцэг, Г.Сунрав нарын мэдүүлгийг нягтлалгүй үнэн гэж үзэж, өөрийн гэм буруугүйг нотлох баримтыг эрж олох гэсэн шүүгдэгчийн үйлдлийг бусдыг дарамталсан мэт буруутган дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан ажиллагаа болсон.

-Иймд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн дагуу зөв үнэлж дүгнээгүй, хэргийн нөхцөл байдал, гэрч хохирогч нарын мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

-Шинжээчдийн 23 тоот давтан дүгнэлтэд “..үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлийг хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж заасан. Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул нарын мэдүүлэгт “..гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүссэн..” гэснээс харахад шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээр тогтоох ёстой байсныг шалгаж тогтоогоогүй байна.

-Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарын танхайн сэдэлтээр бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэх үйлдэл нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шийтгэх тогтоол, магадлалд дурдаагүй. Ц.Алтанцэцэгийн мэдүүлгээр талийгаачийг 3-4 хүн зодсон байхад хэн нь хаана гэмтэл учруулсныг тогтоогоогүй, хохирогч гэх Г.Сунравын танхайрсан үйлдлийг шалгаагүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

-Хэрэг гарсан Тэмүүлэл хотхоны камерын бичлэгт үзлэг хийхэд өмгөөлөгчийг оролцуулах прокурорын тогтоолыг хэрэгжүүлэлгүй, уг байрнуудын 8 камераас зөвхөн 1-д үзлэг хийсэн. Хэрэгт ач холбогдолтой, гол нотлох баримтыг бэхжүүлж аваагүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байхад анхаарч үзээгүй нь шийдвэрүүд хууль бус болохыг нотолж байна.

-Гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байхад үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа цөөнгүй зүйлс байна.

-Манай найз нас барчихлаа та нарыг бүгдийг чирнэ гэж Ц.Алтанцэцэг хэлсэн талаар Г.Түмэнжаргал удаа дараа мэдүүлсээр байхад энэ мэдүүлэг үнэн зөв эсэх талаар шалгалгүй, Ц.Алтанцэцэгийн эргэлзээтэй мэдүүлгээр яллаж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчин онц хүнд хэрэгт хэлмэгдүүлж байна.

-Шүүгдэгч Н.Энхбаатар, Н.Буянбаатар нар талийгаачийг огт танихгүй, түүнтэй найз нөхдийн холбоогүй байхад “...талийгаач би найздаа зодуулсан, цагдаад мэдэгдэх шаардлагагүй гэж хэлсэн” гэх гэрч Н.Алтансарын мэдүүлэг ямар учиртай болохыг шалгаагүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  ноцтой зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Амарсанаагийн өмгөөлөгч Н.Пүрэвдагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул хэлэх саналгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч Г.Сунравыг гүтгэсэн асуудал удаа дараа гарч байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө айсан гэдгээ хэлдэг. Айх үндэслэл байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад гэрч Ц.Алтанцэцэгийг дарамталсан гэсэн мэдээлэл байдаг. Г.Сунравын ар гэр рүү залгаж, уулзах хэрэгтэй байна гэх мэтээр нөлөөлөхийг оролдсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Өмгөөлөгч өөрөө байцаан шийтгэх ажиллагаанд нотлох баримт гаргаж өгөх, мөн мөрдөн байцаагчийг солих хүсэлтээ гаргаж өгөх эрхтэй байтал энэ талаар мэдээлэл байхгүй байна. 1 камерын бичлэг хурааж авсан гэж байна. Өөр бичлэг гаргаж өгөх эрх байсан. Нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь хуулиар хориглоогүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Уг хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудын талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, үйлдэл, холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй байх тул хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1718 дугаар захирамжид заасан заалтуудыг биелүүлээгүй, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүйгээр прокурор дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал гэмт хэрэг гарсан байдал, гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, гэм буруугийн хэлбэрийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгах талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэрэг маргааныг хэн эхэлж өдүүлсэн, оролцсон хүмүүсийн үйлдэл, оролцооны талаарх байдлыг тогтоох ажиллагааг хийхдээ, хэргийн оролцогч нарын алиных нь мэдүүлэг бодит үнэн байж болохыг зөв тодорхойлж, холбогдох шалгалтыг оновчтой хийгээгүйгээс хэрэг маргааныг хэн эхлүүлсэн, хэн ямар үйлдэл хийсэн, гэмт хэрэгт оролцсон гэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, мөн маргаан зодооны шалтгаан, өрнөл, дэс дарааллын талаар хэргийн оролцогч нарын хэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өөр өөр зүйл мэдүүлсэн нь хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгожээ. 

Хохирогч Г.Баянжаргалын амь насыг шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар  нар хохироосон гэх үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Ц.Алтанцэцэг, хохирогч Г.Сунрав нарын мэдүүлэг, мөн хохирогч нар цагаан өнгийн автомашинтай өөр залуустай зодоон хийсэн байж болох үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Баттулга, Д.Баасанжав, П.Алтантүлхүүр, шүүгдэгч Н.Энхбаатар нарын мэдүүлэг, түүнчлэн хэрэг үйлдсэн орон зайд, ойролцоо цаг хугацаанд шүүгдэгч нараас өөр хүмүүс хохирогчийн хамт явсан хүмүүстэй зодоон хийсэн байж болох үйл баримтын талаарх насанд хүрээгүй гэрч О.Төгөлдөрийн мэдүүлсэн мэдүүлгийн аль нь үнэн зөв эсэхийг магадлах мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж, мэдүүлгүүдийн ноцтой зөрүүг арилгалгүйгээр зарим гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж, бусдыг нь хэрхэн үгүйсгэж буй үндэслэлээ дурдаагүй, түүнчлэн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул нар нь амь хохирогчид учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж мэдүүлсэн байхад үүнд дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хэргийн үйл баримтыг нэг мөр, хангалттай тогтоож чадаагүй, мөн хэрэгт ач холбогдолтой байж болох үйл баримтын талаар илтэд зөрүүтэй мэдүүлж буй шалтгаан нөхцөлийн талаар бодитой дүгнэлт хийж, хохирогч нарын үйлдэл, зан байдал, оролцоог зөв тогтоон хууль зүйн дүгнэлт өгөх, гэрчүүдийн хувийн байдал, хэрэгт хувийн сонирхолтой байж болох зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох, гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв эсэхийг хуульд заасан арга хэрэгслүүд ашиглан шалгах, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцоог нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотолж тогтоох үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж явуулах нь зүйтэй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Алтангадас, Г.Тунгалаг, Н.Номин-Эрдэнэ нарын гомдлыг хүлээн авч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Амарсанаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Г.Түмэнжаргал нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                       ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН