Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-28
Тогтоолын дугаар 190
Хэргийн индекс 105/2016/0419/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ
Зүйл заалт 181.3.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Отгон-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 343 дугаар магадлалтай, 201525031813 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 5 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Загастай овогт Болдбаатарын Отгон-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайран гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Отгон-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Алтанцол нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь 1998 оноос хойш шоронгоор явсан хүн. Зан араншингийн хувьд маш түргэн ааштай, харгис хэрцгий зантай. Ийм хүнийг айлгана гэж бодсондоо одоо харамсаж байна. Хохирогч Ц.Бат-Эрдэнийг би огт зүсч гэмтээгээгүй, гар ч хүрээгүй. Үүнийгээ мөрдөн байцаалтаас эхлээд өдийг хүртэл хэлсэн. Ц.Бат-Эрдэнэ нь мөнгө олох гэсэн зорилгын хувьд удаа дараа янз бүрийн тогтворгүй мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Бат-Эрдэнэ нь маш догшин харгис хүн болох нь тухайн хэрэг болсноос хэд хоногийн дараа төрсөн дүү Ц.Батзоригийн цээжинд есөн удаа хутгалсан явдал нь харуулна. Мөнгө авах зорилгоор гүтгэж ийм байдалд хүргэж байгаад нь маш их харамсаж байна. Иймд хэргийг сайтар нягтлан үзэж нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 04-ээс 05-нд шилжих шөнө иргэн Ц.Бат-Эрдэнийн хоолойд нь заазуур тулгасныг өөрийн амийг хорлох гээд зүрх, зориг хүрээгүй тул ингэх болсон гэж мэдүүлж, түүнийг хэрэггүй, би ч энэ замаар явж хохирч байна гэснээр ухаарал аван, уучлал гуйж өөрийн хийх гэж байсан үйлдлээс төгс татгалзсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураар төгс татгалзсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, завдалтыг танхайрсан гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар хүнд ял шийтгэл хүлээлгээд байна. Б.Отгон-Эрдэнэ нь гэмт үйлдлээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч энэ үйлдлээ үргэлжлүүлэхээс төгс татгалзсан нь ялтны өөрийн мэдүүлэг, Э.Өрнөхбатыг хориглон зогсоосон болон хохирогчоос уучлалт хүсэж, гар барилцан, ухаарал авсан тухай хохирогч мэдүүлж байгаа зэргээр тогтоогдсон гэж үзэж байна. Б.Отгон-Эрдэний үйлдэл хийх болсон сэдэлт, түүнийг гэмт хэрэг, үйлдлээс төгс татгалзсан болохыг зөв дүгнэн Эрүүгийн хууль болон гэм буруугийн талаар эргэлзээг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар хандахыг хүсэж байна.” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Б.Отгон-Эрдэнэ нь зэвсэг хэрэглэхээс татгалзсан бол тухайн хүний хүзүүнд зүсэгдсэн шарх үүсэхгүй байх байсан.  Хохирогчийн хувийн байдлын хувьд удаа дараа ял шийтгэгдсэн гэх боловч гэмт хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдоггүй. Харин ч шүүгдэгчийн гэм буруутай болох нь эсрэгээрээ хангалттай нотлогдон тогтоогддог. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл болон хэргийн зүйлчлэл тохирсон, шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 32 дугаар гудамжинд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж Ц.Бат-Эрдэнийн хоолойг нь зүсч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Бат-Эрдэнэ, гэрч Д.Баттөр, Г.Мөнхнаран, Т.Түмэнбаяр, Б.Шинэбаяр, Э.Өрнөхбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Отгон-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Б.Отгон-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ нь онцлох учир шалтгаангүйгээр хохирогч Ц.Бат-Эрдэнэд хүч хэрэглэн халдаж заазуураар хоолойг нь зүсэж хөнгөн гэмтээсэн нь зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэргийн төгс үйлдэл байх бөгөөд танхайн үйлдлээ цаашид үргэлжлүүлэлгүй зогсоосныг уг гэмт хэргийг үйлдэхээс төгс татгалзсан гэж үзэхгүй.

Харин зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг туйлдаа хүрсэн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд гэмт үйлдлээ үргэлжлүүлэхээс татгалзсаныг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 343 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Отгон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                      Ч.ХОСБАЯР