Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-28
Тогтоолын дугаар 191
Хэргийн индекс 129/2015/0069/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Л.Пүрэвжүгдэр
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Пүрэвжүгдэрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ц.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар магадлалтай, 20901313 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Пүрэвжүгдэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Пүрэвжүгдэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Пүрэвжүгдэр, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Наранцэцэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнбилэг, өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ц.Бат-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Энэ нь санаатайгаар амь нас хохироосон гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн дараах байдлаар үгүйсгэгдэж байхад түүнийг онц хүнд гэмт хэргээр шийтгэлээ. Энэ нь хохирогч талийгаач Б.Булганбат нь 2009 оны 8 дугаар сарын 23-нд хэвлийдээ хүнд гэмтэлтэй Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод 2 удаагийн хагалгаанд орж 5 хоногийн дараа хэвлийн хөндийн үхжилт идээт үрэвсэл, гэдэсний хана чацархайд үхжил үүсэн, гүн хордлогод орж нас барсан байдаг. Энэ асуудлаар 7 удаагийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Энэ бүх дүгнэлт нь нас барсан шалтгаан нь хэвлийн хөндийн идээт үрэвсэл, гэдэсний хана чацархайд үхжил үүсч гүн хордлогод орж нас барсныг үгүйсгээгүй. Гэтэл шүүх яагаад идээт үрэвсэл болсон, үхжил үүссэнийг Л.Пүрэвжүгдэрийн шууд буруугаас болж амь нас хохирсон гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Л.Пүрэвжүгдэр нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтаар тогтоогддог бөгөөд өөрөө энэ гэм буруугаа хүлээдэг. Иймд Л.Пүрэвжүгдэрийн үйлдэл, талийгаач Б.Булганбатын нас барсан хоёрын хооронд шууд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхээс Л.Пүрэвжүгдэрийг бусдын амь насыг санаатай хохироосон гэж зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчилж, Л.Пүрэвжүгдэрт бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгтээ Л.Пүрэвжүгдэрийн гэм буруу нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 36, 71, 112, 469 дугаар дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдож байх тул өмгөөлөгч нарын санал няцаагдаж байна гэжээ. Гэтэл 71 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: а. Хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсч, чацархайд үхжил үүсэн хүндэрснээр бие махбодийн ерөнхий гүнзгий хордлогод орж нас баржээ. б. Б.Булганбатын гэмтлийг цаг алдалгүй оношилж чадаагүй, эмнэлэгт хэвтсэнээс нь хойш 2 хоногийн дараа буюу 2009 оны 8 дугаар сарын 26-нд хэвлийн хөндийг нээж шалгах мэс засал хийжээ. в. Хэрвээ өвчтөнийг цаг алдалгүй оношилж, яаралтай зохих тусламжийг үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой гэжээ. Шүүх эмнэлгийн 112 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 8. Гэмтлийн улмаас хэвлийн гялтан түгээмэл үрэвсэж гэдэсний хана чацархайд үхжил үүсэн хүндэрснээс гүн хордлогод орж нас баржээ. 9. Хагалгааг хэт цаг оройтсоноос хүндрэл үүссэн байна. 10. Цаг алдалгүй яаралтай хагалгаанд орсон бол амь насыг аврах боломжтой байсан. 11. Эхний хагалгаа цаг алдаж орсон учир 2 дахь хагалгаа үр дүнгүй болсон байна. Шүүх эмнэлгийн 469 дүгээр дүгнэлтэнд: 2.Булганбатад учирсан гэмтлийн 2-р шатлалд бүрэн оношлогдох боломж муу, оношлоход ангиографци, тодосгогчтой КТГ, MRI, Ангиографийн аппарат тоног төхөөрөмж байгаагүй байна. 5. Б.Булганбатад үүссэн хүндрэл нь анхны мэс заслын дараа үүссэн байна. 7 Үхжилийг 2-р шатлалд оношлох боломж хомс. 8. Аймгийн эмнэлэгт КТГ, MRI, Ангиографийн аппарат тоног төхөөрөмж байгаагүй байна зэрэг дүгнэлтүүдээс харахад хэрвээ аймгийн нэгдсэн эмнэлэгт аппарат тоног төхөөрөмж байсан, мөн цаг алдалгүй мэс засал хийсэн бол талийгаач Б.Булганбат нь амь аврагдах боломжтой байсан байдал харагдаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүх шинжилгээний 112 дугаар дүгнэлт, мэс заслын мэргэжлийн шинжээчдийн 469 дүгээр дүгнэлтээр давж заалдах гомдол няцаагдаж байна гэжээ. Гэтэл энэ дүгнэлтүүдэд: Эмч эмнэлгийн байгууллага буруугүй ч санхүүжилт, багаж тоног төхөөрөмжөөр хангаагүй этгээдүүд буруутай гэсэн дүгнэлт гарсан байгаа нь Л.Пүрэвжүгдэрийг 100 хувь буруутгах үндэслэл няцаагдаж байгаа тул дээрх нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлж Л.Пүрэвжүгдэрт зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Энэ хэргийн холбогдогч Л.Пүрэвжүгдэр нь 2009 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд өөрийн унаж явсан морийг амь хохирогч Булганбат нь унаснаас болж харилцан маргалдаж, хохирогчийн хууль бус үйлдэл, түүний Пүрэвжүгдэрийн нүүр лүү нулимсан, мөн дээрээс дарж унаад өмсөж явсан фудволкны захаар хоолойг нь бооход Пүрэвжүгдэрийн санаа сэтгэл нь хүчтэй цочролд орж хоромхон зуур өөртөө хяналт тавих чадваргүй болж 1 удаа хэвлий тус газар нь өшиглөж гэмтэл учруулсан байдаг юм. Энэ үйлд явдал нь гэмт хэрэг гарах үед нь дэргэд нь байсан гэрчүүд болох И.Шаравдорж, Ө.Батсүх, О.Нямдалай нарын мэдүүлгүүдээр хангалттай эргэлзээгүй нотлогддог юм. Л.Пүрэвжүгдэрийн энэ гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, оногдуулсан ял, дэглэмийг хөнгөлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Пүрэвжүгдэр нь 2009 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах даатгалын байрны хойд талд Б.Булганбаттай маргалдаж түүний хэвлийн тус газарт нь өшиглөсний улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Батрэнцэн, С.Цэцэглэн, Д.Мөнхцэцэг, гэрч О.Батбаатар,  О.Нямдалай, И.Шаравдорж, Ө.Батсүх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Л.Пүрэвжүгдэрт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Л.Пүрэвжүгдэрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг. Энэ тохиолдолд өвчтөн эмчлүүлээгүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ оношлогооны буруутай үйлдэл байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Харин учрах үедээ хохирогчийн амь биед ноцтой, аюултай байдал үүсгээгүй буюу хөнгөн, хүндэвтэр гэмтлийн улмаас завсрын шалтгаанаар тухайлбал хоёрдагч халдварын үжлээр хохирогч нас барсан тохиолдолд хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэхгүй.

Хохирогч Б.Булганбат нь хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, чацархайн цус хуралт, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн бөөрний няцрал гэмтлээс явцаараа хэвлийн гялтангийн идээт үрэвсэл, гэдэсний хана, чацархайд үхжил үүссэн хүндрэлийн хэлбэрээр бие махбодийн ерөнхий гүнзгий хордлогод орж нас барсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчид хэвлийн битүү гэмтэл учирснаас хоёр хоногийн дараа хийсэн эхний мэс заслаас хойш гэмтлийн гаралтай цусан бүлэнгийн бөглөрөл, чацархайн шигдээст үхжлээр хүндэрч хоёр дахь мэс засалд орсон боловч хэвлийн хөндийн үжил, идээт үрэвслээс үүссэн гүнзгий хордлого, олон эрхтний дутагдал оноштойгоор нас барсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн олон удаагийн дүгнэлтэд зөрүүгүй тэмдэглэгджээ. Иймээс хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хүндрэлийг оношлосон, мэс засал хийсэн эмч нарыг буруутгах үндэслэлгүй.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн субъектив тал нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа мэдэж байх явдал бөгөөд Л.Пүрэвжүгдэр өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд ноцтой хор уршиг учрахыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнд зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Пүрэвжүгдэр хохирогч морийг нь өгөөгүй, нулимсан гэх боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан хүчээр дарлаж хүндээр доромжлох, хүнд хор уршиг учруулах гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд Л.Пүрэвжүгдэрийг хүчтэй цочрон давчдсаны улмаас хохирогчийг алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг өөрчлөх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР