Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-17
Тогтоолын дугаар 170
Хэргийн индекс 105/2016/0265/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ж.Батсайхан
Зүйл заалт 181.3.
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ж.Батсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 319 дүгээр магадлалтай, 201525012646 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жамсрангийн Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Батсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханаас 361,016 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бямбарэнцэнд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Д.Саранчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь олон нийтийн газар орчин тойрны хүмүүсийн тайван байдлыг алдагдуулдаг. Батсайхан нь хохирогч Бямбарэнцэнг гэртээ оруулж хонуулахаар зөвшөөрсөн байгаа нь өмнө нь тэд бие биенийгээ мэддэг, таньдаг байсан, хөршүүд бөгөөд тэдний хооронд энгийн харилцаа хэдийнээ үүссэн байсан, гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн болох нь хэргээс харагддаг. Хохирогчийн мэдүүлэг илт хоорондоо зөрүүтэй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Хохирогч Г.Бямбарэнцэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд нотариатаар гэрчлүүлэн гаргасан тодорхойлолтондоо “миний бие жоохон архи уусан үедээ худал мэдүүлэг өгснөөр ийм асуудал үүссэн, Ж.Батсайхан нь хохирч ял шийтгэл авсан байна” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй. Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээс тодорхой сэдэлтээрээ ялгаатайгаар зүйлчлэгддэг. Ж.Батсайханд холбогдох хэргийн субъектив талын шинж нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байхад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хүндрүүлсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Батсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... тухайн үед би согтуу байсан учраас үйл явдлыг сайн санахгүй байна. Хэдийгээр би санахгүй байгаа боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Би хүнд өвчтэй, өдөр болгон цээжнээс цус гарч, уушгины хавдартай, ам бүл хоёулханаа, охины хамт амьдардаг. Охин маань насанд хүрээгүй, харж хандах хүнгүй. Иймд миний хийсэн үйлдэлд зүйлчлэлийг хөнгөрүүлж, хуульд заасан хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч Батсайхан нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1889 тоот өөрийн гэртээ согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн шилний хагархайгаар хохирогчийн хүзүүн тус газар цохиж, гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Ж.Батсайханд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын явцад мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батсайхан Г.Бямбарэнцэнд гэмтэл учруулж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект гэмт халдлагад өртсөн эсэх, хэрэв ... өртөгдсөн гэж үзвэл хэрхэн нотлогдож байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Хохирогч Г.Бямбарэнцэн нь “Ж.Батсайхан намайг шилээр хатгасан” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар уг мэдүүлгийн эх сурвалжийг магадлах, харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах зэргээр шалгах ажиллагааг хууль ёсоор хийгээгүй, хэт нэг талыг баримталжээ.

Эд мөрийн баримт болох шилэн дээрээс цус илэрсэн боловч уг цус хохирогч болон шүүгдэгчийн хэнийх нь цус болох талаар ямар нэг байцаан шийтгэх ажиллагаа явагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гартаа цонхны хагархай шил барьж байгаад хохирогчийн хүзүүний 1-р нугалам дагзны завсар хүртэлх гүн шарх учруулахдаа гар нь гэмтэх боломжтой эсэхийг дүгнэхэд дээрх ажиллагаа ач холбогдолтой бөгөөд мэдүүлгийн эх сурвалжийг хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан шалгах нь яллах болон цагаатгах талын нотлох баримтын аль алиныг цуглуулж бэхжүүлэх хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Дээрхээс гадна анхан шатны шүүх гэмт хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх үйл баримтыг “Ж.Батсайхан нь Г.Бямбарэнцэнгийн ар хүзүүн тус газарт шилний хагархайг зэвсгийн чанартайгаар ашиглан хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан” гэж анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдлыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.3 дахь хэсгийг зөрчсөн нь шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Ийнхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд илэрсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Батсайханы “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”, түүний өмгөөлөгч Д.Саранчимэгийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 319 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Батсайханд холбогдох эрүүгийн 201525012646 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, Ж.Батсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                           Д.ГАНЗОРИГ