Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-22
Тогтоолын дугаар 177
Хэргийн индекс 204/2016/0078/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Баярмагнай
Зүйл заалт 145.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Баярмагнайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар магадлалтай, 201415000218 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Сартуул овогт Бадамхандын Баярмагнай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баярмагнайг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Б.Баярмагнайд 21,700 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /жил/ 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярмагнайд оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялаас 2 жилийг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоног хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан 2000 төгрөгийг хураан улсын орлого болгож, Б.Баярмагнай нь хохирогч Г.Лхагвасүрэнд 5,995,000 төгрөг, Д.Бүдбазарт 2,560,000 төгрөгийг төлсөн, хохирогч Т.Цолмонбаатар, Б.Бадарч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Бадарч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас хохирогч Б.Золзаяад 9,890,000 төгрөгийг, Г.Лхагвадоржид 6,155,000 төгрөгийг, Д.Бүдбазарт 1,384,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Баасаннямд 300,000 төгрөгийг, З.Пүрэвжаргалд 230,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Баярмагнай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс миний гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд зохих хариулт өгч чадаагүй бөгөөд гомдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд дурдаагүй. Шинжээчийн 58 дугаар дүгнэлтийг танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.12, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д зааснаар нотлох чадвараа алдсан. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэлд нотлох баримт болж тодорхойлогдсон нь хууль ёсны тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт учруулсан хохирлын талаар тодорхой дурдаагүй, ойлгомжгүй, чухам ямар эд хөрөнгийг хэчнээн тоо ширхгээр хулгайлсан, хэнд хохирол учруулсан зэрэг байдлууд тодорхойгүй байгаа нь яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөрдөн байцаагч Ш.Жангарт төлбөрийн чадваргүйн улмаас томилолтын өмгөөлөгчөөр хангагдах хүсэлт, гомдлууд гаргаж байсан бөгөөд түүнийг хангах эсэхийг шийдвэрлэх хангалттай хугацаа байсан боловч шийдвэрлэлгүй өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн. ... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан мэдүүлгүүд алга болсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсгийг зөрчсөн. Хохирогч нарын алдсан гар утаснууд дагалдах эд зүйлтэйгээ шинэ гар утас байсан эсэхийг тогтоогоогүй байж хуучин гар утаснуудыг шинэ гэж үзэн үнэлгээ гаргасан нь хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, бусад байдлыг тогтоогоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.5 дахь заалтын шаардлагыг зөрчиж шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гараагүй. Хохирлын үнэлгээ зах зээлийн бодит байдлаас хэт өндөр, илтэд худал дүгнэлт гаргасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгуулах талаар зохих арга хэмжээ аваагүй байх тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс намайг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ялтай байх хугацаа дууссан байна” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарах үед Б.Баярмагнай Завхан аймагт цагдан хоригдож байсан тул түүнийг ирсний дараа хэргийн материал танилцуулах үед дүгнэлт танилцуулсан. Үнэлгээний хувьд 3 удаа үнэлгээ гаргуулсан. Мөн түүний гаргасан гомдлуудад өгсөн дэд хурандаа Б.Даваадоржийн хариу хэргийн 237 дугаар талд байна. Энэ хэрэгт эрүүгийн 7 хэрэг үүсэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бусад хэргээс тусгаарлаж шалгасан бөгөөд алга болсон гэх мэдүүлгүүдийг ач холбогдолгүй гэж үзэж тусгаарласан хэрэгт хавсаргасан байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Баярмагнай 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Мишээл” худалдааны төв рүү нэвтэрч 31 ширхэг гар утас хулгайлж, Б.Золзаяад 10,790,000 төгрөгийн хохирол,

2014 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг “Ханжаргалант” худалдааны төв рүү нэвтэрч Д.Бүдбазарын 3,944,500 төгрөгийн үнэ бүхий 55 ширхэг гар утас, 143 ширхэг утасны нэгж, 7 ширхэг Жи-Мобайлын дугаар, 2 ширхэг зөөврийн компьютер, гар утасны программ, Т.Цолмонбаатарын 700,000 төгрөгийн үнэ бүхий 2 зөөврийн компьютер, 1 ширхэг зургийн аппарат, Б.Бадарчийн 150,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 4,794,500 төгрөгийн хохирол,

2015 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “999” худалдааны төв рүү нэвтэрч Г.Лхагвадоржийн 12,030,000 төгрөгийн үнэ бүхий 90 ширхэг гар утаснуудыг хулгайлж, бусдад нийт 27,614,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон Б.Баярмагнайн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, уг мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа, криминалистикийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудад тулгуурласан, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Б.Баярмагнайн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Харин Б.Баярмагнай түрээслүүлэгчийн байранд нэвтэрч түрээслэгчдийн эд хөрөнгийг хулгайлах санаа зорилгыг урьдаас агуулж, хэрхэн түрээслүүлэгчийн байранд нуугдаж, нууцаар үлдэх, эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсны дараа уг байрнаас хэрхэн гарах зэргийг урьдчилан тооцоолж, багаж хэрэгсэл бэлдэн, санаа зорилгоо хэрэгжүүлж байсан нь орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангасан байгааг тэмдэглэвэл зохино. Учир нь энэ талаар 2 шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд тухайн орон байранд хууль ёсоор нэвтэрч улмаар нуугдаж үлдсэн нөхцөл байдалд дээрх байдлаар хууль зүйн дүгнэлт өгсөн болно.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Баярмагнайн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Б.Баярмагнайн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

                               ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ