Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-08
Тогтоолын дугаар 164
Хэргийн индекс 142/2015/0232/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч М.Энхжаргал
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

 

 

 

М.Энхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар магадлалтай, М.Энхжаргалд холбогдох эрүүгийн 201514000375 дугаартай хэргийг шүүгдэгч М.Энхжаргал, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боль овогт Мягмарын Энхжаргал нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхжаргалаас 45.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сумъяад 12.500.000 төгрөг, Б.Мөнхболдод 11.000.000 төгрөг, Э.Мөнхзаяад 4.500.000 төгрөг, Д.Мижиддоржид 5.000.000 төгрөг, Г.Амгаланд 5.000.000 төгрөг, О.Өнөржаргалд 1.000.000 төгрөг, Д.Дүүрэнжаргалд 6.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Энхжаргал, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Энхжаргал нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... миний бие дээрх үйлдлүүдийг Одгэрэлийн санал болгож зөвлөснөөр хийсэн бөгөөд хохирогч нарын ихэнх нь миний найз нөхөд, хуурай ах гэх мэт ойр дотны хүмүүс. Надад эдгээр хүмүүсийг залилан, хохироох ямар ч санаа, зорилго байгаагүй. Одгэрэлд итгэж байсан болохоор ойр дотны хүмүүстээ тусалж байна гэж л бодож байсан. Одгэрэл миний итгэлийг маш их төрүүлж байсан болохоор түүний санал болгосон ажлуудыг найзууддаа санал болгохдоо би огтхон ч эргэлзэж байгаагүй. Одгэрэлийн ярьдаг, хэлдэг зүйлсүүдийг Гүрсэд, Эрдэнэбат, Сумъяа, Мижиддорж нар маш сайн мэднэ. Тэд Одгэрэлтэй уулзаж зарим ажлуудыг хамтарч хөөцөлдөж байсан. Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх санал тавьсныг Сумъяа зөвшөөрч Одгэрэлийн данс руу 3 удаа нийт 26.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнхболд ахын машин авах гэж өгсөн 14 сая төгрөгийг Одгэрэлийн хэлсэнээр Чулуунцэцэгийн данс руу шилжүүлэхэд гэрч Алтаншагай хамт байсан. Би дээрх үйлдлүүдийг хийхдээ хүмүүсийг залилж, мэхлээд мөнгийг нь буцааж өгөхгүй гэж бодож байгаагүй. Зарим хохирогч нарт зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөөд явж байсан. Одгэрэлийн санал болгосон ажлуудыг бусдад санал болгож тэднээс авсан бүх мөнгийг Одгэрэл авсан. Энэ бүх үнэнийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэлээгүй, шүүх хурал дээр хэлсэн. Одгэрэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар шүүхэд шилжсэн байгаа бөгөөд 2015 оны 3 дугаар сард намайг цагдаад асуугдаж байхад “өмгөөлөгч авбал Ганбат өмгөөлөгчийг аваарай. Бидэнд хэрэг болох хүн шүү” гэж хэлж байсан. Тэгээд би хоригдохдоо тэр өмгөөлөгчийг авсан. Одгэрэл өмгөөлөгчөөр дамжуулан “чиний бүх хохирлыг би удахгүй төлж дуусгана. Гүрсэд ахын хөөцөлдөж байгаа ажил бүтэж байгаа, төмөр замаас зуучлалын хөлсөнд 20 сая төгрөг авна, түүгээрээ чиний хохиролыг төлнө, миний тухай хэлж болохгүй. Надтай бүлэг болвол хэрэг чинь хүндэрнэ. Чи өршөөлд хамрагдана” гэж амаар хэлүүлж, бичиг захиа явуулж итгүүлж байсан. Намайг хоригдсоноос хойш аав, ээжид мөн энэ тухай хэлж “би 3-4 жил шүүх цагдаагаар явж байгаа болохоор асуудал яаж шийдэгдэхийг сайн мэднэ. Бид нартай хамт бүлэг болж л болохгүй, хэрэг хүндэрнэ. Дангаараа байвал өршөөгдөнө” гэж итгүүлсэн байсан. Би болоод аав, ээж маань бүгд л Одгэрэлийн үгэнд итгэж явсаар хэрэг шүүхэд шилжсэн. Миний энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцааж С.Одгэрэлийг шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч М.Энхжаргал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлэгтээ уг хэргийг Одгэрэлтэй хамтран үйлдсэн гэж мэдүүлээгүй ч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед Одгэрэлтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдүүлсэн. Мөн эх Эрдэнэ, гэрч Гүрсэд нар энэ тухай мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, үнэлэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн саналтай байна. Одгэрэлийг шалгах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Р.Цэрэнханд өмгөөлөгчтэй санал нэг байна. Байцаан шийтгэх ажиллагааны аль ч шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гомдол, хүсэлт гаргах эрхтэй. Үүний дагуу шүүгдэгч М.Энхжаргал нь Одгэрэлтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шалгуулах хүсэлт гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд шүүгдэгч М.Энхжаргал нь бусдад өөр хүнтэй хамтран хохирол учруулсан болохыг шалгаж, тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх “... мөрдөн байцаалтын шатанд Одгэрэлийн үйлдэл холбогдлыг шалгаж, нотолсон материал хэрэгт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Шүүгдэгч М.Энхжаргал нь 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт ажилд оруулж өгнө, үйлдвэртэй гэрээ хийж ашиг хуваана, амны хаалт нийлүүлэх гэрээний урьдчилгаа хийнэ, актлагдаж байгаа “Патрол” машин хямд авч өгнө гэх зэргээр нэр бүхий 9 хохирогчийн 79.500.000 төгрөгийг хуурч мэхлэн, тэдний итгэлийг эвдэх аргаар залилан онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасан хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэж, мөрдөн байцаалтаар шүүгдэгч М.Энхжаргал нь Э.Одгэрэл гэгчтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч М.Энхжаргал, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нарын гаргасан “... гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн эсэхийг шалгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч М.Энхжаргалын ах М.Бадамдорж нь хохирогч О.Өнөржаргалын нөхөр Г.Эрдэнэбилэгийн “Хаан” банкны данс руу 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 2 хувааж 1 сая төгрөг шилжүүлсэн байхад дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан “О.Өнөржаргалын нөхөр Г.Эрдэнэбилэгт 1 сая төгрөг төлсөн” тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар магадлалд “... шүүгдэгч М.Энхжаргалаас нийт 44.000.000 төгрөг гаргуулж”, “... О.Өнөржаргалд 1.000.000 төгрөг олгож” гэснийг хүчингүй болгосугай гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Энхжаргал түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      ДАРГАЛАГЧ,

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                      Б.ЦОГТ