Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-17
Тогтоолын дугаар 171
Хэргийн индекс 105/2016/0224/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Мөнхбаяр
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 260 дугаар магадлалтай, Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2014250006217 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэлийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батын Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяраас 6.638.892 төгрөг гаргуулж хохирогч Л.Энхбатад олгож, хохирогч Л.Энхбат нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Л.Энхбат, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Хохирлын хэмжээнээс шалтгаалж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд хэн хэдэн төгрөг зээлсэн талаар мэдүүлсэн бөгөөд мөнгийг Энхбат зээлсэн гэдгийг хэлдэг. Хэрэгт зээлийн гэрээнүүд нотлох баримтаар авагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн үед өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн, мөн цуг явж байсан гэх үйлдлээр хохирлын хэмжээг гаргасан. Зээл авахад Мөнхбаяр цуг явж байсан гэдэг. Мөнхбаярын Хөх хотоос ирээд мөнгө зээлсэн цаг хугацаатай Энхбатын мөнгө зээлсэн цаг хугацаа тохирдог. Бусдаас зээлсэн мөнгө хэнд очсон гэдэг нь үүгээр нотлогдож байна. Шүүх эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг. Эх сурвалжийг гэрчийн мэдүүлэг зааж өгсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр хохирлын хэмжээ гарч байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... Б.Мөнхбаяр нь 2012 оноос 2014 оны хооронд иргэн Л.Энхбатад уул уурхайн салбарт хамтран ажиллана гэж хуурч мэхлэх замаар үлэмж их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй  болгох саналтай байна” гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Б.Мөнхбаярыг 2012 оны 12 дугаар сараас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Энхбатаас “уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллана” гэж 9.638.982 төгрөгийг хуурч мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсөн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзнэ.

Шүүх мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23.662.514 төгрөгийн их хэмжээний хохирлыг үлэмж буюу 9.638.982 төгрөг болгон багасгаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирлын зөрүү болох 14.023.532 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтын алийг нь ямар үндэслэлээр тогтоолынхоо үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 298 дугаар зүйлийн 298.1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн хэргийг хянан шийдвэрлэж чадаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож “... хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэлийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 260 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Мөнхбаярт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.         

                       ДАРГАЛАГЧ,

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                        Б.ЦОГТ