Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-22
Тогтоолын дугаар 180
Хэргийн индекс 106/2016/0092/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч М.Гансүлд
Зүйл заалт 253.2., 268.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 

 

 

М.Гансүлдэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар магадлалтай, М.Гансүлдэд холбогдох эрүүгийн 201401000092 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Мөнхбаатарын Гансүлд нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Гансүлдэд холбогдох Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Гансүлдийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар М.Гансүлдийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.500.000 төгрөгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... М.Гансүлдийн хээл хахууль авсан хэрэг нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... шүүгдэгч М.Гансүлд нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан А.Буяндэлгэр гэгчийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан, сэжигтэн А.Буяндэлгэр М.Гансүлдийн цалингийн дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ байдлыг үгүйсгэсэн мэдүүлгийг өгөхийг М.Гансүлд нь Л.Соёлоос гуйж байсан зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үгүйсгэгдэж байна. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Л.Гансүлд нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Төрийн” банкны 312500464910 дугаартай цалингийн дансаараа сэжигтнээр тооцогдсон А.Буяндэлгэрээс 1.500.000 төгрөгийн хээл хахууль авч, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр А.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 201301080323 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж хэрэгсэхгүй болгуулсан.

Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн хэрэгт Д.Жаргалыг хохирогчоор тогтоосон мэтээр тогтоол үйлдэж, улмаар хохирогчоор байцаасан тэмдэглэл, шинжилгээ хийлгэх тогтоолыг хуурамчаар үйлдэн Д.Жаргалын хүү Ж.Гантулгаар гарын үсэг дуурайлган зуруулж 201401080547 дугаартай эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүйн дээр М.Гансүлдэд холбогдох Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Гансүлд нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ урвуугаар ашиглаж 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан үйл баримт нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан “М.Гансүлдийн хээл хахууль авсан хэрэг нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                             Б.ЦОГТ