Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-22
Тогтоолын дугаар 175
Хэргийн индекс 142/2015/0099/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч С.Одгэрэл, О.Нандинцэцэг, Э.Эрдэнэбат, Д.Уранцэцэг, Б.Буяннэмэх, М.Саяагул, С.Гүрсэд, Б.Ганбилэг
Зүйл заалт 148.2., 148.4.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Одгэрэл, О.Нандинцэцэг, Э.Эрдэнэбат

Д.Уранцэцэг, Б.Буяннэмэх, М.Саяагул

С.Гүрсэд, Б.Ганбилэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч С.Одгэрэлийн өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дүгээр магадлалтай, 201414000071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Одгэрэлийн өмгөөлөгч А.Ариунаа, хохирогч С.Үүрцайх, шүүгдэгч М.Саяагул, түүний өмгөөлөгч Д.Наранхүү, шүүгдэгч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авга тайж овогт Сэмжидбаатарын Одгэрэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бат овогт Сэнгэбазарын Гүрсэд нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бортого овогт Орсоогийн Нандинцэцэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чумбуу овогт Базаррагчаагийн Ганбилэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаан бүргэд овогт Энхжаргалын Эрдэнэбат нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт,

6. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Черучь овогт Максимын Саяагул нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт,

7. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бурд овогт Балжиннямын Буяннэмэх нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт,

8. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Харуул овогт Дагвасүмбэрэлийн Уранцэцэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Одгэрэлийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, О.Нандинцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.Гүрсэд, Э.Эрдэнэбат, Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг, М.Саяагул нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Ганбилэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар О.Нандинцэцэг, С.Гүрсэд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар С.Одгэрэлийг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, М.Саяагулыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Б.Буяннэмэхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Д.Уранцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Б.Ганбилэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, С.Одгэрэлд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэбатад оногдуулсан 3 жилийн хорих ял, М.Саяагулд оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.Буяннэмэхэд оногдуулсан 2 жилийн хорих ял, Д.Уранцэцэгт оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.Ганбилэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Одгэрэлээс 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Хандаад 3,000,000 төгрөг, хохирогч С.Үүрцайхад 2,000,000 төгрөг, О.Нандинцэцэгээс 11,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Хандаад 3,000,000 төгрөг, хохирогч С.Үүрцайхад 2,000,000 төгрөг, хохирогч Д.Баярмаад 3,000,000 төгрөг, хохирогч Т.Ганчимэгт 3,000,000 төгрөг, М.Саяагулаас 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Хандаад 3,000,000 төгрөг, хохирогч С.Үүрцайхад 2,000,000 төгрөг, Б.Ганбилэгээс 14,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Одгэрэлд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтад зааснаар С.Одгэрэлийн А.Хандаагаас 9,000,000 төгрөг, С.Үүрцайхаас 6,000,000 төгрөг залилан мэхлэж авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар” гэсний өмнө “551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн” гэж, 3, 4 дэх заалтын “10 жил 01 сарын” гэснийг “6 жил 09 сарын” гэж, 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Нандинцэцэгээс 9,000,000 төгрөг гаргуулж А.Хандаад, 6,000,000 төгрөг гаргуулж С.Үүрцайхад, 3,000,000 төгрөг гаргуулж Д.Баярмаад, 3,000,000 төгрөг гаргуулж Т.Ганчимэгт, Б.Ганбилэгээс 14,000,000 төгрөг гаргуулж С.Одгэрэлд тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, 9 дэх заалтын “Э.Эрдэнэбат” гэсний өмнө “С.Одгэрэл, М.Саяагул” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Одгэрэл, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Ю.Ганбат нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч М.Саяагул, өмгөөлөгч Д.Наранхүү, шүүгдэгч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч А.Ариунаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Одгэрэлийн өмгөөлөгч А.Ариунаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…С.Одгэрэл нь Орхон аймгийн Цагдаагийн газарт “Б.Ганбилэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж өгнө гэж 14 сая төгрөг залилан мэхлэж авсан” гэсэн гомдол гаргасан байхад мөрдөн байцаагч уг гомдлыг хүлээн аваад ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй атлаа С.Одгэрэлийг хохирогчоор тогтоож, улмаар Б.Ганбилэгийг сэжигтнээр тооцон хэргийг Б.Ганбилэгийн байгаа газар тодорхойгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166, 167, 172, 124 дүгээр зүйлд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байна. С.Одгэрэлийг Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэртэй 300,000 долларын тосолын гэрээ хийж өгнө гэж Д.Болдыг хуурч мэхлэн 13 сая төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үйлдэл нь хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээс өмнө иргэний журмаар хянан шийдвэрлэгдсэн, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан бөгөөд хохирогч гэх Д.Болд нь С.Одгэрэлтэй зээлийн гэрээ байгуулж, зээлүүлсэн бүх мөнгөө буцаан авч гэрээгээ дүгнэж, түүний хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтад заасан нөхцөл байдал бий болсон байхад шүүх анхаарч үзээгүй нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлоогүйгээс хэн хэнтэй, ямар санаа зорилго, ямар үйлдлээр хамтарсан нь тодорхойгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд нотлогдоогүй байна. Мөн С.Одгэрэлийг Э.Эрдэнэбат, С.Гүрсэд нартай бүлэглэн Б.Бүүвэйбаатарыг ажилд оруулж өгнө гэж 12 сая төгрөг залилан мэхлэж авсан гэж ял халдаасан үйлдэл дээр С.Одгэрэлийн оролцоо тодорхойгүй байна. Учир нь Б.Бүүвэйбаатарыг ажилд оруулна гэж хуурч мэхэлсэн хүн нь Э.Эрдэнэбат бөгөөд энэ үйлдэлд нь С.Гүрсэд хамжиж оролцсон болох нь Б.Бүүвэйбаатар, Э.Эрдэнэбат, С.Гүрсэд нарын өгсөн мэдүүлгээр нотлогддог, Б.Бүүвэйбаатарын мөнгийг өөртөө авч захиран зарцуулсан, С.Одгэрэл ямар ч оролцоогүй талаар С.Гүрсэд мэдүүлсээр байхад нотлогдоогүй үйлдэлд С.Одгэрэлд ял халдаасан нь үндэслэлгүй байна. С.Одгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд бусдад төлөх төлбөрөө бүгдийг нь төлсөн, түүнээс мөнгө нэхэмжилсэн хохирогч байхгүй ба залилан мэхлэх хэргийн субьектив санаа зорилго бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн нөхцөл байдлаар илэрдэг бөгөөд С.Одгэрэлийн хувьд бүх мөнгийг төлснөөр субьектив санаа зорилго нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх ч хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч С.Одгэрэлийн 14 сая төгрөгийг залилан мэхлэж авсан гэх шүүгдэгч Б.Ганбилэг, хохирогч Б.Бүүвэйбаатарын 12 сая төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдэлд эсрэг сонирхолтой шүүгдэгч С.Гүрсэд нар өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргахад хүлээж авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогч С.Үүрцайх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Сэжигтэн, яллагдагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Иймээс яллагдагч О.Нандинцэцэгийн мэдүүлгээр С.Одгэрэлийн үйлдэл холбогдлыг үгүйсгэж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Намайг залилан мэхэлсэн үйлдэлд С.Одгэрэл оролцоогүй байх үндэслэл байхгүй. О.Нандинцэцэг нь С.Одгэрэлд 4 сая төгрөгийн өглөгтэй байсан юм байна. С.Одгэрэл, О.Нандинцэцэг нар хэрэг прокурорт шилжсэн байх үед С.Одгэрэл хохирогч нарын мөнгийг өгөхийн тулд С.Үүрцайх намайг болон А.Хандааг хамтран мэхлэж биднээс нийт 15 сая төгрөг авсан байдаг. С.Одгэрэл, О.Нандинцэцэг нар хэрэг прокурорт байгаа, удахгүй шүүхэд шилжинэ, тиймээс бид хоёрыг цагдаагийн байгууллагад мөд хандаж чадахгүй, удахгүй ажилдаа орно гэж хуурч байтал цаг хугацаа явна гэж л тооцоолсон. С.Одгэрэл О.Нандинцэцэгээс мөнгөө авахын тулд дахин гэмт хэрэг хамтран үйлдсэн болох нь хохирогч С.Үүрцайх миний мэдүүлэг, хохирогч А.Хандаа, гэрч Б.Дашдондог нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Дээрх мэдүүлгүүдээс гадна С.Одгэрэл, О.Нандинцэцэг нар нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.Уранцэцэг, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Батмөнхийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэж их хэмжээний мөнгө авч байсан учраас 2014 онд үргэлжлүүлэн хамтран С.Үүрцайх надаас болон А.Хандаа нараас их хэмжээний мөнгө авч байгаа үйлдлийг С.Одгэрэл огт мэдээгүй, О.Нандинцэцэгийг эрүүл мэндийн дэвтэр аваачаад өгчих гэсний дагуу түүний зараалын дагуу явж байсан гэж үзэж байгаа давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг гайхаж байна. Мөн М.Саяагулыг гэмт хэрэгт хамжигчаар оролцохдоо С.Үүрцайх, А.Хандаа нараас мөнгө аваагүй болох нь О.Нандинцэцэгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэн түүнээс хохирол гаргуулахгүйгээр шийдвэрлэв гэжээ. М.Саяагул нь С.Үүрцайх, А.Хандаа нарыг хохирогч болох үүдийг нээж өгсөн, мөн О.Нандинцэцэгээс 50,000 төгрөг авснаа хэлсээр байхад мөнгө аваагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль бус гэж үзэж байна. Намайг хуурамч эрүүл мэндийн дэвтрээр үзүүлээд байгааг сувиллын эмч Хулан таслан зогсоож, бүртгэлийн ажилтанд хүргэж өгсөн байхад уул дэвтрийг М.Саяагул бүртгэлийн ажилтныг аргалан авч эмч нараар гарын үсэг зуруулж чадсан. Энэ үйлдэл хууль бус болохыг М.Саяагул сайн мэдэж байсан, одоо би мэдээгүй, дүүгээ ажилд оруулья гэж бодож байсан гэж мэдүүлж байгаа нь яллагдагч эрхийнхээ дагуу худлаа ярьж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх яллагдагч нарын мэдүүлгийг үнэн зөвд тооцож, С.Одгэрэлийн үйлдэл холбогдол болон М.Саяагулаас хохирол гаргуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. О.Нандинцэцэг С.Одгэрэлд өртэй байсан тул С.Үүрцайхаас авсан мөнгөнөөс 4 саяыг өгсөн гэж хэлснээс биш үнэндээ энэ 2 хэрэг нь прокурорт шилжиж хохирогч нарын хохирлыг төлөхийн тулд хамтран үйлдсэн хэрэг. Эцэст нь С.Одгэрэл нь олон үйлдэлтэй, О.Нандинцэцэгийн үйлдэл бага тул дээрх 2 хохирогчийг О.Нандинцэцэг л дангаараа залилсан болж дааж байгаа хэрэг. Анхан шатны шүүх хэргийг зөв шударгаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хохирогч биднийг хохирсон дээр нь улам хохироолоо. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Саяагул, түүний өмгөөлөгч Д.Наранхүү нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх М.Саяагулын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох байтал Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих зарим хууль, тогтоолын заалтыг үл хэрэглэн шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, ...гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “хамжигч” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэрэгт хамаарагсад гэсэн ойлголтоос ялгагдана” гэж тайлбарласан заалтуудыг Эрүүгийн хуулийн зохих заалтуудтай уялдуулж хэрэглээгүйд гомдолтой байна. Түүгээр ч барахгүй хуулийг буруу тайлбарлан “...М.Саяагул нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмнэлэг сувиллын албанд эрүүл мэндийн дэвтэр олгодог ажилтан биш атлаа ажлын хувцастайгаа хэвлэлийн газар очиж боловсон хүчин Улаанбаатар явчихсан гэж худал хэлж эрх бүхий албан тушаалтан авдаг эрүүл мэндийн дэвтрийг О.Нандинцэцэгт авч өгч зарим эмч нараар бичилт хийлгэж гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгаж гэмт хэрэгт санаатай нэгдэн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигчаар оролцжээ” гэж дүгнэн энэхүү дүгнэлтээ М.Саяагулын өөрийнх нь мэдүүлэг болон хохирогчдын мэдүүлгүүдийг үндэслэжээ. Түүнчлэн шүүх сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчин М.Саяагулын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн нь буруу байна. М.Саяагулд О.Нандинцэцэг нарын гэмт хэрэг үйлдсэн талаар эхнээсээ ухамсарлан ойлгож, тэдгээрийн гэмт үйлдэлд санаатай нэгдэж гэмт үйлдлээрээ хамтран оролцож хор уршиг учруулсан гэх санаатай үйлдэл, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэсэн субьектив санаа, зорилго байгаагүй бөгөөд субьектив санаа, зорилготой байсныг нотолсон нотлох баримт байдаггүй. М.Саяагул О.Нандинцэцэгийг хүмүүсийг ажилд оруулж байна гэдэгт нь итгэж, дүүгээ хүртэл ажилтай болгочих юмсан гэсэн ийм л санаа зорилготой байж түүнд болон түүний явуулсан хүмүүст нь тусалж байсан байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалын М.Саяагулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Бид хоёр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Нэг үгээр хэлбэл бид хоёр Д.Болдыг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар С.Одгэрэлтэй бүлэглэн залилан мэхлэж 13 сая төгрөг авсан үйлдэлд хамжигчаар оролцож гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр Д.Болдын мөнгөнөөс аваагүй болохоор гэм буруугүй гэж үзээд байсан тэгтэл хууль тийм биш, үйлдэл үг яриагаараа хамжигч, хамтран гүйцэтгэгч болдог юм байна гэдгийг ойлгосон. Д.Болдод өгөх хохирлыг С.Одгэрэл бүрэн төлж барагдуулсан, одоо Д.Болдын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд бид хоёр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдсан тул Д.Болдыг бүлэглэн залилан мэхэлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л ажиллагааг хангалттай нотолж тогтоосон. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон. С.Гүрсэд, Э.Эрдэнэбат нартай бүлэглэсэн үйлдэлд эсрэг сонирхолтой шүүгдэгч нарыг өмгөөлөгчөөр хангаагүй гэж тайлбарласан. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр хүмүүс эсрэг ашиг сонирхолтой болох нь тогтоогдоогүй учраас анхан болон давж заалдах шатны шүүх “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг нь хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Одгэрэл нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр О.Нандинцэцэгтэй бүлэглэн Д.Уранцэцэгийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 4,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр О.Нандинцэцэгтэй бүлэглэн Ц.Батмөнхийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 5,500,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр О.Нандинцэцэг, М.Саяагул нартай бүлэглэн хүү Дашдорж, охин Цэвээндулам нарыг нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж А.Хандаагаас 9,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О.Нандинцэцэг, М.Саяагул нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж С.Үүрцайхаас 6,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэртэй 300,000 долларын тосолын гэрээ хийж өгнө гэж Д.Болдоос 13,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2013 оны 11 дүгээр сард С.Гүрсэд, Э.Эрдэнэбат нартай бүлэглэн Б.Бүүвэйбаатарыг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 12,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2012 оны 04 дүгээр сард Эрдэнэт үйлдвэртэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж өгнө гэж Ц.Батмөнхөөс 12,000,000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад нийт 61,500,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч О.Нандинцэцэг нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С.Одгэрэлтэй бүлэглэн Д.Уранцэцэгийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 4,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.Одгэрэлтэй бүлэглэн Ц.Батмөнхийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 5,500,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Одгэрэл, М.Саяагул нартай бүлэглэн хүү Дашдорж, охин Цэвээндулам нарыг нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж А.Хандаагаас 9,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Одгэрэл, М.Саяагул нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж С.Үүрцайхаас 6,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж Д.Баярмаагаас 3,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т.Ганчимэгийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 3,000,000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад нийт 30,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2013 оны 11 дүгээр сард С.Одгэрэл, С.Гүрсэд нартай бүлэглэн Б.Бүүвэйбаатарыг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 12,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ж.Жавзансүрэнг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 3,000,000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Гүрсэд нь 2013 оны 11 дүгээр сард С.Одгэрэл, Э.Эрдэнэбат нартай бүлэглэн Б.Бүүвэйбаатарыг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж залилан мэхлэж 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ганбилэг нь 2012 онд Эрдэнэт үйлдвэртэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж өгнө гэж С.Одгэрэлээс 14,000,000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Саяагул нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр О.Нандинцэцэг, С.Одгэрэл нартай бүлэглэн хүү Дашдорж, охин Цэвээндулам нарыг нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж А.Хандаагаас 9,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О.Нандинцэцэг, С.Одгэрэл нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж С.Үүрцайхаас 6,000,000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Буяннэмэх нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Одгэрэл, Д.Уранцэцэг нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэртэй 300,000 долларын тосолын гэрээ хийж өгнө гэж Д.Болдоос 13,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

шүүгдэгч Д.Уранцэцэг нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Одгэрэл, Б.Буяннэмэх нартай бүлэглэн Эрдэнэт үйлдвэртэй 300,000 долларын тосолын гэрээ хийж өгнө гэж Д.Болдоос 13,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс хохирогч С.Үүрцайхын “...Эхнэр бид хоёр Нандинцэцэгтэй “ТД” дэлгүүрийн хажууд уулзахаар цаг товлоод очиж уулзсан. Ирэхдээ Одгэрэлийн 53 20 ОРО дугаарын машинтай Нандинцэцэг, Одгэрэлийнхээ хамт ирж уулзаж ярилцахад засварчин, жолооч, үйлчлэгч, эдийн засагч, толгойгоо тасдуулж нас барсан гэх хүний орон тоо буюу конверийн машинистийн орон тоо байна. Энэ хүний оронд хүмүүс сэжиглээд орохгүй байна. Нэг хүн ажилдаа орж байгаа. Дашдондогийг фабрикт засварчнаар оруулж байгаа гэж хэлж байсан. ...Чи 6 сая төгрөг өгөх хэрэгтэй, эхнэрийг чи орооч гэхээр нь эхнэр бид хоёр зэрэг зэрэг орох мөнгө төгрөг алга, эхний ээлжинд би ямар ч байсан орьё гэж яриад 10 дугаар сарын 02-ны өдөр дахин Одгэрэлтэй сувиллын гадаа уулзаад хөдөлмөрийн хэвийн, хэвийн бус нөхцөлд ажиллагсдын эрүүл мэндийн дэвтэр авч дэвтрээ өөрсдөө бөглүүлсэн. …Маргааш нь Есөн-Эрдэнэ захын нотариат дээр уулзахаар болсон байсан. Ингээд 10 дугаар сарын 08-нд мөнгөө бэлдчихээд өглөө Нандинцэцэг рүү залгаад мөнгөө хаана өгөх тухай асуухад Есөн-Эрдэнэ дээр хүн багатай, хурдан үйлчилдэг тэнд хүрээд ир гэсэн. Авч очсон 6 сая төгрөгөө бэлнээр тоолж өгчихөөд дотогшоо орж гэрээ хийсэн. …Одгэрэл нь хар нүдний шил зүүгээд машины тентэй шилээ хагас доошоо буулгачихаад царайгаа нуугаад, ганган хүүхэн суугаад байхаар нь Одгэрэлийг нь дарга нь юм байна гэж ойлгосон. Одгэрэлийн машины арын суудалд Дашдондог эхнэртэйгээ сууж байсан. Одгэрэлийн энэ харьцаанаас харахад дарга л юм байна гээд итгэчихсэн. Нандинцэцэг Одгэрэлийг манай хүн гэж хэлэхээр нь том дарга юм байна гээд ойлгочихсон. ...Одоогоос бараг 2 долоо хоногийн өмнө нөгөө ахтайгаа уулзуулна гэсэн. Та нар ахтайгаа хэзээ уулзуулах гэж байна гэхэд ах маань осол гаргаад 7-8 настай хүүхдийн хөл дайраад хоригдчихсон. Нөгөө хүүхэд нь хөлөө тайруулах болоод ажил төрлөө ахаасаа асууж чадаагүй, өнөө маргаашгүй совет хуралдана, тэрийг хүлээж бай гэж ярьсан. 11 дүгээр сарын 04-нд эмнэлэгт хэвтсэн хүүхдийг байгаа эсэхийг эмнэлгээс очиж асуухад худлаа байсан. Ингээд энэ хоёр эмэгтэйд залилуулснаа мэдээд барьж авахаар араас нь хөөцөлдсөн. Нандинцэцэгийн гар утас руу дахин ажилд орох хүн байна гэж худлаа ярьж сувиллын үүднээс барьж авсан. Та хоёроос авсан мөнгөнийхөө 4 сая төгрөгийг Одгэрэлд өгсөн гэж байсан” /хх-824-826/ гэсэн, гэрч Б.Дашдондогийн “...Би 2014 оны 09 дүгээр сарын эхээр сувиллын зогсоол дээр Одгэрэлд эгч Цэвээндуламын эрүүл мэндийн дэвтрийг өгөх гээд очиход Одгэрэл машиндаа суучих гэж хэлээд намайг суулгасан. Би Одгэрэлээс Эрдэнэт үйлдвэр ХХК-д хэзээ ажилд орох вэ гэхэд Одгэрэл Нандинцэцэгтэй гар утсаараа яриад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилд орох тушаал гарна гэж хэлсэн. Намайг Одгэрэлийн машинд сууж байхад танихгүй эрэгтэй хүн ирээд Одгэрэлд цагаан өнгийн эрүүл мэндийн дэвтэр өгч байсан. Тухайн үед би эхнэрийн хамт байсан” /хх-865/ гэсэн, хохирогч А.Хандаагийн “...Одгэрэл нь Дашдондогийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулахад эрүүл мэндийн үзлэгээр оруулна гэж “Хөдөлмөрийн хэвийн, хэвийн бус нөхцөлд ажиллагсдын эрүүл мэндийн дэвтэр” гэдэг нэртэй дэвтрийг өгсөн. Эрүүл мэндийн үзлэгээр ороход хойд эмнэлэг дээр 15,000 төгрөг, Эрдэнэт сувилалд 15,000 төгрөг тушаасан. Манай охин Цэвээндулам бас шинжилгээнүүдийг Одгэрэлийн өгсөн дэвтрийн дагуу үзүүлсэн байгаа. Би Одгэрэл, Нандинцэцэг нарт 9 сая төгрөгөө бэлнээр өгөөд алдчихсан. ...Сувиллын гадаа би үлдээд Одгэрэл сувилал ороод ахаас эрүүл мэндийн дэвтэр аваад ирье гэж дэвтэр гаргаж ирсэн. ...Манай хүү Одгэрэлтэй уулзаж эрүүл мэндийн дэвтэр авсан байсан. Чи хуураад байгаа юм биш биз гэхэд манай ах үйлдвэрт том албан тушаал дээр байдаг учраас танай хүүхэд сургалтад хамрагдах зүйл байхгүй, шууд л ажилдаа орно” /хх-811-812/ гэсэн мэдүүлгүүдийг бүхэлд нь үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэхгүйгээр А.Хандаагаас 9,000,000 төгрөг, С.Үүрцайхаас 6,000,000 төгрөг залилан мэхлэж авсан С.Одгэрэлийн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын тухайд гэвэл:

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд С.Одгэрэлд холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэргийн хүрээнд бусдыг залилан мэхэлсэн Б.Ганбилэгийн үйлдлийг шалгаж, тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба энэ заалт шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд С.Одгэрэлд залилуулсан гэх Д.Болд нь 2013 оны 05 дугаар сарын 07-нд хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгчээ /хх-49-53/. Иймд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Д.Болдын нэхэмжлэлтэй холбогдуулж гарсан 51 дүгээр магадлал нь энэ эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж С.Одгэрэл нь С.Гүрсэд, Э.Эрдэнэбат нартай бүлэглэж Б.Бүүвэйбаатарыг, М.Саяагул нь О.Нандинцэцэг, С.Одгэрэл нартай бүлэглэн А.Хандаа, С.Үүрцайх нарыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатнаас яллагдагч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нар гэм буруугаа хүлээгээгүйн улмаас шүүхээс нэр бүхий хоёр яллагдагчийг гэм буруутайд тооцон, ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлснийг хуулийг буруу хэрэглээгүй гэж дүгнэв.

Иймд хохирогч С.Үүрцайхын гомдлыг хүлээн авч, харин шүүгдэгч С.Одгэрэлийн өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч М.Саяагул, түүний өмгөөлөгч Д.Наранхүү, шүүгдэгч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дахь заалтуудыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Одгэрэлийн өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч М.Саяагул, түүний өмгөөлөгч Д.Наранхүү, шүүгдэгч Б.Буяннэмэх, Д.Уранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                      Б.БАТ-ЭРДЭНЭ