Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-03
Тогтоолын дугаар 158
Хэргийн индекс 106/2014/0332/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Шинэтуул
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Шинэтуулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар цагаатгах тогтоолтой, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар магадлалтай, 201201000035 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх У.Дэндэвдоржийн бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чойжамцын Шинэтуул нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 320 дугаар цагаатгах тогтоолоор Ч.Шинэтуулд прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Шинэтуулыг цагаатгаж, хохирогч Монгол банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх 320 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх У.Дэндэвдорж бичсэн дүгнэлтдээ: “Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дугаартай албан бичгээр Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201201000035 дугаартай хэрэгт ахлах мөрдөн байцаагч Л.Ганболд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, тус прокурорын газрын хяналтын прокурор М.Бадам 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр "Ч.Шинэтуул нь 2011 оны 10 дугаар сарын 28-наас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд өөрөө болон О.Жаргал, Х.Оюун, Цэрэнжаргал нараар Монголбанкинд 100,859,20 грамм алт тушаалгахдаа сорьцын хяналтын албанаас тогтоосон сорьцоос өөр сорьцтой алтыг тушаан залилан мэхэлж, Монголбанкинд онц их хэмжээний буюу 1,177,186,253,25 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "...нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Шинэтуулыг Сорьцын хяналтын хэлтсээс сорьц, жин тогтоосон алтан гулдмайг өөр сорьцтой алтан гулдмайгаар сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд Монголбанкны гэрээт алт цэвэршүүлэгч Англи улсын Жонсон Матей компаниас 2011 оны 3 дахь ачилтын алтыг цэвэршүүлсэн тухай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгайлан томилогдсон шинжээч биш тул шүүх үнэлэх боломжгүй" гэж 320 дугаар цагаатгах тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Шинэтуулыг цагаатган, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас "Ч.Шинэтуулд холбогдох хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг /2671, 2672, 2674, 2675, 2678, 2679, 2680, 2681 дугаартай/ алтан гулдмайг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтэст нэг бүрчлэн хайлуулж, дахин сорьц тогтоолгоход анх тогтоосон сорьцын хэмжээнээс их хэмжээний буюу 267,178,950,8 төгрөгийн сорьцын зөрүү илэрсэн тул уг асуудалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх" талаар гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас Ч.Шинэтуул нарт холбогдох 201201000035 дугаартай хэргийг хянаад, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолоор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэж, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Батсайхан шалгасан байна.

Шалгалтаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

Монгол банкинд 2003 оноос 2009 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс тушаасан алтанд Монгол банкны гэрээт цэвэршүүлэгч болох Англи улсын Жонсон Матей компани болон хөндлөнгийн шинжээчээр ажилласан Стеварт групп компаниар сорьцын шинжилгээ хийлгэхэд алтны сорьцын зөрүүгээс нийт 315,1 кг алт буюу тухайн үеийн валютын ханшаар 6,0 тэрбум төгрөг, 2011 оны 2 удаагийн ачилтаар сорьцын шинжилгээнд хүргэгдсэн алтнаас 11,9 кг буюу 800,0 сая төгрөг, 2011 оны 3 дахь ачилтаар 18,3 кг буюу нийт 1,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2011 оны 3 удаагийн ачилтаар Англи улсад хүргүүлж сорьцын шинжилгээ хийлгэсэн алтнаас алт тушаагч Ч.Шинэтуулын 6 удаагийн үйлдлээр тушаасан 16,572,40 граммм алтнаас 2,844,16 грамм, Х.Оюуны 5 удаа тушаасан 1,479,1 граммм алтнаас 2,857,64 грамм, О.Жаргалын 17 удаа тушаасан 41,261,18 грамм алтнаас 5,766,76 грамм, Ц.Цэрэнжаргалын 10 удаагийн 32,564,20 грамм алтнаас 5,367,38 грамм алт тус тус дутагдсан нь Монголбанкны гэрээт цэвэршүүлэгч болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Ч.Шинэтуул, Х.Оюун, О.Жаргал, Ц.Цэрэнжаргал нар нь Монгол банкинд алт тушаахдаа Сорьцын хяналтын албанаас тогтоосон сорьцын алтнаас өөр сорьцтой алт тушааж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Монгол банкинд онц их хэмжээний буюу нийт 1,177,186,253,25 төгрөгийн хохирол учруулсан, Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах нягтлан бодогч С.Цагаанхүү нь Монгол банкыг залилан мэхэлж сорьцын зөрүүтэй алтан гулдмайг тушааж онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Мөрдөн байцаалтын явцад 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 294 дүгээр “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор сэжигтэн Т.Саруулхангай, Ж.Батбаатар нарт холбогдох "Ч.Шинэтуул нартай бүлэглэж Монгол банкинд сорьцын зөрөөтэй алт тушааж залилсан" гэх, 295 дугаар “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч С.Манлайбаатарт холбогдох "Шинэтуул нартай бүлэглэн Монгол банкинд тушаасан алтны жин сорьцыг өөрчлөх замаар онц их хэмжээний хохирол учруулсан" гэх хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.Шинэтуулын үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын яллах дүгнэлтэд Ч.Шинэтуулыг “2011 оны 10 дугаар сарын 28-наас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд өөрөө болон О.Жаргал, Х.Оюун, Ц.Цэрэнжаргал нараар Монгол банкинд 100,859,20 грамм алтыг тушаалгахдаа Сорьцын хяналтын албанаас тоггоосноос өөр сорьцтой алтыг тушаан залилан мэхэлж, Монгол банкинд 1,177,186,253,25 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан” талаар бичиж, ингэхдээ хэдэн удаагийн, ямар үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх 8 гулдмай алтны сорьцын зөрүүний дүн нь хэргийн хохирол гэх 1,177,186,253,25 төгрөгийн хохиролд тооцогдсон эсэх талаар тодорхой тусгаагүй яллажээ.

Шүүх Ч.Шинэтуулд холбогдох хэргийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг “бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй байна, Монгол банкны гэрээт алт цэвэршүүлэгч Англи улсын Жонсон Матей компаниас 2011 оны 3 дахь ачилтын алтыг цэвэршүүлсэн тухай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгайлан томилогдсон шинжээч биш тул шүүх үнэлэх боломжгүй" гэх үндэслэлээр хэргийг цагаатгасан. Ийнхүү цагаатгахдаа Ч.Шинэтуул нь 2010-2012 онуудад, өөрөө болон бусдаар дамжуулан 16 удаагийн үйлдлээр 8 ширхэг алтан гулдмайг Монгол банкинд тушааж, прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар бусдад 1,177,186,253.25 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдсонгүй хэмээн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлээс зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүх цагаатгах талын нотлох баримтыг дурдахдаа Ч.Шинэтуулын Монгол банкинд тушаасан алтнаас жингийн зөрүү гараагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хохирлыг тооцохдоо алтны жингийн зөрүүгээр бус, харин сорьцийн зөрүүнээс үүссэн хохирлоор тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж шийдвэрлэхдээ 8 ширхэг алтан гулдмайтай холбоотойгоор цугларсан нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийн шийдвэрлэжээ.

Хэрэгт шинэ илэрсэн нөхцөл байдлын хүрээнд хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах нөхцөл байдал топгоогджээ. Үүнд:

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын А-70 дугаар тушаалаар 201201000035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 8 ширхэг /2671, 2672, 2674, 2675, 2678, 2679, 2680, 2681 дугаартай/ алтан гулдмайг Сорьцын хяналтын албанд хүргэж, хяналтын доор хайлуулан сорьцыг тогтоолгож гарсан үр дүнгийн талаар арга хэмжээ авч ажиллах зорилгоор Монгол банкны холбогдох албан тушаалтан, цагдаагийн болон тагнуулын байгууллагын ажилтнуудыг оролцуулан нийт 7 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсэг нь дээрх 8 ширхэг алтан гулдмайг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сорьцын шинжилгээнд оруулахад, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Үнэт метал сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын 1340 дугаартай дүгнэлт гарчээ. Дүгнэлтээр 8 гулдмай алтнаас нийт 267,178,950.82 төгрөгийн сорьцын зөрүү илэрсэн байна. Уг алтыг Ц.Цэрэнжаргал, Ч.Шинэтуул, С.Манлайбаатар, С.Батцогт нар 2011 оны 11 дүгээр сарын 21-нээс 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Монгол банкинд тушаасан болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтаар дээрх 8 гулдмайны /2671, 2672, 2674, 2675, 2678, 2679, 2680, 2681 дугаартай/ нийт жин нь 19,647,6 гр, үүнээс үүссэн алтны сорьцын үнийн зөрүү нь 267,178,950,8 төгрөг болж, Монгол банкинд учруулсан хохирлын хэмжээ тогтоогджээ.

Иймд “Ч.Шинэтуул нар нь 2011 оны 11 дүгээр сарын 21-нээс 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкинд нийт 19.583.50 гр алтыг тушаахдаа Сорьцын хяналтын албанаас тогтоосноос өөр сорьцтой алтыг тушааж залилан мэхэлж, Монгол банкинд нийт 267,178,950,8 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Монголбанкинд байсан 8 ширхэг алтан гулдмайг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтэст нэг бүрчлэн хайлуулж, дахин сорьц тогтоолгоход анх тогтоосон сорьцын хэмжээнээс их хэмжээний буюу Монголбанк 267,178,950,8 төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг нь тодорхой болсон. Ч.Шинэтуул нарын нэр бүхий хүмүүс 8 ширхэг гулдмай дотор мөнгө хайлуулан хийж, Монголбанкыг залилсан байна гэдэг шинэ нөхцөл байдал илэрсэн. Энэ хэргийн улмаас Монголбанк хохирол хүлээсэн нь нэгэнт тодорхой байгаа учраас цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.

Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 5-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл:

Ч.Шинэтуул нь 2011 оны 10 дугаар сарын 28-наас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд өөрөө болон О.Жаргал, Х.Оюун, Цэрэнжаргал нараар Монголбанкинд 100,859,20 грамм алт тушаалгахдаа сорьцын хяналтын албанаас тогтоосон сорьцоос өөр сорьцтой алтыг тушаан залилан мэхэлж, Монголбанкинд онц их хэмжээний буюу 1,177,186,253,25 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 320 дугаар цагаатгах тогтоолоор “...нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Шинэтуулыг Сорьцын хяналтын хэлтсээс сорьц, жин тогтоосон алтан гулдмайг өөр сорьцтой алтан гулдмайгаар сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд Монголбанкны гэрээт алт цэвэршүүлэгч Англи улсын Жонсон Матей компаниас 2011 оны 3 дахь ачилтын алтыг цэвэршүүлсэн тухай дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тусгайлан томилогдсон шинжээч биш тул шүүх үнэлэх боломжгүй" гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Шинэтуулыг цагаатган, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын А-70 дугаар тушаалаар 201201000035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 8 ширхэг /2671, 2672, 2674, 2675, 2678, 2679, 2680, 2681 дугаартай/ алтан гулдмайг Сорьцын хяналтын албанд хүргэж, хяналтын доор хайлуулан сорьцыг тогтоолгож гарсан үр дүнгийн талаар арга хэмжээ авч ажиллах зорилгоор Монгол банкны холбогдох албан тушаалтан, цагдаагийн болон тагнуулын байгууллагын ажилтнуудыг оролцуулан нийт 7 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг нь дээрх 8 ширхэг алтан гулдмайг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сорьцын шинжилгээнд оруулахад, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Үнэт метал сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын 1340 дугаартай дүгнэлт гарч, 8 гулдмай алтнаас нийт 267,178,950.82 төгрөгийн сорьцын зөрүү илэрсэн байна.

Уг алтыг Ц.Цэрэнжаргал, Ч.Шинэтуул, С.Манлайбаатар, С.Батцогт нар 2011 оны 11 дүгээр сарын 21-нээс 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Монгол банкинд тушаасан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан шинэ нөхцөл байдал илэрсэн байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.Шинэтуулд холбогдох 201201000035 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.Шинэтуулд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ

                                         ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН