Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-08
Тогтоолын дугаар 160
Хэргийн индекс 106/2015/0598/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Өлзийбаяр
Зүйл заалт 153.1., 181.2.1, 181.2.4.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Өлзийбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогч Д.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэвээн,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар магадлалтай, 2015260000067 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Луугар овогт Баярсайханы Өлзийбаяр нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад заасан “ Давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийбаярт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн иргэн Д.Ганбатыг зодож хөнгөн гэмтэл учруулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Өлзийбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлан танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Б.Өлзийбаярыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаяраас 1.478.550 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганбатад олгуулах, хохирогч Д.Ганбат нь энэ хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Цэвээн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуульд заасан танхайн гэмт хэрэгт Өлзийбаярыг гэм буруутай гэж үзэж зүйлчилсэн байтал анхан шатны шүүхээс “хувийн таарамжгүй харилцаа” гэж үзэн зүйлчлэлийг өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг гарах үед надтай хамт явж байсан охин маань сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Мөрдөн байцаалтын явцад охины болон өөрийн бүх баримтыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Сугар байцаагчид өгсөн боловч хохирогчийн баримтан дотроос охины минь эмчилгээтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй нуун дарагдуулж орхигдуулсан байсан. Анхан шатны шүүхээс охины минь сэтгэцтэй холбоотой гарсан хохирлыг шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн бага охин Номин-Эрдэнэ сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Хавтаст хэрэгт охины сэтгэцтэй холбоотой материалыг нотлох баримтаар өгсөн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэвээн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн охин Номин-Эрдэнийн сэтгэцийн эмгэгийг тогтоосон нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй байдаг. Эдгээр баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, мөн хуулийн 72 дугаар зүйлийг журамлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хохирогч Д.Ганбатын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүх “Хохирогч Д.Ганбатыг бага насны хүүхдээ дагуулж явах үедээ дуут дохио өгсөн автомашинд зам тавьж өгөөгүйгээс болж маргаан үүссэн. Хохирогчийг хүүхдийнх нь хажууд догшин авирлаж, зодож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байхад хувийн сэдэлттэй гэж дүгнэсэн. “Охины сэтгэцэд өөрчлөлт орсон бол Д.Ганбатын буруутай үйлдэл нөлөөлсөн байх магадлалтай” гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

Хохирогч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Өлзийбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэд хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл мөрдөн байцаалтын шатанд дараах ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хохирогч Д.Ганбатын охин Г.Номин-Эрдэнэ хэрэг болсон тухайн цаг үед “сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй” болсон байх боломжтой талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-79/ гарсан, энэ талаар хохирогч Д.Ганбат холбогдох гомдол, нэхэмжлэлээ гаргасаар байхад шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц, ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хохирогч Д.Ганбатыг Б.Өлзийбаярт зодуулж байх явцад хохирогч Д.Ганбаттай хамт явсан охин Б.Номин-Эрдэнэ сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой болно.

2.Охин Г.Номин-Эрдэнийг хохирогчоор, түүний эцэг эх, асран хамгаалагчийг хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоож, Г.Номин-Эрдэнийн эмчилгээтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад М.Сугарт өгсөн эсэх талаар тодруулж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шалгах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэв.

Иймд хохирогч Д.Ганбатын гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” талаар гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч Д.Ганбатын гаргасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлын хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Өлзийбаярт холбогдох 2015260000067 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг шүүхэд очтол Б.Өлзийбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                               ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН