Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-08
Тогтоолын дугаар 161
Хэргийн индекс 152/2015/0020/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма
Зүйл заалт 268.2., 269.1., 269.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Лхамсүрэн, Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг,

С.Пагма нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий 4 дүгээр шийтгэх тогтоол,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, 201320000327 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шангас овогт Баньдын Лхамсүрэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ганган овогт Бүүвэйгийн Мөнгөнтуул нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тугтан овогт Лхагвагийн Баярцэцэг нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бөхнүүд овогт Сосорын Пагма нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мөнгөнтуулд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Б.Лхамсүрэнг “хээл хахууль авах” гэмт хэргийг давтан үйлдсэн, шүүгдэгч Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарыг “хээл хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхамсүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуулд 2 жил хорих, шүүгдэгч Л.Баярцэцэг, С.Пагма нарт тус бүр 1 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж,

шүүгдэгч Б.Лхамсүрэнд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлаас Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарт оногдуулсан хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Б.Гансүх нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаарх илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ө.Нарантуяа, С.Тэгшжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мөнгөнтуул, С.Пагам, Л.Баярцэцэг нар нь ажилд орох зорилгоор Б.Лхамсүрэнд мөнгө, эд зүйл өгсөн гэх боловч өгсөн гэх баримт нь хангалттай бус, дамжуулж өгсөн гэх хүмүүс болон дээрх шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй.

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект нь олон нийтийн ашиг сонирхол, нийгмийн шударга ёс байдаг бөгөөд энэ хэргийн улмаас дээрх байдал зөрчигдсөн байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхол, нийгмийн шударга  ёсонд хор хохирол учирсан зүйл огт байхгүй. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн идэвхтэй байдлаар илэрдэг. Б.Лхамсүрэн хээл хахууль авсныхаа төлөө хуулиар хүлээсэн ямар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёстой ямар үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон ямар үйл ажиллагааг явуулсан бэ гэдэг нь тогтоогдоогүй.                      

Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Шийтгэх тогтоолд Б.Лхамсүрэнг 2013 оны 8 дугаар сард Б.Мөнгөнтуулаас 500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэж дүгнэсэн боловч дансанд орсон уг мөнгийг огт авч хэрэглээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Лхамсүрэнгийн дансны хуулгаас тодорхой харагдаж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Зуучлагч гэх хүмүүсийг шалгаагүй зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаанууд бүрэн бус хийгдсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн хийх боломжгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Шүүх хуралдаан даргалагч нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийг уншиж танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг зөрчсөнөөс гадна шийтгэх тогтоол шүүхийн хэлэлцүүлгээс урьдчилан гарсан гэх хардлагыг бий болгож байгааг тэмдэглэе. Шийтгэх тогтоолын огноо буруу бичигдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл байтал давж заалдах шатны шүүх техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийг зөрчсөн. Гэрчүүд хэрэг гарсан он, цаг хугацаа, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрдөг. Хэрэг үйлдсэн, хээл хахууль өгсөн талаар мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай гэрчүүдийг байцаагаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь нотлох ажиллагааг хийгээгүй. Хээл хахууль өгсөн гэх Мөнгөнтуул, Пагам, Баярцэцэг нар нь хоорондоо ах, дүү, хамаатан, садангийн холбоотой хүмүүс юм. Эдгээр хүмүүс нэг цаг хугацаанд давхардаж гомдол гаргасан байдаг. Увс аймгийн Өмнөговь сумд байгаагүй цаг хугацаанд хээл хахууль өгсөн тухай асуудал хавтаст хэрэгт авагдсан байна. 2011 оны 08 дугаар сард хахууль өгсөн гэдэг боловч тухайн үед Улаанбаатар хотод ажлаар явж байсан нь жолоочийн магадлагаа, бичиг баримтаар нотлогддог.  Хэрэгт шалгаж тогтоох асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Б.Лхамсүрэн нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагам нарыг сургуульд багш, нийгмийн ажилтан, эмчээр ажилд авна гэж нийт 2.100.000 төгрөгийг давтан үйлдлээр авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагам нар нь ажилд орох зорилгоор Б.Лхамсүрэнд хээл хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалтай шалгагдаж, тогтоогдсон. Шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь “хууль ёсны ба үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан “Сум буюу сум дундын … шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151 дугаар захирамжаар /3-р хх-144/ шүүгдэгч Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийг томилсон ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасны дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар шүүхийн тогтоолыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 106 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар  захирамжаар /3-р хх-206/ шүүгдэгч Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг томилох захирамж гаргаж, өөр аймгийн шүүхийн шүүгч болох Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнд томилж, улмаар уг хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх заалтад заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий 4 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан харьяаллын дагуу Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн атлаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий 4 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, техникийн шинжтэй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаас зөвтгөх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах талаар гаргасан гомдолд хяналтын шатны шүүх энэ удаа дүгнэлт хийх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий 4 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарт холбогдох эрүүгийн 20130000327 дугаар хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Лхамсүрэнд авсан цагдан хорих арга хэмжээ, шүүгдэгч Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН