Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-15
Тогтоолын дугаар 168
Хэргийн индекс 155/2016/0007/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Г.Батсайхан
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Батсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам тэдгээрийн өмгөөлөгч В.Энхболд

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, 201522000257 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Өлзийбаяр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаангэр овогт Ганболдын Батсайхан нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Батсайханыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Батдорж, В.Энхболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Өлзийбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батдорж хэлсэн саналдаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхам, гэрч Ц.Бүрэнзаяа, Ч.Даваадорж нарын мэдүүлгүүдээс үзэхэд амь хохирогч Б.Цэрэндаваа нь Төмөрбулаг сумаас Мөрөнд ирээд 5-6 цаг орчмын хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан. Энэ хугацаанд Б.Цэрэндаваа хаана, хэнтэй хамт байсан, юу болсон талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад “чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалган тогтоосон байна” гэсэн шүүхийн дүгнэлт өрөөсгөл болжээ.

Ялангуяа гэрч Ц.Бүрэнзаяа нь талийгаачтай 20 цагт уулзсан гэж мэдүүлсэн атлаа түүний биед ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүйг нотлох гэж оролдсон нь илтэд үнэмшилгүй бөгөөд ямар нэгэн шалтгааныг бий болгожээ. Гэрч Ц.Бүрэнзаяа, Ч.Даваадорж нарын эхний мэдүүлэг нь дараагийн мэдүүлгээсээ эрс зөрдөг. Сүүлчийн мэдүүлгийг камерын бичлэгтэй тохируулга хийсэн байх үндэслэлтэй. Эхлээд гэрчийн мэдүүлэг өгсний дараа нь сэжигтнээр тооцогдон хоригдож, дараа нь буцаад гэрч болсон, амь хохирогчтой хамт нэг өрөөнд буудалд байсан Б.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Гэрч Б.Баасанцэрэн нь анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцож амь хохирогч согтуу байсныг, мөн гаднаас орж ирээд сандал дээр сууж байхдаа хоёр гараараа толгойгоо бариад тонгойгоод суугаад байсныг тус тус гэрчилсэн. Мөн Г.Батсайхан нь амь хохирогчийг нэг л удаа алгадсан гэж шүүх хурал дээр мэдүүлсэн бөгөөд өөрийнхөө өгсөн зөрүүтэй мэдүүлгээ бүгдийг үнэн зөв мэтээр тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх нь Б.Баасанцэрэнгийн мэдүүлгийг бүгдийг үнэлсэн нь алдаатай боллоо.

...Нэгэнт тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг шүүхүүд үнэлсэн хэдий ч дүгнэлтийн зарим хэсгийг яллахад хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тухайлбал, давж заалдах шатны шүүх нь ялтан болон түүний өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэхдээ  ...28 тоот дүгнэлтийн 3 дахь заалтад “унах, цохигдох аль алинд нь үүсгэгдэх боломжтой” гэснийг мөн дүгнэлтийн 8 дахь заалтад “хөлөөр дэвсэх болон өшиглөх үед илүү үүсэх боломжтой” гэснийг тус тус орхигдуулж, үг үсгийн өмнөх хэсгийг таслан авч, дүгнэлтийн заалтын утгыг алдагдуулан, зориуд буруутгах байдлаар ялган хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд харамсалтай байдлыг бий болголоо.

Ялтан Г.Батсайханд хохирогчийн амь насыг хохироох шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй, түүнийг нотолсон үйл баримт хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагч Г.Батсайханаас өмгөөлөгчийг нь оролцуулалгүйгээр мэдүүлэг авсан. Ингэхдээ хэрэг хүлээлгэх гэж тулгах, хөтлөх зэргээр мөрдөн байцаалт явуулсан байдаг. Мөн буудлын камерын бичлэгийг хураан авсан атлаа яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй хэрэгт хавсаргасан. Яллагдагч Г.Батсайхан нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч байхдаа хохирогчийн зам маршрутыг шалгаж өгөхийг хүсэлт болгож байхад хэрэгжүүлээгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... Г.Батсайхан нь миний хүүг ажилд орохоос 7 сарын өмнө ажлаасаа халагдсан Г.Дэлгэррагчаа гэгч эмэгтэйн төлбөрийн асуудлаар хүүг минь буруутгаж, маргаан үүсгэж бусдын хэлсэн худал үгэнд итгэж, өс хонзон санаж явсаар өөрийнх нь санаанд ороогүй зүйлээр буруутгаж, өс хонзонгоо тайлах зорилгоор зочид буудалд ирж хонон Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн, С.Батбаяр нартай үгсэн хуйвалдаж, унтаж амарч байхад нь хүүгийн минь өрөөнд орж зодож, гэмтэл учруулан өрөөнөөс нь хөөн гаргаж коридорт хонуулж, эмнэлгийн тусламж үзүүлэлгүй амь насыг нь хохироосон. ...404 тоот өрөөнд миний хүүг ирэхээс өмнө Г.Батсайхан нь Б.Баасанцэрэнтэй 22 цаг 14 мин 30 секундэд  орж гарсан бичлэг камерт бичигдсэн байхад Г.Батсайхан, Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн нар хүүг минь ирсний дараа өөрсдөө хоорондоо уулзсан юм шиг мэдүүлэг өгсөн нь Г.Батсайханаас өмнө нь буруу зөрүү мэдээлэл авч байсныг нууж байгааг харуулдаг.

Б.Баасанцэрэн нь Г.Батсайханы Б.Цэрэндаваад өш хонзонтой болохыг ашиглаж Г.Батсайханаар хүүг минь зодуулж өрөөнөөс нь гаргуулахыг хүссэн ч чадалгүй дахин Б.Батбилгүүнийг дагуулан орж хүч хэрэглэн гаргаж коридорт хонуулж, Г.Баярцэнгэлийг өрөөндөө оруулж унтаж хонодог. Зочид буудлын 4 давхарын камерын 22 цаг 14 минут 30 секундээс 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 14 цаг хүртэл хуулбарласан бичлэгт хяналт хийж дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Г.Батсайхан, Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн, С.Батбаяр, Э.Хадбаатар нарын гэмт үйлдэл нь өс хонзонгийн сэдэлттэй, үгсэн тохиролцож бүлэглэсэн, зохион байгуулалттай хүнийг санаатайгаар алсан онц хүнд гэмт хэрэг байсан эсэхийг хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хянан шалгаж зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэнэ гэдэгт бид итгэж байна.

Эмч Б.Чулуунбат “хэрэв талийгаач эмнэлэг дээр ирсэн цаг хугацаанаас ойролцоогоор 1 цаг 30 минутын өмнө ирсэн бол бид хагалгаа хийж амийг нь аврах боломж байсан” гэж мэдүүлсэн. Г.Батсайхан, Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн, Э.Хадбаатар, С.Батбаяр нарт арга хэмжээ авч хариуцлага тооцоогүйд гомдолтой байна.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Саналгүй” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Г.Батсайханд холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Өлзийбаяр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.Батсайханд холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Батсайхан нь 2015 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Чингис зочид буудлын 404 тоот өрөөнд амь хохирогч Б.Цэрэндаваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь зүүн зулай, чамархайн булчин дагз, чамархай хэсгийн хуйханд цус хуралт, баруун чамархай хэсгийн тархины няцрал, зөөлөн бүрхүүл доторх тархмал цус харвалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Батсайхан, гэрч Б.Баасанцэрэн, Э.Хадбаатар, Б.Батбилгүүн, Ч.Даваадорж, Л.Гантөмөр нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Г.Батсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан түүнд 10 жил 01 сар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүх зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэх эрх хэмжээтэй ба шүүгдэгч Г.Батсайхан нь энэ хэргийг  бусадтай үгсэн тохиролцож бүлэглэж үйлдсэн, эсхүл урьдаас төлөвлөж өс хонзонгийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул иргэн Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн, С.Батбаяр, Э.Хадбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын, мөн Г.Батсайхан, Б.Баасанцэрэн, Б.Батбилгүүн, Э.Хадбаатар, С.Батбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Өлзийбаяр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлсайхан, Б.Нямдаваа, Х.Лхам нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                               ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН