Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-03-31
Тогтоолын дугаар 72
Хэргийн индекс 187/2016/0115/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Ганмөрөн М.Лхагвабаяр
Зүйл заалт 147.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр магадлалтай, 201626030533 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сартуул овогт Ганбаатарын Ганмөрөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тогоруутан овогт Мөнхболдын Лхагвабаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганмөрөнг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоон/ жилийн, М.Лхагвабаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 7/ долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Лхагвабаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой байна. Булаах гэдэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл юм. Иймд М.Лхагвабаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Г.Ганмөрөнгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Зүйлчлэлийн хувьд Д.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохирогчийг насны байдлаар нь сонгож байгаа байдлыг харахад булаалтын шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан ял, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотолсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарт оногдуулсан ял, дэглэм нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх  тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 5-10-ны өдрийн хооронд 5 удаагийн давтан үйлдлээр иргэн Б.Сожидмаа, С.Цэдэвсүрэн, Г.Диваанансал, Л.Тэрбиш, Ж.Пүрэвсүрэн нарын амь бид аюултайгаар хүч хэрэглэн 3,024,000 төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Амь биед аюултайгаар хүч хэрэглэх тухай ойлголтод зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэхээс гадна хохирогчийн эсэргүүцлийг дарах, айлгах, заналхийлэхэд чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгох бөгөөд хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрахаас гадна бодитой хор уршиг учраагүй боловч амь биед аюултай нөхцөл байдал бий болгохоор байсныг хамааруулан ойлгоно.

Булаах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг бол дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгддэгээрээ ялгагдана.

Энэ хэргийн тухайд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч нарын насны байдлаар сонголт хийж, араас нь дагаж  хоолойг боох, ам, нүдийг нь дарж унагаах, толгойг нь бүтээх, дагаж яваад хүнгүй газар очих, ээмгийг нь авахдаа чихийг нь сэтэлж биед нь хөнгөн гэмтэл учруулсан зэрэг идэвхтэй үйлдлүүд хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэхүү довтолгоон хийгдэж эхэлсэн үеэс дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ