Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-03-31
Тогтоолын дугаар 73
Хэргийн индекс 171/2016/0028/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Баянжаргал С.Баасанням
Зүйл заалт 147.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Баасанням, Б.Баянжаргал нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 201609000509 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Илжгэн овогт Сүрэнжавын Баасанням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Засгууд овогт Батболдын Баянжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баасанням, Б.Баянжаргал нарыг бүлэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн  довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч С.Баасаннямд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Баянжаргалд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх ба шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй. Шүүгдэгч нар орцонд насанд хүрээгүй хохирогчийн эд зүйлийг авахдаа ямар нэг хүч хэрэглээгүй, зодож цохисон байдалгүйгээр авсан байдаг бөгөөд хохирогч ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүйгээр эд зүйлээ өгсөн. Энэ байдал нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон. Эд зүйлийг нь дээрэмдэн авах талаар ч шүүгдэгч нар үгсэн тохироогүй. Дээрэмдэх санаа зорилго байсан бол хохирогчтой уулзмагц санаа зорилгоо хэрэгжүүлэх боломжтой байсан. Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэгтэй эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар хууль бусаар, өөртөө болон бусдын өмчлөлд бүрэн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулдаг шинжээрээ төсөөтэй боловч булаах гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэг хүч хэрэглэдэггүй, үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах холдох шинжтэй байдгаараа ялгардаг. С.Баасанням, Б.Баянжаргал нар нь бусдын өмчлөх эрхэнд байгаа эд зүйлсийг бие махбодид нь хүч хэрэглэхгүйгээр булаан авч байгаа идэвхтэй үйлдэл хийсэн нь булаах гэмт хэргийн обьектив талын шинжийг агуулснаас гадна хохирогчийн эд зүйлийг авч байх үедээ хохирогчид бие махбодь болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй нүдэн дээр нь ил аргаар эд зүйлийг салган авч хохирогчоос зугтаж орцноос түрүүлж холдож явснаар булаах гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь харагддаг. Баасаннямын хохирогчийг нэг удаа алгадсан үйлдэл нь хохирогчийн эд зүйлийг авсны дараа үйлдэгдсэн байдаг ба үүнийг яллах дүгнэлтэд хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж үзсэн нь үндэслэлгүй ба хэргийн бодит байдалд нийцээгүй. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл ба энэ нь идэвхтэй үйлдлээр илрэхээс гадна биет байдлаар тэр санаа зорилго нь хэрэгжих нөхцөл байдал байсан эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Шүүгдэгч нарыг бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэдний анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... С.Баасанням, Б.Баянжаргал нарт холбогдох хэрэгт хамааралтай нотлох асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотолж тогтоосон. Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт нь тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Баасанням, Б.Баянжаргал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны шөнийн 24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монта 3 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Х.Анхбаярыг “халаасандаа байгаа мөнгө болон утсаа гаргаж өг, 20,000 төгрөг өг, үгүй бол үхтэл чинь зодно” хэмээн айлган сүрдүүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж гар утас, пүүз, савхин куртик зэрэг нийт 240,000 төгрөгийн эд зүйл дээрэмдсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

С.Баасанням, Б.Баянжаргал нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан биечлэн эдлэх ялыг тухайн зүйлд заасан ялын хэмжээнээс доогуур оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Булаах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг бол дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгддэгээрээ ялгагдана.

Энэ хэргийн тухайд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогчийг “мөнгө, утсаа гаргаж өгөхгүй бол үхтэл чинь зодно” гэж айлган, сэтгэлзүйн хувьд заналхийлж айлган, өөрийн хүсэл зоригоор бус “зодуулах вий” гэсэн айдсын улмаас эд зүйлээ өөрөө өгөх байдалд зориуд хүргэсэн, энэхүү хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас эд хөрөнгөө тэр дор нь өгөхгүй бол яг тухайн үед хүч хэрэглэх аюул тулгарсан шинжээрээ дээрмийн гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” шинжийг бүрэн агуулсан бөгөөд ийнхүү довтолсноор уг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Баасанням, Б.Баянжаргал нарын насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж байгаа халдлага, довтолгооны улмаас хохирогч өөрөө эд зүйлээ довтлогч этгээдэд өгч байгаа нь өөрийн хүслээр бус хүчинд автагдан айж, аргагүйдсэн, уг заналхийлэлд шууд өртсөн, заналхийлэл бодитой байсныг илэрхийлж байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурьдсан “хохирогч өөрөө эд зүйлээ өгсөн”, “хүч хэрэглээгүй”, “эд зүйлийг нь авсны дараа хүч хэрэглэсэн” зэрэг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж буй үндэслэл няцаагдаж байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нарын “хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ