Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-05
Тогтоолын дугаар 132
Хэргийн индекс 157/2017/0005/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нар
Зүйл заалт 091.2.2, 181.3.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ж.Батжаргал Г.Лхагвасүрэн нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, С.Нарангэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхгэрэл,

Нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалтай 201623010048 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Батжаргал, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ямаан хачиг овогт Гомбожавын Лхагвасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Лхагвасүрэнг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Батжаргалыг 18 жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Батжаргалд оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарын тус тус цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батжаргалаас 14.515.550 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баяр-Ундарга, Ш.Мөнхгэрэл нарт олгож, шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Батжаргалын өмгөөлөгч Д.Гангантөгс, Х.Баатарбилэг, Д.Оуюнбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оуюнбаатар, С.Нарангэрэл нарын нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Батжаргал би талийгаач Ш.Ууганбаатарыг айлгаж ичээх л асуудал болсон юм. Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5921, 1275 тоот дүгнэлтэд ханыг хүчтэй болон өнгөц мөргөсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Би бол талийгаачийг тухай үед хана мөргөөгүй гэж боддог. Энэ дүрс бичлэгийг нарийвчлан бүрэлдэхүүнтэй тогтоолгох хүсэлтэй байна. шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот дүгнэлтэд гэрч Б.Мөнхзаяагийн мэдүүлсэн ар нуруундаа зулгарсан шарх, баруун гуяны гадна хэсгийн улайссан хэсгийг тусгаагүй нь шинжээч эмч уг гэмтлийг нуун дарагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн гэрч Мөнх-Оргилын худал мэдүүлгийг хүчээр тулгаж байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгахгүй байна. Гэрч Т.Ганбаатар, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж нар нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Лхагвасүрэнг гол дээр талийгаачийг зодож толгойн тус газар нь цохиж, хутгалсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогч Ш.Ууганбаатар нь Г.Лхагвасүрэнд зодуулсан газраасаа огт босоогүй, ухаангүй болсон байдаг бөгөөд улмаар эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан хэдий ч ухаан оролгүй нас барсан. Энэ байдал маш ноцтой бөгөөд эндээс үзэхэд Г.Лхагвасүрэнгийн үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэж байна. Талийгаач нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны орой надтай бааранд таарч муудалцаж, зодолдсоны дараа нүүр ам, толгойдоо сэвтсэн зүйл огт байгаагүй. Миний бие хүний амь насыг хохироох ямар ч санаа зорилго агуулаагүй байхад ял шийтгэсэнд гомдолтой байна” гэжээ.

Шүүгдэгч Ж.Батжаргалын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...талийгаач Ш.Ууганбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны орой “Оч” бааранд Ж.Батжаргалтай маргалдаж зодолдоод найз Т.Ганбаатартайгаа тус баарнаас гарч, өөрөө машинаа барьж явсан байдаг бөгөөд тухай үед ил харагдах гэмтэл, шарх байгаагүйг гэрчүүд нотолсон байдаг. Харин 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Лхагвасүрэнд зодуулсны улмаас гавал тархины битүү гэмтэл авах магадлалтай юм. Гэвч байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж, хэргийг дутуу шалгаж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоогоогүй. Байцаан шийтгэх ажиллагаа эхлэх үеэс камерын бичлэгт үндэслэж Ж.Батжаргалд хэргийг тулгаж, хэт нэг талыг баримталж хэргийг шалгасан. Гэрчүүдийн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, зарим шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг огт аваагүй, маршрут дутуу шалгасан, хэрэгт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг яллагдагч Ж.Батжаргалд танилцуулаагүй, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хэрлэн” голын эрэгт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 2 хэсэг шороонд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилоогүй, уг шороо алга болсон, архины шил яагаад хагарсан талаар тодруулсан зүйл хэргийн материалд огт байхгүй, камерын бичлэгт үндэслэж гэрч Т.Ганбаатарыг тулган бааранд болсон асуудлыг дүрслэн заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн хэргийн газрын тэмдэглэлд тусгасан, мөн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын асуултад “талийгаачийг үхэлд хүргэх болсон гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны оройны 2300 цагийн орчим байж болох эсэх” талаар асуусан зэрэг нь хэт нэг талыг баримталсан болох нь харагдаж байна. Мөрдөн байцаалтыг бүрэн бодитой явуулаагүй, шүүгдэгч Ж.Батжаргал нь талийгаач Ш.Ууганбаатарыг үхэлд хүргэх гавал тархины битүү гэмтэл учруулсан эсэх нь бүрэн нотлогдоогүй байхад шүүх Ж.Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ж.Батжаргалын өмгөөлөгч Х.Баатарбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ж.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар ял оноож, шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг үүссэнээс хойш хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанаас эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Батжаргалын өмгөөлөгч Д.Оюунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч Төгсбаяр нь шүүгдэгч Ж.Батжаргалыг 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаахдаа “...Таны үйлдлийн улмаас Ш.Ууганбаатар нас барсан байна” гэж тулгаж байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Ерөөл архины шилний хагархай, цусаар бохирлогдсон хөрснөөс 2 уутыг дээж болгож авав” гэж тусгагдсан байхад эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй. Хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт байхад архины шил яагаад хагарсан талаар тодруулсан зүйл хэрэгт байхгүй. Мөн цусаар бохирлогдсон хөрснөөс дээж авч шинжлээд цус мөн үү, цус бол хэний цус байна гэдгийг шалгаад Г.Лхагвасүрэнгийнх юм уу, өөр хүнийх байна уу гэдгийг тогтоох боломжтой байсан. Тухайн үед Г.Лхагвасүрэнгийн дүү Г.Лхагвадорж, Т.Болдбаатар нар байсан учраас энэ хүмүүс бүлэглэн зодсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг мухарлаж тогтоохын тулд шинжээч томилох шаардлагатай байсан. Үхэлд хүргэх битүү гэмтлийг аваад 24-48 цаг болсон байна гэж дүгнэсэн байдаг. Г.Лхагвасүрэнд зодуулснаас хойш шүүх шинжилгээний эмч задлан хийх хүртэл 24 цаг болсон. Шинжээч томилсон тогтоол, болон дүгнэлтүүдийг Ж.Батжаргалд танилцуулаагүй. Хэрэг 08 дугаар сарын 25, 26-ны гэсэн 2 өдөр явагдсан байхад мөрдөн байцаагч нь шинжээч эмчээс “...энэ 25-ны өдрийн 2300 цагийн үед үүсэх боломжтой юу” гэж асуухад нь “боломжтой” гэж хариулсан байдаг. Үүнээс харахад мөрдөн байцаагч анхнаасаа нэг талд үйлчилсэн. Мөн шаардлагатай гэрчийг байцаагаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь болсон хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байдаг. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч С.Нарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анх амь хохирогч Г.Лхагвасүрэнгийн бөөрөн тус газар өшиглөсний улмаас газар унасан. Үүнээс болж хутга барин нүүрэн тус газар нэг удаа зүссэн. Үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа учраас зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шийтгэх тогтоол болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хуулийн шаардлагад нийцсэн байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж тогтоосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг  бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийн зүйлчлэл, түүнд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлууд болон үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

Шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 18 тоот шинжээчийн дүгнэлтэд заасан “...гавал тархины битүү хүнд гэмтэл буюу их тархины баруун бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” гэх гэмтлийн үндсэн шинж чанар, үүсэх хүндрэлийн магадлалт цаг хугацааг нарийвчлан тогтоох, ийм гэмтэл авсан тохиолдолд өвдөлт зовиургүйгээр хэдий хугацаагаар эмнэлгийн тусламж авахгүй байж чадах, мөн идэвхтэй үйл хөдлөл хийх, хүнтэй чөлөөтэй харилцах боломжтой эсэхийг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд нарийвчлан тогтоож дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн үхэлд хүргэсэн хүнд гэмтэл хэдийд учирсан байж болох, энэ нь шүүгдэгч Ж.Батжаргал болон  шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн хэнийх нь үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх нь хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн дээрх зөрчил нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Батжаргал, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар нарын “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ж.Батжаргал, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар нарын гаргасан гомдлыг хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН