Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-05
Тогтоолын дугаар 80
Хэргийн индекс 142/2016/0178/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ш.Баяртай
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ш.Баяртайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, 201514000535 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Ж.Шинэжаргал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Уран овогт Шархүүгийн Баяртай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Баяртайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баяртайг 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Ж.Шинэжаргал, хохирогч Д.Энхцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Баяртайн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...талийгаачийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн шинжилгээний албаны 74, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 592, 1439 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарч чадаагүй. Талийгаач өмнө нь тархиндаа хүнд гэмтэл авч, гудамжинд ухаангүй хэвтэж байхад нь эмнэлэгт хүргэж эмчлүүлсэн тухай өвчний түүх 2 дугаар хавтаст хэргийн 240-250 дугаар хуудсанд авагдсан. Мөн талийгаач нь тархины хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж группт орсон байдаг. Түүний өмнө авч байсан гэмтэл нь шинэ гэмтэлд нөлөөлөх эсэх, талийгаачийн амь хохирсон асуудал зөвхөн шинэ гэмтлээс болсон эсэх талаар шинжээчдээс огт асуулт тавиагүй орхигдуулсан. Энэ нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх, зүйлчлэлийг зөв тогтооход нөлөөлж болохуйц нотлох баримт болно гэж үзэж байна. Иймд давтан шинжээч томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Баяртайн өмгөөлөгч Ж.Шинэжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүхээс Ш.Баяртайд оногдуулсан ял хүндэдсэн, зүйлчлэл буруу болсон гэж үзэж байна. Тэрээр хохирогч Д.Гэрэлийн өөрөөсөө олон насаар эгч хүнийг ганцаараа байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орох гэж улайран ёс бус үйлдэл удаа дараа гаргасныг таслан зогсоохын тулд архины шилээр толгойн тус газар нь цохисон нь бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг агуулаагүй байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив шинж нь бусдын амь насанд аюул учруулах үйлдлээ ухамсарлаж ойлгодог үүнээс гарах үр дагаврыг урьдчилан харж зориуд үхэлд хүргэхэд чиглэсэн байдаг. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд Ш.Баяртайн үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив шинж тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэсэн зүйл ангийн субьектив шинжийг агуулж байна. Энэ зүйлийн субьектив тал нь хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлийн улмаас гэнэт үүсдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тодруулалгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Ш.Баяртай нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд түүнийгээ нуух гэж янз бүрийн байдлаар оролдсон. Оройны 20 цагаас эхлээд ах дүү нар руу нь “тасраад уналаа ирж ав” гэж утасдах, такси дуудаж суулгаж явуулах гэх зэрэг үйлдлүүд хийсэн. Өөрөөр хэлбэл Гэрэлийн амь нас аюултай байдалд орж, хохирч байгааг мэдсэн. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдалд тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ш.Баяртай нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-15 тоотод Ш.Гэрэлтэй хамт архи ууж байхдаа “өөрийг нь оролдлоо” гэх шалтгаанаар толгойн тус газар нь архины шилээр, нуруу луу нь сандлаар цохин бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Ш.Баяртайд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй болно.

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, энэ үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагддаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал нь “Ш.Баяртай өөрийг нь удаа дараа оролдоод байсан тул сэтгэл санаа нь цочрон давчидан уурлаж, толгой руу нь архины шилээр цохисон” гэж гомдол гаргадаг боловч шүүгдэгч анхны мэдүүлэг болон сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа “оролдсон, цохисон” талаар огт дурдаагүй, хэрэг гарснаас хойш бүтэн жилийн дараа “оролдохоор нь цохисон” талаар зөрүүтэй мэдүүлдэг, мөн хэрэг болсон даруйд хохирогчийн ар  гэрийнхэн рүү “тасраад уначихлаа ирж аваарай”, “хүнд зодуулаад ороод ирсэн байна” гэх зэргээр өөр өөрөөр мэдээлж, улмаар такси дуудаж явуулах зорилготой байсан боловч таксины жолооч авч яваагүй зэрэг үйл баримтаас харахад шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэж, түүнийгээ нуун дарагдуулах арга хайсан байдлаар үгүйсгэгдэж байна.

Мөн хяналтын шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт заасан “Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг  нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” тул анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн хэрэглээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчил, хэргийн бүх ажиллагаанд байсан эсэхийг хянасан болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын “Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх, өмгөөлөгч Д.Энхбаярын “... шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай тул анхан шатны шүүхэд хэргийн буцаах” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Ж.Шинэжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ