Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-10
Тогтоолын дугаар 133
Хэргийн индекс 188/2017/0004/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Гантогтох
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Гантогтоход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид,

Нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар магадлалтай 201510010105 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Урианхай овогт Дашжамцын Гантогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 569 /таван зуун жаран ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Гантогтохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дарьжав нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...шүүхээс Д.Гантогтохыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй. Танхайн сэдэлт гэдгийг Улсын Дээд шүүх 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тайлбарласан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг мэдэх цорын ганц гэрч Ш.Сайнбуян нь “биеэ авч явах чадваргүй согтуу байсан, би юу ч санахгүй байна” гэх зэргээр нийт 9 удаа илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Ш.Сайнбуян “...талийгаач нь Д.Гантогтоход хандан “чи манай ангид тохирохгүй, учир нь чадваргүй, сэтгэлгүй хүн” гэж хэлсэн, яг миний ой ухаанд хадгалагдаж үлдсэн үг бол талийгаачийн хэлсэн дээрх үг юм” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд уг мэдүүлгээр тэдгээрийн хоорондын маргаан нь хувийн таарамжгүй харьцаа байсан нь тогтоогдож байна. Шүүх Д.Гантогтохыг танхайрсан гэх үйлдэл, түүний сэдэлтийг ямар үндэслэлээр тогтоож байгаа нь эргэлзээ бүхий байна. Д.Гантогтохыг илт зөрүүтэй мэдүүлэг өгч байсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү, хэрэв нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзвэл хэргийг тохирох зүйлээр зүйлчилж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын шатны шүүх хуралдаанд: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...хохирогч О.Бат-Эрдэнийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь Д.Гантогтохын цохилтоос үүссэн гэж үзэх үндэслэлтэй, энэ гэмтлээс өмнө амь хохирогч ямар нэг байдлаар бэртэж гэмтээгүй, зодуулж цохиулаагүй нь тогтоогддог. Харин Д.Гантогтох хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Д.Гантогтоход холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Гантогтоход холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0100 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Бат-Эрдэнэтэй маргалдан, түүнийг  зодож, гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Д.Гантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтыг буруу ойлгон хэрэглэжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “Танхайн сэдэлт” гэдэгт нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар нэгэн шалтаг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, нийгмийн хэв журам болон ёс суртахууны наад захын хэм хэмжээг илтэд зөрчихөд чиглэсэн хувийн бус, танхайн шинжтэй сэдэлтийг хамруулж үздэг. Харин тодорхой сэдэлтэй буюу хувийн таарамжгүй харьцаа зэргээс үүдэн маргалдсан, ингэхдээ тодорхой субьект руу тухайлан хандсан үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон бол дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах болно.

Шүүгдэгч Д.Гантогтох нь О.Бат-Эрдэнэтэй хамт ажилладаг танил бөгөөд хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед талийгаач О.Бат-Эрдэнэ   шүүгдэгчийг “чадвар муутай, тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй” гэж шүүмжилсэн агуулга бүхий үг хэлж, хувь хүний ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшинтэй холбоотой асуудлыг анхлан хөндөж, дээрх хувийн шинж бүхий шалтгаанаар хоорондоо харилцан маргалдаж, зодолдсон бөгөөд улмаар хохирогчид гавал, тархины далд гэмтэл учирч нас барсан үйл баримт тогтоогджээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгт дээр дурдсан маргааны эхлэл, шалтгааныг үгүйсгэсэн, өөрөөр мэдүүлсэн зүйлгүй байхад шүүх Д.Гантогтохын үйлдлийг ямар нэгэн шалтаг шалтгаангүй буюу танхайн сэдэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Д.Гантогтохын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилж, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: “...Шүүгдэгч Д.Гантогтохыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН