Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-10
Тогтоолын дугаар 84
Хэргийн индекс 171/2016/0083/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Э.Өнөболд
Зүйл заалт 251.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э.Өнөболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч Э.Өнөболдын өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар магадлалтай, 201616000077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2,808,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Шарайд овогт Эрдэнэхуягийн Өнөболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Өнөболдыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөболдод 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Өнөболд, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Өнөболдын өмгөөлөгч Б.Ганпүрэв хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Э.Өнөболдын үйлдэл нь хэлбэрийн хувьд бороохой зэрэг хууль сахиулагчийн тусгай хэрэгсэл ашигласан нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний зарим нэг шинжийг агуулж байгааг үгүйсгэхгүй. Гэвч Э.Өнөболдын үйлдлийн улмаас зөрчигдөж буй обьект нь “Нийгмийн аюулгүй байдал, хэв журам” биш Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн обьект зөрчигдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн обьект нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүх, шүүхийн шүүн таслах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах хэвийн байдлыг хангахтай холбогдсон харилцааг гэм буруутай этгээдээс зөрчсөн нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн обьект байхаар хуульчилжээ. Э.Өнөболдын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдсан этгээдийг эрэн сурвалжлах, дайчлан баривчлах, цагдаагийн байгууллагад хүргэх, албадан түр саатуулах, үзлэг нэгжлэг хийх, тээврийн хэрэгслийг түр саатуулах, тайлбар гаргуулах зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагааны үндэслэл, журмын дагуу хийгдвэл зохих ажиллагааг зөрчиж хүч хэрэглэсэн гутаан доромжилсон үйлдэл болжээ. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны зарчим, хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн давхар обьекттой гэмт хэрэг байх бөгөөд энэхүү үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй. Э.Өнөболдын холбогдсон хэргийн улмаас зөрчигдсөн обьектын шинж нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьекттой гэдэг нь гэмт халдлагад өртөгчийн шинж байдлаар нотлогддог. Эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулах, тэдгээрээс тайлбар авах үзлэг, нэгжлэг хийх үедээ мэдүүлэг авах зорилгоор хүч хэрэглэсэн гэмт үйлдлийг Э.Өнөболд хэрэгжүүлсний улмаас Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учирсан. Өөрөөр хэлбэл хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулагдсан этгээдүүдээс ямар ч албадлагагүйгээр хуульд заасан эрхээ эдлэх, тайлбар, мэдүүлэг өгөх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлээгүй хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй нь тогтоогдож байна. Түүний үйлдэл нь Эрүүдэн шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж нь хүч хэрэглэж, тохуурхан даажигнаж, хуурч мэхлэх үйлдлийг хэрэгжүүлсэн байхыг шаарддаг. Энэ гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн зарим шинжтэй төсөөтэй боловч үйлдлээ хэрэгжүүлсэн гэмт хэргийн зорилгоороо ялгагддаг. Э.Өнөболд нь хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарт хүч хэрэглэсэн, тохуурхан даажигнасан гэмт үйлдлийг хэрэгжүүлэхдээ үйлдсэн хэргийнх нь талаар яриулах, мэдүүлэг тайлбар гаргуулах зорилго байсан нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байна. Иймд түүний гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүй, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгыг шүүх танхайрах гэмт хэргийн сэдэлтүүдээс ялган зүйлчлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэрэгт нотлогдвол зохих асуудлууд нотолгооны шаардлага хангаагүйгээс зүйлчлэлийн хувьд алдаа гарч шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Иймд зүйлчлэл өөрчлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Өнөболдын өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан тухайн гэмт хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах мэдүүлэг авах эрхтэй хэсгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж тодорхойлон бичсэн атал анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ дээрх байдлыг харгалзан үзэлгүй Э.Өнөболдыг гэм буруутайд тооцсон. Энэхүү магадлалд дурдсан зүйлийг тодруулах зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар биш мөн хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар зүйлчилвэл үнэнд нийцнэ. Анх энэ хэргийг шийдвэрлэхдээ “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг гэж үзсэн боловч дараа нь дахин хянан хэлэлцэхдээ “Танхайрах” гэмт хэрэг гэж үзсэн нь учир дутагдалтай. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Э.Өнөболдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар зүйлчилэгдэх боломжгүй. Энэ зүйлд заасан гэмт хэргийн субьект нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байдаг. Харин тэрээр зөвхөн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүлээж аваад, холбогдох хүмүүсийг саатуулж, өөр аймгийн цагдаагийн газарт хүлээлгэж өгөх л үүрэг хүлээсэн байхад тэднийг янз бүрийн байдлаар тохуурхан даажигнаж, танхайрах үйлдэл гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Э.Өнөболдыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж дүгнэн нотлох баримтуудыг дараалан дурдахдаа уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар Олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн зөрчил гаргажээ.

Шүүх Э.Өнөболдын хохирогч нарыг цохих, өшиглөх, алгадах, дэвсэх зэргээр хүч хэрэглэж, нохой шиг 4 хөллүүлж мөлхүүлэх, шороо долоолгох, аманд нь чулуу зуулгах, нүдэнд нь нулимс асгаруулагч цацах, хувцсыг нь тайлж нүцгэлээд гадаа гаргаж гавлах зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдсан үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоосон боловч энэхүү үйлдэл гарах болсон урьдач шалтгаан, нөхцөлийн талаар дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний алдаа гаргах үндэс болжээ.

Э.Өнөболдын дээрх үйлдэл нь гадаад шинжээрээ, тухайлбал нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад илтэд хүндэтгэлгүй хандан, хүний халдашгүй, чөлөөтэй байх хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж байгаагаараа Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжтэй төстэй боловч хуулиар хамгаалагдаж буй объект, түүнийг зөрчсөн этгээдийн эрх зүйн байдал, санаа, зорилгоороо Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргээс ялгагдана.

Тухайн хэрэг гарах үед Э.Өнөболд нь Өмнөговь аймгийн Цогт овоо  сум дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч буюу аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтооход чиглэсэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий төрийн албан хаагч, цагдаагийн байгууллагын ажилтан байсан бөгөөд уг эрх, үүргийн хүрээнд Дундговь аймагт үйлдэгдсэн гэх залилангийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах зорилгоор саатуулахдаа хүч хэрэглэн хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн Олон Улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байхад хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн эрэмбэ, түүнийг хэрэглэх үндсэн зарчмын дагуу дотоодын хууль тогтоомж нь олон улсын гэрээний заалттай зөрчилдөж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ...” гэж эрүүдэн шүүлт явуулах субьектэд хэн хамаарч болох талаар өргөн агуулгаар тусгажээ.

Уг зүйлийн 2 дахь хэсэгт “олон улсын болон бусад дотоодын хуулинд уг ойлголтыг илүү өргөн утгаар хэрэглэдэг бол энэ зүйл нь тэдгээрт хохирол учруулахгүй” гэж тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд уг гэмт хэргийн субьект нь зөвхөн “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” гэж дээрх конвенцийн заалтыг илтэд явцууруулан зохицуулсан тул олон улсын гэрээ, конвенцийн заалт, түүний ойлголтыг энэхүү хэрэгт баримтлах үндэслэл болж байна.

Хойшлуулшгүй ажиллагааны үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын ажилтан эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно” гэж заасан байгааг үндэслэн Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектын шалгуурыг тогтоохоос гадна “төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалга, ил, далд зөвшөөрлөөр гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон үйлдлийг хийсэн этгээд”-ийг хамруулан ойлгож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн “мэдүүлэг өгөхийг албадсан” гэдгийг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн “эрүүдэн шүүх” тодорхойлолтын дагуу “гэмт хэрэгт холбогдсон этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, түүнчлэн аливаа байдлаар алагчилах зорилгоор” гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасан субъектээр хязгаарлалгүйгээр тухайн харилцааг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн тайлбарлан хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх хууль зүйн үндэслэл болно гэж дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа нарын “зүйлчлэл өөрчилж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар магадлалд “Э.Өнөболдыг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дугаар зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Э.Өнөболдын цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа нарын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... ” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ