Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-24
Тогтоолын дугаар 104
Хэргийн индекс 145/2013/0120/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Ганбаяр
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Ганбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201315000290 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бээлийнхэн овогт Баатарын Ганбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ганбаярыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаярыг 20,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.6 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаяраас хохирогч Ж.Должинсүрэнд 2,000,000 төгрөг, П.Уранчимэгт 6,500,000 төгрөг, Д.Бүзмаад 5,840,000 төгрөг, П.Болормаад 9,000,000 төгрөг, Ч.Ганчимэгт 9,500,000 төгрөг, Ю.Ариунсанаад 15,000,000 төгрөг, Ч.Отгонцэцэгт 38,600,000 төгрөг, Д.Бадмаад 20,705,000 төгрөг, С.Энхтуяад 73,520,350 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ганбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би бусдыг санаатай залилан мэхэлсэн зүйл байхгүй. Энэ хэргийн хохирогч гэгдэж буй Бадмаа, Отгонцэцэг, Энхтуяа, Уранчимэг, Болормаа, Бүзмаа нартай харилцан тохиролцож, тухайн үед гарч байсан зээл хаах үйлчилгээ эрхэлж, дээрх хүмүүсийн мөнгийг гаргаж, зээл хүссэн хүмүүстэй холбох, зуучлах ажлыг хийж байсан. Ингэж хамтран ажиллаж байхдаа дээрх хүмүүсийн өндөр хүүтэй болзлыг биелүүлэх гэж яваад зарим үед хоног хугацаа алдсан хүмүүсийн төлбөрийг би өөрөөсөө хийж бизнесийн их хэмжээний алдагдалд орсон. Энэхүү хохирсон гэж байгаа хүмүүс бүгд надтай хамтран ажиллаж олсон ашгийн ихэнхийг авч байсан. Хэрвээ би гэмт хэрэгтэн юм бол надаар дамжуулж намайг гар хөлөө болгож, их хэмжээний ашиг олсон эдгээр хүмүүс яагаад гэм зэмгүй болж байна вэ. Үнэн хэрэгтээ энэ хүмүүсийн мөнгийг Бадмаа, Отгонцэцэг, Уранчимэг нар авсан. Бадмаа, Отгонцэцэг, Уранчимэг нар нь хоногийн өндөр хүүтэй мөнгөө авна гэж байнга надаас шахаж шаардаж байснаас болж би хэлсэн ярьсандаа өгөхийн тулд ийм байдалд хүрсэн. Надад өөртөө авсан, ашигласан нэг ч төгрөг байхгүй. Бадмаатай 2010 оноос 2012 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зээл хааж харилцаж байх хугацаандаа авсан мөнгөө хүүтэй нь эргүүлж төлж байсан. Д.Бадмаагаас 129,455,000 төгрөг авч 338,271,000 төгрөг эргүүлж өгсөн. Мөн Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай хараат бус аудитор /шинжээч/-ын дүгнэлт батлан харуулж байгаа. Иймээс Бадмаад ямар нэгэн өгөх зүйл байхгүй. Харин Бадмаа үнэн бодит тооцоо гаргаж өгөхөөс татгалзан мөрдөн байцаалтад саад учруулж, мэдүүлэг өгөх болгондоо зөрүүтэй тооцоо хэлж байсан. Отгонцэцэгээс би 2012 оны 02 дугаар сард 50,000,000 төгрөг авсан. Уг мөнгө хүүтэйгээ 93,600,000 төгрөг болсон байсан. Үүнээс Отгонцэцэгийн эгч болох Оюунсүрэнд 60,000,000 төгрөг өгсөн. Үүнийг Оюунсүрэн гэрчилсэн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө үндсэн мөнгө гэдэг боловч ор үндэсгүй худлаа зүйл билээ. Учир нь Отгонцэцэг Ганбаярт 60,000,000 төгрөг өгснөөс хойш надаас мөнгө авсан гэж хэлдэг боловч тодорхой өгсөн мөнгөний баримт байдаггүй. Отгонцэцэгт би 60,000,000 төгрөгөөс хойш өөрийн дансаар 27,054,000 төгрөг өгсөн, дээр нь 3,000,000 төгрөг өөрт нь өгсөн байгаа. Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн 2016 оны 08 дугаартай хараат бус аудитор /шинжээч/-ын дүгнэлтээр батлан нотлон харуулж байгаа. Уранчимэгээс 58,900,000 төгрөг авч эргүүлээд 103,339,500 төгрөг буцааж өгсөн. Илүү 44,439,500 төгрөг өгсөн. Уранчимэгт ямар нэгэн өглөг байхгүй. Энэ нь Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн 2016 оны 08 дугаартай хараат бус аудитор /шинжээч/-ын дүгнэлтээр гарсан байгаа. Бадмаа, Отгонцэцэг, Уранчимэг нар хохирсон биш завшсан хүмүүс. Энэ үнэхээр гэмт хэрэг юм бол эдгээр хүмүүсийн мөнгийг авсан Бадмаа, Отгонцэцэг, Уранчимэг нар яагаад гэм зэмгүй болж байна вэ. Миний бие бодит хохирлыг зөв тогтоож, тооцоог мухарлаж өгөхийг, шинжээч томилж өгөхийг, мөн алагчлан үзэлгүйгээр үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч прокурорын байгууллага хүлээж аваагүй. Анхан шатны шүүх болон прокурорын байгууллага хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Эдгээр хохирсон гэх хүмүүс бүгд л зээл хаах үйлчилгээ явуулан хамтран ажиллаж ихэнх ашгийг хүртсэн. Хууль зөрчсөн гэвэл бүгдээрээ л зөрчсөн. Яагаад ганц надад ял тулгаад байгааг ойлгохгүй байна. Би өөртөө хэрэглээд аваад идсэн зүйл байхгүй болохоор үнэхээр гомдолтой байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80, 94, 95 дугаар зүйлүүдэд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Б.Ганбаяр нь Д.Бадмаагаас 129,455,000 төгрөг авч 338,271,100 төгрөг эргүүлж өгсөн, мөн Ч.Отгонцэцэгээс 50,000,000 төгрөг авч 79,195,000 төгрөг эргүүлж өгсөн, П.Уранчимэгээс 44,900,000 төгрөг авч 71,195,000 төгрөг эргүүлж өгсөн гэсэн мэдүүлгийг шалгаж, үүнийг няцаасан баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүгч дүгнэлт хийсэнгүй. Хохирогч Ч.Ганчимэг 9,500,000 төгрөг надаас авсан. Энэ мөнгөндөө би бараа авсан гэж мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч Б.Ганбаяраас 9,500,000 төгрөг гаргуулж Ч.Ганчимэгт олгосугай гэж зааснаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн судлаагүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж байна. Мөн Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд заасан нотлох баримтуудыг хохирогч нарын тооцоотой тохирч буй эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн дурдаад өнгөрсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг ноцтой зөрчиж буй баримт гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ганбаяр нь хохирогч гэх нэр бүхий хүмүүстэй “зээл хаах үйлчилгээ” гэсэн нэрийн дор хамтран өдрийн хүүтэй зээл олгож байх явцдаа тооцоо алдаж, бизнесийн эрсдэл хүлээсэн байхад хамтарч зөвшөөрөлгүй, хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж байсан бүлэглэлийг бус зөвхөн нэг хүнийг буюу Б.Ганбаярыг эрүүгийн хариуцлагад татаж хууль буруу хэрэглэж байна. Шүүгдэгч Б.Ганбаярын бусдад учруулсан хохирол бол бизнесийн эрсдэл тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж, шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсны улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

1. Энэ хэрэгт хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь банкны шилжүүлгээс гадна бэлнээр мөнгө өгч авдаг байсан талаар мэдүүлсэн байхад “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК шинжээчийн дүгнэлт гаргахдаа хохирогч, шүүгдэгч нарын зөвхөн банкаар мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Ганбаярын нэр бүхий 12 хохирогчид зээлийн хүүнд тооцож өгсөн гэх мөнгийг нарийвчлан шалгаж, хохирогч нараас авсан мөнгөний үлдэгдлийг түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, хүү тооцохгүйгээр хохирлын хэмжээг тогтоох, ингэхдээ банкны харилцах данс болон бэлнээр мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар шүүгдэгч Б.Ганбаяр, нэр бүхий хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан шалгаж, хэрэгт хамааралтай бөгөөд үнэн зөв болох нь тогтоогдсон банкны шилжүүлэг болон бэлнээр өгч авсан мөнгөний тооцоог үндэслэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй.

2. Шүүгдэгч Б.Ганбаяр энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 12 хүнээс гадна өөр хүнээс өндөр хүүтэй зээл авч байсан талаар хохирогч Д.Бадмаа “...Өнөөдрийн байдлаар хохирлоо барагдуулж аваагүй хүмүүс гомдол гаргасан. Харин Б.Ганбаяртай харьцаж хохирлоо барагдуулаад авчихсан зөндөө мөнгөний хүү авчихсан олон хүмүүс байгаа. Жишээ нь бид нартай хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан Чимэддулам, Мөнхгэрэл, Ууганбаяр, Ганчимэг гэх хүмүүс байгаа” гэж, шүүгдэгч Б.Ганбаяр “...Би 2010 оны 05 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сар хүртэл ...Чимэддулам, Ууганбаяр нараас өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж буцааж өгч байсан” гэж мэдүүлсэн бөгөөд Б.Ганбаяр нь хохирогч нараас авсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулсныг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай.

3. Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлдүүлэхийг хуулиар хориглоогүй боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа Б.Ганбаяртай бичгээр гэрээ байгуулахгүйгээр өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, ашиг олсон этгээдийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН