Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-19
Тогтоолын дугаар 99
Хэргийн индекс 151/2016/0114/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Ганзориг Э.Мөнх-Эрдэнэ
Зүйл заалт 215.4.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157А дугаар шийтгэх тогтоол,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар магадлалтай, 201401080380 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганхуягийн Ганзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 4 хүний амь нас  хохироосон гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 4 хүний амь нас  хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журам зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс дээш хүний /4 хүний/ амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Нийслэлийн Онцгой байдлын газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд 71,649,939 төгрөг, Ц.Халтарт 48,167,866 төгрөг, П.Мөнхнасанд 62,377,198 төгрөг, С.Саруулд 56,145,198 төгрөг, “Монгол Даатгал” ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт орон сууцны төлбөрт 31,588,411 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар иргэний хариуцагч байгууллага болох Нийслэлийн Онцгой байдлын газраас оршуулгын зардалд 17,454,798 төгрөг, унааны зардал 140,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөг нийт 18,194,798 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт, оршуулгын зардалд 7,540,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 8,040,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхнасанд, оршуулгын зардалд 12,000,000 төгрөг, 2 ширхэг гар утасны үнэ 150,000 төгрөг, замын зардал 52,000 төгрөг, өмгөөллийн хөлс 800,000 төгрөг, тээврийн хөлс 530,000 төгрөг, нийт 13,382,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулд, оршуулгын зардалд 13,749,725 төгрөг, 48-82 БРА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болох 4,556,000 төгрөг, нийт 18,305,725 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн 50 хувь болох 10,338,153 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, Ц.Халтарын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл, байрны урьдчилгаа төлсөн нийт 11,099,883 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, С.Саруулын нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээл 11,502,356 төгрөг, цалингийн зээл 7,301,883 төгрөг нийт 18,804,239 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, Ц.Халтар, С.Саруул, П.Мөнхнасан нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157 А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын  “... 508.1 ...” гэсний дараа “... 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 9.097.399 төгрөг, Т.Мөнхтуяагаас 9.097.399 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарт, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 4.020.000 төгрөг, Т.Мөнхтуяагаас 4.020.000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхнасанд, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 6.766.000 төгрөг, Т.Мөнхтуяагаас 6.766.000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруулд, иргэний хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 9.477.862 төгрөг, Т.Мөнхтуяагаас 9.477.862 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхсүрэнд олгож”  гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Монгол Даатгал” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай ...” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав нарын  давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яаж үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад Э.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг шалгах, үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөнх-Эрдэнийн цусанд согтуурлын хэмжээ шалгах шинжилгээ хийхээр биеэс нь цус авахдаа хаана, хэзээ, хэн авсан талаар тэмдэглэл үйлдээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасныг зөрчиж эх сурвалж нь тодорхой бус зөвхөн нэр бичсэн цусыг шинжилгээнд хүргүүлэн олон янзын хэмжээ бүхий цусанд янз бүрийн зөрүүтэй дүгнэлт гаргасныг нотлох баримтаар үнэлсэн. Осол болох үед Э.Мөнх-Эрдэнэ нь өөрийн эгнээнд зорчиж явсан бөгөөд “А цэг Мөнх-Эрдэнийн зорчин явсан эгнээнд тавигдсан нь үндэслэлтэй” гэсэн дүгнэлт ч бий. Түүний яг ямар үйлдэл нь осол гарахад нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж шинжээч дүгнэлт гарган, мэдүүлэг өгсөөр байхад гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хангасан гэж дүгнэж Э.Мөнх-Эрдэнэд ял оногдуулж шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хурал 2 удаа, давж заалдах шатны шүүх хурал 2 удаа болоход миний нэхэмжилсэн 3 зүйлээс 1 хүсэлтийг минь удаа дараа хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байдаг. Миний нэхэмжилсэн орон сууцны урьдчилгаанд төлсөн 14,100,000 төгрөг, цалингийн зээл 8,050,000 төгрөгийн 50 хувиар бодвол 11,099,328 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үнэхээр хүнд байна. Та 2 сард зээл авч өгөлцсөн, 9 сард уг хэрэг гарсан учир энэ хэргийн бодит хохирол биш, хууль ийм байна гэж хуулийг барьж хохирч ядарсан намайг гудамжинд орхиж байгаад гомдолтой байна. Би заавал энэ буруутай хүмүүст ял шийтгэл өгөхийг хүсээгүй, миний нэхсэн өчүүхэн зүйлийг өгвөл болоо. Яагаад олон хүний аминд хүрсэн осол гаргасан этгээд, иргэний хариуцагч этгээд, иргэний хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл юу ч төлөхгүй, үнэнээс бултаад байна. Хэрвээ би хуульд нийцэхгүй зүйл нэхээд байгаа юм бол “эх хүн үрээ тээж төрүүлээд, хүн болгох гэж яаж нойр хоолоо хасан зүтгэж, том болохоор нь сургуульд сургаж, ажил мэргэжилтэй болгох гэсэн 30 жилийн зүтгэлийг минь үгүй хийхэд эх хүний хувьд ямар байдалд орсон, одоо ямар байдалтай байгаа сэтгэлийн гэмтлээ тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг маань огт дурдалгүй орхисонд гомдолтой байна. Онцгой байдлын алба нь “С” ангилалтай жолоочийг тусгай дадлага хийлгэж ажилд авдаг. Гэтэл гал сөнөөгч “В” ангилалтай жолооч танил талаараа албан үүрэг гүйцэтгэж байсан. Хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад яагаад Өршөөлийн хуульд хамрагдсанд би гайхаж, гомдож байна. ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... шүүгдэгч Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас 4 хүний амь нас хохирсон. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотолсон. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй байна гэж үзэв.

Хэргийн материалаас үзэхэд, тухайн зам тээврийн осол замын зорчих хэсэгт гарсан байх бөгөөд сөрөг урсгалтай замын аль эгнээнд уг осол гарсан нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, харилцан зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект хэний буруугаас халдлагад өртсөн болохыг тогтоож дүгнэхэд учир дутагдалтай байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь “замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй” гэж дүгнэхдээ таамаглалд тулгуурласан, яг ямар үйл явдал өрнөсөн, уг үйл явдлын аль хэсэгт хууль, дүрмээр хязгаарлаж хориглосон хэм хэмжээ зөрчигдсөн болохыг тогтоогоогүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт нь өмнөх шинжээчийн дүгнэлтийн тодорхой бус байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг хэн зөрчсөн, хэн нь эсрэг урсгалд орж осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн нь тодорхойгүй, эсрэг урсгалд яваа 2 автомашин аль алиныхаа урсгалд орсон буюу анх автомашинууд мөргөлдсөн гэх А цэг 2 өөр газарт байрлаж байгаа мэтээр үйл баримт дүгнэгдсэн, энэ талаар мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, түүний үндсэн дээр материалын буюу тээврийн хэрэгслүүдийн масс, эвдрэл, унасан болон зогссон чиглэл, хурд зэргийн эсэргүүцлийг бүхэлд нь дүгнэж, физик болон техникийн шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн багаар дүгнэлт гаргуулах, уг дүгнэлтийг гаргахад шаардлагатай ажиллагаа, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь гэм буруугийн болоод бусдад учирсан гэм хор, хохирлын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Нэгтгэн дүгнэвэл, зам тээврийн осолд орсон хоёр автомашины хэн нь урсгал сөрсөн болохыг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй нь гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсгэсэн, уг эргэлзээг арилгах ажиллагааг бүрэн хийж, эцэст нь хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэвэл зохино.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжавын “...Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Халтарын “...хохирол гаргуулах...” талаар гаргасан гомдлуудыг хэлэлцэлгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157А дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар магадлалтай, Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201401080380 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ