Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-03
Тогтоолын дугаар 116
Хэргийн индекс 149/2016/0027/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Т.Батбаяр нар
Зүйл заалт 091.2.2, 091.2.11, 181.3.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар,

О.Энхзориг, Д.Баяраа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Т.Батбаярын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарын өмгөөлөгч Ш.Цэдэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүү,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар магадлалтай, 201518020349, 201518020367 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, Ш.Цэдэн, С.Сувдаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан, Боржигон овогт Төмөрхуягийн Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алах”, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 2-ны өдөр суллагдсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, Боржгон овогт Энхлхагвын Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алах”, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан, Боржигон овогт Баярхүүгийн Батбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Оюунбилэгийн Энхзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржийн Баяраа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт заасан “Догшин авирлаж, бүлэглэн танхайрах”, “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Э.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Т.Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарыг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, Д.Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Т.Батбаярыг 03 /гурав/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар Т.Батбаярыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Э.Мөнх-Эрдэнийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Б.Батбаатарыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар О.Энхзоригийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Д.Баярааг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Д.Баярааг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, Д.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 03 /гурав/ жил, 04 /дөрөв/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Батбаярт оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ял, Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Б.Батбаатарт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, О.Энхзоригт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Д.Баяраад оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Э.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Сувдаа, Х.Даваасүрэн, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, Х.Даваасүрэн, Б.Борхүү нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Батбаярын өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 246, 80, 91, 92, 93, 94, 95 дугаар зүйлүүдэд зааснаар бүх талаас нь шалгаж, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадалгүй хуулийг буруу хэрэглэсэн. Т.Батбаярын биед хөнгөн гэмтэл учирч хохирогчоор тогтоогдсон. Гэрч Н.Баяраа “талийгаачийг жижиг биетэй шар залуу хатгачхаад олон хүний дундуур орж алга болсон” гэж мэдүүлээд таньж олуулах ажиллагааны үед Т.Батбаярыг заагаад энэ хүн хутгалаагүй гэж гэрчилсэн. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд Э.Мөнх-Эрдэнийн цусны ДНК нь талийгаачийн цусны ДНК-тай тохирсон дүгнэлт гарсан. Э.Мөнх-Эрдэнэ өмсөж явсан хувцсаа нуусан, мөн хутгыг машиндаа хийж яваад Д.Баяраагаар авчруулж авч явсан нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог. Э.Мөнх-Эрдэнэ талийгаачид туслах гэсэн боловч өргөж даахгүй, хувцас нь цус болсон гэх боловч хэргийн газар дээр байсан гэрчүүд туслаагүй гэдгийг нотолдог. Хохирогчийн барьж явсан хутганаас цус илэрсэн гэх боловч тухайн хутганаас гарын мөр илрүүлж чадаагүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, эд мөрийн баримтыг олж тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцож байна. Хүн амины ноцтой хэрэг гарсан байхад бүх холбогдогч нарыг хорьж шалгаагүй, хэргийн асуудлыг үнэн зөв шийдвэрлэх боломжийг бүдгэрүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн эзнийг олж тогтоогоогүй. Т.Батбаяр хэрэгт холбогдсон бүх этгээдэд хувааж оногдуулсан мөнгийг төлсөн байхад одоо 10,399,306 төгрөгийг хохирогчид төлөхөөр тогтоолд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Баяраагийн өмгөөлөгч С.Сувдаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Д.Баяраа нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн бүлэглэж танхайрсан, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг барьж танхайрсан гэх үйлдлүүд хангалттай нотлогдоогүй. Гэрч Н.Баяраа, Б.Ариунсанаа, Я.Цэрэнчимэд, Б.Доржпүрэв, Д.Урнаа, А.Энхтуяа, С.Одгэрэл нарын мэдүүлгүүдээс харахад Д.Баяраа нь танхайрах үйлдэл гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 19 цагийн орчимд Батбаатар, Мөнх-Эрдэнэ нар Ц.Батмөнхтэй маргалдаж, хэрүүл маргаан болоход оролцоогүй, хараад л зогсож байсан, ямар нэг үйлдэл хийгээгүй. Дахин 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т.Батбаяр нар бусадтай хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Б.Баярааг санаатай алсан хэрэгт ч оролцоогүй, ахуйн зориулалтаар хэрэглэж байсан хутга байсан нь үнэн, хуруугаа ч хөдөлгөөгүй байж ял шийтгүүлсэн. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Баяраа нь бусдын амь нас хохирсон хэрэгт ямар байдлаар оролцож танхайрсан, ямар үйлдэл гаргасан нь нотлогдоогүй, хэргийн обьектив, субьектив талын заавал байх шинжүүд, танхайрах гэмт хэргийн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд үл хүндэтгэн үзээгүй байх заавал байх шинжүүд хүн бүр дээр байгаа эсэх, хутга хэрэглэсэн гэж үзэж байгаа бол Д.Баяраа хэрэг болсон газраас хэдэн метрийн зайд хутгатай явсан, хэдэн метрийн зайнд Д.Баяраа, Т.Батбаярт хутга дамжуулсан, ямар зорилгоор, ямар нөхцөлд хэрэглэсэн болохыг нарийвчлан үндэслэлтэй тогтоохгүйгээр нийтэд нь зэвсэг хэрэглэж танхайрсан гэж үзэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Д.Баяраад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарын өмгөөлөгч Ш.Цэдэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарыг хутга, мод, осков төмөр зэргийг зэвсэг болгон хэрэглэж танхайрсан гэж дүгнээд ял оногдуулсан. Гэтэл Э.Мөнх-Эрдэнэ өдөр нь хутгатай байсан гэх боловч шөнө нь хүний амь нас хохирох үед хутгатай яваагүй. Хутга хэрэглэж бусдад халдсан үйлдэл огт хийгээгүй байхад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял шийтгэсэн нь буруу. Б.Батбаатар өөдөөс нь довтлох гэсэн Ц.Батмөнхийн нуруу луу нэг удаа цохиод авсан үйлдэлтэй. Энэ нь мөн л хүн амины хэрэг гарахын өмнөх өдөр болсон тэдний хоорондын маргаанаас үүдэлтэй болсон үйл явдал юм. Үүнээс бол Батмөнхөд ямар ч хохирол учраагүй, хоорондоо харилцан ойлголцож эвлэрээд өнгөрсөн. Энэ үйлдлийг нь зэвсэг хэрэглэж танхайрсан гэж ял шийтгэсэн нь хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, яллах талыг баримталж, хуулийг буруу хэрэглэсэн. О.Энхзоригийн хувьд алтны шороо ухаж малтахдаа ашиглах зорилгоор осков хэмээх төмөр бариад явж байсан, хэрэг учрал болох үед хэн нэгэнтэй маргалдаагүй, осков төмрөө хэрэглээд хэнд ч халдаагүй, халдахыг завдсан үйлдэл ч байхгүй. Гэтэл түүнийг мөн л зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэм буруутайд тооцсон. Тэд тухайн үед архи пиво ууж согтуурсан, алтны шороо авах нүхэнд оруулахгүй байсанд бухимдан уурлаж тэнд байсан хүмүүсийг айлгах зорилгоор чанга дуугаар бүдүүлэг үг хэрэглэж хашгичиж байсан нь үнэн гэдгээ өөрсдөө хүлээн мэдүүлдэг. Үүнийг танхайн гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчил гэж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Б.Баяраагийн амь нас хохирсон хэрэгт Э.Мөнх-Эрдэнэ холбогдолгүй болох нь шүүхээр тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалд зүйлчлэлийн өөрчлөлт оруулж дээрх ялтнуудад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Борхүү хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, нотолбол зохих асуудлууд хангалттай нотлогдсон. Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарын үйлдэл тус бүр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч тус бүрийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ,  Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хүмүүсийн харилцааны ёс зүй, соёл зэргийг үл хайхран Б.Батбаатар нь хус мод, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь хутга зэргийг хэрэглэн гар аргаар алт олборлож байсан хүмүүсийг өдөх, айлган сүрдүүлэх, хараах зэргээр бусдад илтэд хүндэтгэлгүй хандан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцад Б.Батбаатар нь иргэн Ц.Батмөнхийг хус модоор цохиж алт олборлодог нүх рүү унагаасан,

мөн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 02 цагийн орчим тухайн газарт дахин очиж, Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, энд хэн томроод байна, ямар даварсан пиздаанууд байнаа, алнаа, ална шүү, нэгийг алчихлаа, хоёрыг алчихлаа, дахиад хүрээд ирэх залуу байна уу” гэх зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэж, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэх явцад Б.Баяраагийн духанд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан, Т.Батбаяр нь Б.Баяраагийн нуруун тус газарт нэг удаа хутгалж, санаатай алсан үйл баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

Дээр тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч нарын үйлдэл нь бусдад илтэд хүндэтгэлгүй хандсан, хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжээрээ танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг зөв тогтоож, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримталж ял оногдуулсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “Т.Батбаяр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, ... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх, өмгөөлөгч С.Сувдаагийн “... Д.Баяраагийн үйлдэл танхайрах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...”, өмгөөлөгч Ш.Цэдэнгийн “... шүүгдэгч нарын танхайрах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдол тогтоогдохгүй ... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлуудыг тус тус хүлээж авах боломжгүй байна.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Баярааг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэрнээ, мөн зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэн гэм буруутайд тооцон ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй. Учир нь Д.Баяраагийн танхайрсан үйлдэл тооны хувьд болоод хоорондоо 7 цаг орчмын зөрүүтэй боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжээрээ нэг зорилготой, объектив талын шинжээрээ нэг удаагийн бүрдэл төгсөлттэй үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байх бөгөөд нийлмэл гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, С.Сувдаа, Ш.Цэдэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар магадлалд: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Д.Баяраад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулсан хэсэг, Д.Баяраад холбогдох ялуудыг нэмж нэгтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг хэвээр үлдээсүгэй...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, С.Сувдаа, Ш.Цэдэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                                   Д.ГАНЗОРИГ