Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-08
Тогтоолын дугаар 124
Хэргийн индекс 105/2016/0371/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш
Зүйл заалт 091.2.2
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ш.Цэнд-Аюушид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр магадлалтай, 201525012562 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюуш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Цэнд-Аюушийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Ц.Алтанцол нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Намайг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялаар шийтгэсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн бодол санаанд нийцүүлсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Гэрч Энхтуяа гэгээн цагаан өдөр алсан гэж гэрчилсэн. Би талийгаачийг төлөвлөсөн байдлаар буюу шууд санаа агуулж амь насыг нь бүрэлгээгүй. Тухайн үед талийгаачийг өмнө таарахад нь түлхсэн боловч зууралдаад энэ үед нь би гараа авах зорилгоор түлхэхэд унаж гэмтээд нас барсан юм. Талийгаачийг урьд өмнө нь огт таньж мэддэггүй байсан болохоор санаатайгаар амь насыг нь хөнөөх санаа бодол байгаагүй. Иймд тухайн гэм буруутай үйлдлийг зөвхөн нэг талыг барьж яллаж байгааг тал бүрээс нь нухацтай харж 20 жилийн хорих ялыг багасгаж хасаж өгөхийг хүсэж байна. Би өөрийн гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж ойлгож байгааг минь харгалзан үзэхийг хүсье. Миний бие урьд нь тархины хүнд гэмтэл авч байсан учир талийгаачийг ямар ч санаа агуулж амь насыг нь хөнөөгөөгүй болно” гэжээ.

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмнө нь уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийг 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Шүүгдэгчийн сэтгэцийг шалгуулах тухай хүсэлт гаргахад хяналтын шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдагдсан асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Шүүгдэгч нь сэтгэцийн өвчтэй, өөрийн үйлдэл холбогдлыг удирдан жолоодох чадваргүй хүн юм. Миний зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулж, ялыг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шат шатны шүүх огт авч хэлэлцэлгүйгээр 20 жил хорих ял оногдуулсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих ёсны өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогч мөрөөрөө гэртээ харих гээд явж байхад шүүгдэгч өөдөөс нь очоод шууд барьж аван тонгорч унагаан тархиар нь газар савуулж алсан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичлэгээс дээрх үйл явдал бүр тодорхой харагддаг. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нь сэтгэцийн өвчтэй гэсэн онош гарсан боловч хоёр удаагийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч “хохирогч надаас архи нэхсэн учраас маргаан үүссэн” гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан бичлэгээс харахад хохирогч, шүүгдэгч нарын дунд яриа өрнөсөн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дагуу алхаж явсан иргэн Ё.Ганболдыг тодорхой шалтгаангүйгээр энгэрээс нь заамдан боон, хавсарч түлхсэнээс ар дагзаар нь асфальтан зам руу унагаж “…гавал тархины битүү гэмтэл, зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал, эд доторх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дагзны няцарсан шарх, зүүн сарвууны цус хуралт” бүхий гэмтэл учруулж “танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Ш.Цэнд-Аюушийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан түүнд хуульд заасан 20 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулахыг “танхайн сэдэлтээр” үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш нь амь хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр заамдан боож, улмаар түлхэн ар дагзаар нь асфальтан зам руу унагааж амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн “ял хөнгөрүүлэх тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН