Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-05
Тогтоолын дугаар 122
Хэргийн индекс 171/2017/0003/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Т.Дарханчулуун
Зүйл заалт 095.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.Дарханчулуунд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Т.Дарханчулуун, түүний өмгөөлөгч П.Батжаргал,

хохирогч Г.Цэцэгмаа, Г.Дарханхүүцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 201509000238 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Дарханчулуун, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Тунгалагийн Дарханчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Дарханчулууныг эд хөрөнгө болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа гэр бүлийн хүнтэйгээ харгис хэрцгий харьцсаны улмаас түүнийг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Дарханчулууныг 3 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Дарханчулуун, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч П.Батжаргал, Ч.Булган нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Дарханчулууны өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй. Мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Т.Дарханчулуун Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд заасан гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Тухайлбал гэрч Г.Анхзаяа, Б.Мягмарцэрэн, Л.Өлзиймаа, Б.Дэлгэрцэцэг, Н.Нарантуяа, А.Уранцэцэг, Б.Анхбаяр, Ө.Болор-Эрдэнэ, хохирогч Г.Цэцэгмаа, Г.Дарханхүүцэцэг нарын мэдүүлгээс үзэхэд Т.Дарханчулуун нь талийгаачтай онц харгис хэрцгий харьцаж, нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилдог байсан нь огт тогтоогдохгүй. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-д “баруун гуя, зүүн бугалганы дотор хэвлийн өмнө, зүүн, баруун гуяны дотор, баруун гуяны өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй”, 13-т “гуяны зулгаралт, хэвлийн өмнө хэсгийн цус хуралт нь тагтны арзгар ирмэгийн хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт нь тухайн хэрэг учрал болдог өдөр талийгаачид хүч хэрэглэн зодож цохиогүй болохыг нотлох чухал ач холбогдолтой баримт юм. Т.Дарханчулуун нь ажил хөдөлмөр хийж олсон цалингаа гэр бүлийнхээ төлөө зарцуулж, байрныхаа зээл, байр ашиглалттай холбоотой зардлаа дангаараа төлдөг, үлдсэн цалингаараа хоёр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүргээ хэрхэн биелүүлдэг, амьдралаа ганц өөрийн цалингаар авч явдаг байсан тухай удаа дараагийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байдаггүй. Г.Дарханцэцэг нь өөрийн үр хүүхэд, нөхөртөө анхаарал тавихаасаа илүүтэйгээр ээж, эгч, дүү нартаа мөнгө төгрөгөө зарцуулдаг байсан нь тогтоогддог. Мөнгө төгрөгний маргаанаас гадна гэрт болдог хэрүүлийн гол эх үүсвэр нь талийгаачийн хардалт байсан болох нь гэрч Б.Энхтуяа, А.Уранчимэг, Т.Насанжаргал нарын мэдүүлгээр  нотлогддог. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаач Г.Дарханцэцэгийн эмнэлгийн картыг үндэслэн шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1301 дугаартай дүгнэлтээр талийгаачид гэмтлийн зэрэг тогтоосон байх боловч уг дүгнэлтэд дурдсан гэмтлийг Т.Дарханчулуун учруулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон талийгаачийн эмнэлгийн картанд “хий хальтарч шатнаас бэртсэн” гэх 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, “1 жилийн өмнө толгойд гэмтэл авсан”” гэх бичлэгээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөлний гэмтэл болон тархи доргилтыг Т.Дарханчулуун учруулаагүй, талийгаач тархины суурь өвчтэй байсан нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг үндэслэлгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргийн 251-305 дахь талд байгаа хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалсан гэж бичигдсэн боловч бодит байдал дээр хохирогчийн өмгөөлөгч 251-305 дугаар хуудаст нэхэмжилж байгаа баримтууд авагдсан байгаа гэж дурдсанаас биш уг нотлох баримтуудыг огт шинжлэн судлаагүй болох нь анхан шатны шүүх хурлын аудио бичлэгээр нотлогдоно. Хохирогч талаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ хэлээгүй, хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаагүй. Гэтэл анхан шатны шүүх Т.Дарханчулуунаас оршуулгын болон бусад зардалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 8,388,626 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг зөрчсөн. Талийгаач хардаж байнга хэрүүл үүсгэдэг байсан нь Т.Дарханчулууны мэдүүлэг болон түүний 2013 онд иргэний хэргийн шүүхэд гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэл өгч байсан байдлаас харагддаг. Давж заалдах шатны шүүх “Дарханчулуун нь өөрийн эхнэр Дарханцэцэгийг дүүгийнхээс нь дуудан гаргаж гэртээ дагуулан ирж, хэрүүл маргаан хийж, түүнийг явуулахгүй гэж үүдээ түгжиж түлхүүр нууж, гарах гарцгүй болгож, хорьж цагдаж байгаа түүний идэвхтэй хууль бус үйлдэл нь энэ гэмт хэргийн обьектив талын бүх шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь насанд хүрээгүй гэрч Д.Басболдын “түлхүүр буйдан дээр ил байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл түлхүүрийг нууж, гарах гарцгүй болгосон гэх байдал нотлогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “Г.Дарханцэцэг нь үсэрч нас барсан” гэж дүгнэлт хийдэг боловч талийгаач үсэрсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Харин талийгаач нь Т.Дарханчулууныг айлгах гэж тагтнаас зүүгдэж байгаад биеэ даалгүй унасан байх магадлал өндөр байгаа юм. Дээрх байдлуудаас үзэхэд Т.Дарханчулууны үйлдэлд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж болох обьектив болон субьектив талын шинж тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Т.Дарханчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Намайг талийгаачийг дарамталсан учраас амиа хорлосон гэж яллаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өдөр ажил дээрээ байж байхад хүү маань утасдаад өлсөөд байна гэхээр нь гэртээ харихад толины өмнө 140,000 төгрөг байсан. Тэгтэл талийгаач утасдаад мөнгө аваад ир гэхээр нь би орой аваачаад өгье гэсэн. 22 цагийн үед талийгаач утасдаад мөнгө аваад ир гэхээр нь очиж аваад, дэлгүүрээс хэсэг юм аваад гэр лүүгээ ирсэн. Гэрт орж ирээд талийгаач чи яахаараа өөрийнхөө мөнгөөр юм авч байж тэр муу авгайд “баярлалаа” гээд байгаа юм гээд хардаад уурлаж эхэлсэн. Хүний төрсөн өдөр болж байхад өөрийнхөө мөнгөөр пиво аваад өгчихөж чадахгүй гээд уурласан. Би талийгаачид нөгөөдөр цалингаа буухаар мөнгийг чинь өгчихнө, өнөөдөр дөрвүүлээ эндээ хононо гэхэд уурлаж би чамтай амьдарч чадахгүй үхнэ гээд орилж чарлаад байсан. Тэгээд би үхнэ гэж намайг л айлгаж байна гээд жижиг өрөө рүү хүүгээ унт гэж хэлэхээр явахад надтай зөрөөд том өрөө рүү явсан. Жижиг өрөө орчихоод гарч явтал “би уналаа, намайг татаарай” гэж орилсон тэгээд намайг гүйж очоод балконы хаалга татахад доор пид хийх чимээ гарсан. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө талийгаачийг цалингаа авахаар нь би гэртээ нэг шуудай гурил авчих гэхэд талийгаач цалингаа өөртөө зарцуулна гээд хувцас хунараа аваад явсан. Анхан шатны шүүх хурал дээр талийгаачийн ах дүү, найз нөхөд нь үгсэн хуйвалдаж худлаа мэдүүлэг өгсөн. Хохирогч Цэцэгмаа бид хоёрыг хүүхэдтэй болсон цагаас хойш дандаа сал гэж ятгадаг байсан. Би талийгаачийг зодож дарамталдаггүй байхад хохирогч гэх хүмүүс яагаад намайг заавал ингэж яллаад, яллах гээд байгааг би ойлгохгүй байна. Гэрч Энхтуяа, Болорцэцэг нар “талийгаачийг гэр бүлдээ анхаарал халамжтай, Дарханчулуун зодож цохидог байсан” талаар худал мэдүүлэг өгсөн. Ер нь талийгаач намайг их харддаг байсан. Хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суух, хамт ажилладаг хүмүүстэй таараад мэндлэх, ажил ихтэй дуугүй байхаар юугаа бодоод байгаа юм, дуутай байхаар жаргалтай байх шив гэж хардаж уурладаг байсан ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган хяналтын шатны шүүх хуралдаанд: “... шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь талийгаачийг байнга зоддог, гэрээсээ хөөдөг, биеийн болон сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан нь нотлогддог. Талийгаачийн амьд байх үедээ биедээ авсан гэмтлүүдийг Дарханчулуун учруулсан. Мөн өөрөө хаалганы түлхүүрийг нуусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр байдлуудаас талийгаачийн үхэл Т.Дарханчулууны үйлдэлтэй шалтгаант холбоотой нь харагддаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Т.Дарханчулуун нь эхнэр Г.Дарханцэцэгийг зодох, гэрээсээ хөөх, хэл амаар доромжлох зэргээр биеийн болон сэтгэл санааны дарамтанд оруулж, хүнлэг бус харгис хэрцгий хандаж байсны улмаас Г.Дарханцэцэг нь 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн гэрийнхээ 7 давхрын тагтнаас үсэрч амиа хорлоход хүргэсэн болох нь нотлогдсон. Талийгаачийн биед учирсан гэмтлийн ул мөр, гаргахгүй гэж хаалгаа түгжсэн байдал, хараалын үг хэлж дарамталж байсан нь талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Дарханчулуун нь өөрийн эхнэр Г.Дарханцэцэгийг зодох, байнга орон байрнаасаа хөөх, хэл амаар доромжлох зэргээр биеийн болон сэтгэл санааны дарамт учруулж, харгис хэрцгий хандаж байсны улмаас Г.Дарханцэцэг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Альфа таун хотхоны 3-37 тоотод оршин суух өөрийн гэрийнхээ 7 давхрын тагтнаас үсэрч амиа хорлосон үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Дарханчулуун нь өөрийн эхнэрийг гэрээс нь хөөх, хохирогчийг болон түүний гэр бүлийн гишүүдийг хэл амаар доромжлох, хууль бусаар эрхийг нь хасаж гэрээсээ гаргахгүйгээр хаалгаа цоожлох зэрэг үйлдлийг удаан хугацаанд буюу байнгын шинжтэй хийсний улмаас хохирогч хэцүү, тулгамдсан байдалд байгаагаа бусдад илэрхийлж байсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх Т.Дарханчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Дарханчулуун, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга урьд нь давж заалдах шатны шүүхэд гаргасан агуулгатай ижил байх бөгөөд гомдлын талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн үндэслэл бүхий дүгнэлтийг энэ тогтоолд давхардуулан дүгнээгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Дарханчулууны “... эхнэрээ дарамталж байгаагүй, харин өөрийг нь маш их харддаг, өөрийн үр хүүхдээ асарч, мөнгө төгрөгөө үр хүүхэддээ зарцуул гэж зүй ёсны шаардлага тавьдаг байсан”, түүний өмгөөлөгч П.Батжаргалын “... хэргийг хэрэгсэхгүй болгох ...” талаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Дарханчулуун, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ