Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-10
Тогтоолын дугаар 130
Хэргийн индекс 185/2017/0024/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Э.Алтан-Од
Зүйл заалт 098.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.Алтан-Одод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

шүүгдэгч Э.Алтан-Од,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар магадлалтай, 201625022543 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сайн эмчийнхэн овогт Энхболдын Алтан-Од нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Алтан-Одод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.Алтан-Одыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Алтан-Одын өмгөөлөгч Д.Баасансүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Давж заалдах шатны магадлалын хянавал хэсэгт дурдсан хохирогч Ш.Өлзийбүрэн, гэрч Д.Баярмаа, Ж.Сувдмаа нарын мэдүүлэгт анхан шатны шүүх хуралдааны явцад ноцтой зөрүү гарсан талаар өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан. Гэмт хэрэг гарсан талаар гэрч, хохирогч нар эргэлзээгүй нотолж чадахгүй, янз бүрээр мэдүүлж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.2-т заасныг зөрчиж байна. Хэрэв үнэхээр гэмт хэрэг гарсан бол хохирогч нь унаж босохдоо хэн босгосон, гар нь тэр дороо хавдсан эсэх талаар эргэлзээгүй мэдүүлэх ёстой. Хохирогчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тавьсан асуултад хариулсан байдлаас харахад гэрч гэх Ж.Сувдмаа нь хэрэг маргааныг хараагүй Өлзийбүрэнг унасны дараа гарч ирсэн болохыг хохирогч өөрөө нотолж байхад Сувдмаагийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчил болсон. Зөрүүтэй мэдүүлгүүдээс харахад хохирогч Алтан-Одын үйлдлийн улмаас унасан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шийдэх үндэслэлтэй. Шинжээч эмч хохирогчийн гарыг өөрөө үзээгүй ба ГССҮТ-ийн бичгийг харж гэмтлийн зэрэг тогтоосон байна. Уг дүгнэлт гарахад үндэслэл болгосон бичиг нь хавтаст хэрэгт байхгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт үзлэгийн хуудастай байсан байх гэж таамаглан ярьж байсан. Хэрэгт шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримт болон хохирогч Өлзийбүрэнгийн гарын шуу ясны хугарлын рентген зураг байхгүй байгаа нь үнэхээр гар нь хугарсан эсэх нь нотлогдохгүй байна. Тухайн үед байсан гэх 5 хүний 3 нь хохирогч болон түүнтэй хамт ажилладаг хүмүүс, нийлээд нэг хүнийг гүтгэж байхад хамт байсан Мөнхзул гэгчийг дуудаж гэрчээр оролцуулах боломжтой байхад мөрдөн байцаагч уг ажиллагааг хийхээс цааргалсан хариуг Алтан-Одод өгсөн ба Мөнхзулын Монгол Улсын хилээр гарсан лавлагааг хэрэгт хавсаргажээ. Алтан-Од нь үнэхээр хохирогчийн биед хүрээгүй учраас үнэн зөвөөр нь шийдэхийн тулд хуульд заасан эрхээ эдэлж гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээ илэрхийлсэн байхад хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодитой шийдэхийн тулд гэрчийг асуухад түүний гадаад улсад байгаа шалтгаан саад болохгүй юм. Учир нь гэрч иргэнийхээ үүргийн дагуу Монгол Улсад биечлэн ирж мэдүүлэг өгөх боломж нээлттэй байх тул хангалттай, эргэлзээгүй, яллах ба цагаатгах нотлох баримтыг бүрэн тогтоож байж бусдыг яллах нь хүний эрхийг бодитой хангах зарчимд нийцэх юм. Мөн тухайн үед дуудлагаар ирсэн хоёр цагдааг байцааж уг газарт ямар байдалтай байсан, хэн, юу ярьж байсан талаар мэдүүлэг авах, Алтан-Од ямар дугаараас дуудлага өгсөн талаар лавлагааг гаргуулан авах зэрэг ажиллагааг хийхгүй зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэх гэж байгаад гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Э.Алтан-Одын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Э.Алтан-Од нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон Сун” нэртэй ресторанд үйлчлүүлж байх үедээ тус рестораны зөөгч Ш.Өлзийбүрэнтэй хоолны чанарын асуудлаас үүдэн маргалдах явцдаа түүнийг түлхэж унагасны улмаас Ш.Өлзийбүрэнд зүүн шуу ясны доод хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Танхайрах гэмт хэрэг үйлдэх сэдэлт нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд Э.Алтан-Од ресторанд хоол захиалан үйлчлүүлж байх явцад хоолны чанар, орц найрлагын талаар гомдол тавихад тус ресторанд зөөгчөөр ажиллаж байсан Ш.Өлзийбүрэн үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцалгүй, хэл үгээр сөргөлдөж маргалдсаны улмаас түүний цээжин тус газарт нь гараараа түлхэж, газарт унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд ямар нэг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлийг шалтаг болгож, бусдад илтэд хүндэтгэлгүй хандсан танхайрах гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж догшин авирлаж танхайрах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн гомдолдоо “... Э.Алтан-Од нь Өлзийбүрэнгийн биед хүрээгүй, түүний үйлдлээс Ш.Өлзийбүрэнгийн гар хугарсан эсэх нь тогтоогдохгүй ...” гэж маргадаг боловч энэ нь шүүгдэгч Э.Алтан-Од, хохирогч Ш.Өлзийбүрэн, гэрч Д.Баярмаа, Ж.Сувдмаа, шинжээч эмч М.Золжаргал нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай үгүйсгэгдсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ