Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-10
Тогтоолын дугаар 131
Хэргийн индекс 106/2016/0136/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Т.Хулан
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.Хуланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Т.Хулан, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

хохирогч Д.Сувд, түүний өмгөөлөгч Н.Жамъян

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209 дүгээр магадлалтай, 201626021744 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Тэрбишийн Хулан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, шүүгдэгч Т.Хуланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Н.Жамъян, Х.Баатарбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Д.Сувдын өмгөөлөгч Н.Жамъян хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... мөрдөн байцаалт болон прокурорын шатанд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг илрүүлж, түүнийг арилгуулах үүргээ биелүүлээгүй. Улсын дээд шүүхийн тайлбарт зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилнэ гэж заасан. Т.Хулан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрэлдэж маргалдан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогч Д.Сувдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Т.Хулан үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа төдийгүй “би Сувдыг цохиогүй, шилтэй пиво санаандгүй гараас мултарсан” гэж огт буруугүй юм шиг мэдүүлж “хэрэг хэрэгсэхгүй болно, чамд төлбөр төлөхгүй” гэж басамжилсан өнгө аясаар хохирогчтой харьцаж, учруулсан хохирлоо бүрэн барагдуулахгүй байж давхар сэтгэл санааны хохиролд оруулж байна. Уг хэргийг өмнө нь хянаж шийдвэрлэсэн шүүгч дахин шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл биелэгдээгүй байхад хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийн зүйлчлэл буруу байгаа учраас Т.Хуланд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг гарсан анхны шалтгаан бол үл таних 2 залуутай бааранд ороод уг хоёр залуутайгаа маргалдаж шилтэй пиво гартаа барьж буулгахдаа тухайн бааранд үйлчлэгч хийж байсан Д.Сувдын толгойн тус газар оносон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Т.Хулан нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шатанд цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчилж шийдвэрлэсэнтэй санал нэг байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Т.Хулан нь 2016 оны 2 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд үл таних залуутай маргалдан, түүн рүү санаатай шидсэн шилтэй пивонд Д.Сувд оногдож субарахнойдаль зайнуудад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байна.

Шүүх тогтоосон үйл баримтдаа үндэслэн Т.Хуланд холбогдох “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Танхайрах гэмт хэрэг үйлдэх сэдэлт нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд Т.Хулан, Д.Сувд нар бие биеэ огт танихгүй, тэдний хооронд ямар нэг хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй, Т.Хулангийн үл таних залуу руу чиглэсэн тодорхой сэдэлттэй гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Сувдын биед хөнгөн гэмтэл учруулсан нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд ямар нэг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлийг шалтаг болгож, бусдад илтэд хүндэтгэлгүй хандсан танхайрах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Хохирогч Д.Сувд нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээснийг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн “зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн хяналтын шатны шүүхэд гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ