Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-26
Тогтоолын дугаар 110
Хэргийн индекс 171/2015/0287/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Э.Эрдэнэцогт
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.Эрдэнэцогтод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар магадлалтай, 201509000567 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Энхтөрийн Эрдэнэцогт нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Эрдэнэцогтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 489 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэцогтоос оршуулгын зардалд 4,149,260 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Есдаулетэд олгож, 1,313,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Эрдэнэцогтыг 200,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эрдэнэцогтын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эрдэнэцогтын өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцоход учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэж үзэж байна. Талийгаачийн хувцсан дээрх цус нь хэний цус болохыг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх шинжээч эмч О.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэн талийгаачийн хувцсан дээрх цус талийгаачийн өөрийнх нь гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг цус 3 дугаар бүлгийн цус байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээж авахад материал нь яг аль байдлаар өөрчлөгдсөн болохыг тогтоогоогүй байхад хэтэрхий хийсвэрээр дүгнэсэн. Э.Эрдэнэцогт нь “Би Сериктэй маргалдаагүй, Табысбек нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би гараад явсан. Намайг орцны үүдэнд байж байхад араас Серик гарч ирээд чулуугаар хүзүү рүү цохисон. Эргээд харахад цээж рүү цохисон. Тэгээд чамаас болж дүүтэй маргалдлаа, чамайг ална гээд дайрсан” гэх мэдүүлэг өгсөн боловч гэрч Бадамцэцэг, Батзориг, Гантөмөр, Борхүү нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэжээ. Гэтэл миний үйлчлүүлэгч бэртэл гэмтэл авсан нь шинжээчийн дүгнэлтээр батлагддаг, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдсон гэж болно. Анхан шатны шүүх хэт хийсвэр дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөхийн оронд хэвээр үлдээсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй байхад хэрэглэх ёстой процессийн хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсгийг баримтлаагүй шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана уу” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн Э.Эрдэнэцогтод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 1б байрны гадна согтуугаар К.Сериктэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, гавал тархины гэмтэл учруулж “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Э.Эрдэнэцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан түүнд 11 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь  анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН