Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-05
Тогтоолын дугаар 118
Хэргийн индекс 188/2017/0030/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Оюунчимэг
Зүйл заалт 099.2., 254.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар магадлалтай, 201626011087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Болдбаатар болон түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Их өөлд овогт Бямбажавын Болдбаатар нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Жалайр овогт Бямбажавын Оюунчимэг нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Хувийн бусад сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Болдбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Оюунчимэгийг хувийн бусад сэдэлтээр шүүхэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарыг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгийг 2 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайханы гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Намайг хохирогч Б.Оюунчимэгийн духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэж улсын яллагч ялласан атлаа дээрх гэмтлийн талаар шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахгүйгээр, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хүсэлтээр оролцуулсан шинжээч Т.Номинцэцэгийн удаа дараа мэдүүлсэн эргэлзээтэй мэдүүлгээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь заалтыг зөрчиж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүй шийдвэр гаргасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шүүгдэгч Б.Болдбаатар нь хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр хохирогч Д.Оюунтүлхүүр, Б.Оюунчимэг нарыг хэсэг хугацаанд ажигласны үндсэн дээр батарей хулгай хийсэн байж болзошгүй гэж үзэн үйлдлийг нь таслан зогсоох гэсэн нэг зорилгоор очсон ба Д.Оюунтүлхүүрийн автомашинд 6 ширхэг батарей байснаар шүүгдэгч Б.Болдбаатарын сэжиглэсэн үндэслэл батлагдаж байгаа юм. Шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогч нарын үйлдлийг таслан зогсоох гэсэн ганц л санаа зорилгоор Д.Оюунтүлхүүр болон Б.Оюунчимэг нартай харьцаа үүсгэсэн ба дургүйцлээ илэрхийлсэн үйлдэл нь хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгч Б.Болдбаатарын үйлдэл нь эд хөрөнгөө хамгаалах гэсэн нэг зорилгод хүрэхийн тулд нэг төрлийн үйлдлээ тасралтгүй хэрэгжүүлж бусдын бие махбодь буюу эрүүл мэнд гэсэн нэг обьектод халдсан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт “Давтан үйлдэх” гэдэгт “Хулгайлах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн байхыг ойлгоно. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна” гэж тайлбарласан. Орон зай, цаг хугацааны хувьд нэг дор, нэг санаагаар, нэг үйлдлээр нэг буюу хэд хэдэн хүний өмчлөх эрхэд /үргэлжилсэн үйлдлээр/ халдсан бол давтан гэмт хэргээр зүйлчилдэггүйтэй адил шүүгдэгч Б.Болдбаатарын үйлдлийг давтан гэмт хэрэг гэж зүйлчилснийг Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Б.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Болдбаатар хувийн сэдэлтээр маргаан үүсгэж, хохирогч нарын биед өөр өөр санаа зорилгоор хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Харин шүүгдэгч Б.Оюунчимэг хувийн сэдэлтээр зориуд хэрхэн худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдоогүй байхад түүнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ялласан нь ойлгомжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 37 тоот хашааны гадаа Д.Оюунтүлхүүрийг “дүү Оюунчимэгтэй нийлж батарей хулгайллаа” гэх шалтгаанаар, мөн Б.Оюунчимэгийг “бусадтай нийлж батарей хулгайллаа, Оюунтүлхүүрийг өмөөрлөө” гэх шалтгаанаар тус тус зодож, хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүхээс Б.Болдбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан албадан ажил хийлгэх ял оногдуулж хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүх Б.Болдбаатарын хоёр хүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “давтан” гэмт хэргийн шинжийг хангасан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба “гэмт хэрэг давтан үйлдээгүй” талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд үндэслэл бүхий няцаалт хийсэн байна.

Харин шүүгдэгч Б.Оюунчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ахын эрх ашгийг хамгаалж, хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ах зүүн хуйхны гэмтлийг учруулсан, харин бусад гэмтлийг гэрийнхээ унь, тооныг угааж байхдаа унагаснаас авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Оюунчимэгийн биед “духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Б.Оюунчимэгийн биед учирсан гэмтлийн духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлжээ.

Зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэгт болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгодог.

Харин Б.Оюунчимэгийн хувьд мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “ах Б.Болдбаатар миний баруун шанаа руу 2-3 удаа алгадсан, үснээс зулгаасан” гэдгийг удаа дараа тогтвортой мэдүүлж байсан, өөрөөр хэлбэл, төрсөн ах Б.Болдбаатартаа зодуулаагүй гэж огт хэлээгүй ба түүний өгсөн “гэрийн унь, тооно угааж байгаад гэмтэл авсан” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүйгээс гадна прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Оюунчимэгийн зүүн чамархайн хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг Б.Болдбаатар учруулаагүй гэж дүгнэн уг гэмтлийг яллах дүгнэлтдээ дурдаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт “Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасан байхад Б.Оюунчимэгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хохирогчоор 2 удаа байцаахдаа түүнд дээрх эрхийг нь тайлбарлан өгөөгүй зөрчил гаргажээ.

Мөн Б.Оюунчимэг нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түүнийг анх хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахаас өмнө “ах Б.Болдбаатартай сайн дураараа эвлэрсэн, бид хоёрын хооронд маргаан байхгүй” гэсэн хүсэлт гаргасан байх ба мөрдөн байцаагч түүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүн буюу төрсөн ахынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгөх үүргээ биелүүлсэн тохиолдолд тэрээр мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэхээр байжээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Оюунчимэгийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэлгүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Оюунчимэгийг цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Болдбаатарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.4  дэх заалтуудыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар магадлалд “Прокуророос Б.Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Жалайр овогт Бямбажавын Оюунчимэгийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН