Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-24
Тогтоолын дугаар 137
Хэргийн индекс 106/2017/0066/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Мөнхбаяр
Зүйл заалт 112.2.1., 112.2.5., 112.2.6., 112.2.8.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Насаннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дүгээр магадлалтай, 201626022670 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мөнхбаяр болон өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт заасан “шунахайн сэдэлтээр, барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, насанд хүрээгүй хүн гэдгийг мэдсээр байж иргэнээс мөнгө гаргуулах болзол тавьж хүнийг барьцаалах”  гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мөнхбаярыг шунахайн сэдэлтээр, барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж иргэнээс мөнгө гаргуулах болзол тавьж хүнийг барьцаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт 7 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбаяр болон өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие хоригдож байх хугацаандаа өөрийн хийсэн буруу зүйлийн талаар ухаарсан бөгөөд хохирогч болон түүний ар гэрээс нь уучлалт гуйж байна. Миний гаргасан алдаанаас болж эцэг, эх маань нойтон дэртэй хонож байгаа бол өөр нэг нь сэтгэлийн айдастай үлдсэн ба залуу насны алдаа дутагдалаасаа болж гэмшил дүүрэн өнгөрөөх болсондоо харамсаж, дахин хууль зөрчсөн үйлдэл хийхээс маш их айж байна. Иймд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд анх удаа гаргасан алдааг минь уучилан өршөөл үзүүлж, ялыг минь багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Мөнхбаярт холбогдох хавтаст хэрэгт түүний хувийн байдлыг талаарх мэдээлэл, мэдүүлэг, баримт зэрэг авагдаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт хангагдаагүй гэж үзэж байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 286 дугаар зүйлийн 286.1.4, 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй нь хууль зөрчсөн. Дээрх ажиллагааг хийлгэснээр Б.Мөнхбаярт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болно гэж үзэж байна. Иймээс Б.Мөнхбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна.

Хэрэв шүүх дээрх ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзвэл Б.Мөнхбаярын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн болон хийсэн хэрэгтээ чин санаанаасаа  гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.     

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны дээвэр дээр 16 настай Н.Буяннэмэхэд цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь скоч, цахилгааны утсаар ороож хүлэн сүрдүүлж, эцэг П.Насаннэмэх рүү нь утсаар ярьж 80,0 сая төгрөг шаардан болзол тавьж, шунахайн сэдэлтээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогчийн амь биед нь заналхийлж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.Мөнхбаярыг шунахайн сэдэлтээр, барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бусдаас мөнгө гаргуулах болзол тавьж хүнийг барьцаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт заасан 7 жилийн хорих ялыг оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Мөнхбаяр болон өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбаяр болон өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР