Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-10
Тогтоолын дугаар 129
Хэргийн индекс 105/2016/0311/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу
Зүйл заалт 268.1., 269.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Батзолбоо, Чин Алимусу нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр магадлалтай, 201501000135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Намжим овогт Батчулууны Батзолбоо нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2. БНХАУ-ын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чин Алимусу /CHENALIMUSU/ нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Б.Батзолбоод Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Батзолбоог хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Чин Алимусуг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзолбоог тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,520,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Чин Алимусуг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 58 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,136,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,000,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, шүүгдэгч Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Гансүх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж цуглуулсан, нотлох чанараа алдсан, шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтууд байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, Чин Алимусугийн “би хээл хахууль өгөөгүй, хохирлын мөнгө өгсөн” гэсэн мэдүүлгийг яллах баримт болгосон. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас Б.Батзолбоо нарын хэргийг шалгаж байх үед зодооны хэргийн хохирогч С.Ганцацрал нь миний хохиролд авах мөнгийг дундаас нь хурааж авлаа. Би хохирлын мөнгөө авья гэж удаа дараа гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлын дагуу С.Ганцацралд Чин Алимусугаас 1 сая төгрөг гаргуулан өгсөн гэдгийг тэр мэдүүлсэн. Гэтэл С.Ганцацралын мэдүүлгийг яллах баримт болгосон нь үндэслэлгүй юм. Б.Батзолбоо нарт холбогдох хэргийг урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан тогтоолд “1 дүгээр хавтасны 10 дугаар хуудасны нэгжлэг хийх тогтоол дээр хяналтын прокурор Цэрэндорж гэж бичсэн байх боловч хяналтын прокурор Цэрэндоржийн гарын үсэг зөрүүтэй, хяналтын прокурорт танилцуулж баталгаажуулаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хурааж авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно”, 133.2 дахь хэсгийн “Хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна” гэж заасан. Шүүхийн тогтоолын дагуу мөрдөн байцаалт явуулахад нэгжлэг хийх ажиллагаа хууль бусаар явагдсан, прокурорын зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон атлаа хэн гэдэг албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг өнөөдрийг хүртэл шийдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь заалт зөрчигдсөн гэж үзнэ. Мөн дээрх шүүхийн тогтоолд “Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох чадвараа алдсан төдийгүй нотлох баримтад тооцох, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй болсон байна” гэдгийг дурдсан байхад мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт үйлдсэн баримтуудыг шүүхийн тогтоолын үндэслэл болгосон гэж хянуулах үндэслэл болгож байна. Хууль бус нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Гэрч Р.Цогтсайхан энэ хэргийн гэрч биш. Р.Цогтсайхан нь Чин Алимусуг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар шалгахад хэрэг бүртгэлтийн явцад түүнийг батлан даалтад авч байсан нэгдмэл ашиг сонирхолтой, хэргийн хохирлыг хахууль болгон хувиргаж зохиомол үйл ажиллагаа явуулсан этгээд юм. Р.Цогтсайхан Б.Батзолбоог шалгах ажиллагааг хууль бусаар хийсэн. Түүнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж ажиллах үүрэг өгөгдөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Чин Алимусу гэгч ЦЕГ-ын ажилтнуудад Б.Батзолбоог хахууль нэхээд байгаа тухай хэлсэн юм бол Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, ЦЕГ-ын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсгийн 3-т зааснаар “Цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох замаар хууль тогтоомж зөрчих явдалтай тэмцэх” үүргээ хэрэгжүүлэхгүй “мөнгийг аваачиж өгөөд мэдэгдээрэй” гэж хэлж явуулангуутаа араас нь очиж хууль бус ажиллагаа явуулсан. Авлигын эсрэг хуулийн дагуу шууд Авлигатай тэмцэх газарт хандах байтал Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд хууль зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу АТГ-ын мөрдөн байцаагч Ж.Мөнхжаргал нь Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон тогтоолд “Алимусуг хохирлын мөнгө өгөхөөр бэлтгэж байх үед ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан Р.Цогтсайхан нь Чин Алимусугаас тайлбар авч, түүний биедээ авч явсан мөнгийг фото зургаар бэхжүүлэн авч идэвхтэй үйл ажиллагаа явуулж өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдсэн” гэж дурдсан боловч Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ хоёрыг нэг нэг удаа байцааснаас өөр шалгалт явуулаагүй байж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээр дурдсан нөхцөл байдалд үндэслэн Б.Батзолбоод холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчмыг үндэслэн мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар Б.Батзолбоо нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт уг гэмт хэрэг гарахаас өмнө Чин Алимусу хандсан байдаг. Мөн хохирогч С.Ганцацралын нэхэмжилсэн хохирлын мөнгөний хэмжээ нь Чин Алимусугийн өгсөн төлбөрийн хэмжээтэй тэнцэж байгаа. Чин Алимусугаас Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт энэ мэдээлэл өгсний төлөө нууц задруулахгүй байх баримт үйлдэж авсан байдаг нь хэрэгт хавсаргасан. Эдгээр баримтуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн бөгөөд шүүгдэгч Б.Батзолбоогийн хувьд урьдчилан амлаж 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан. Шүүгдэгч Чин Алимусугийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Батзолбоог урьдчилан амлахгүйгээр 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх урьдчилан амлаж 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэж тодорхойлсон. Прокуророос Б.Батзолбоог Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хясан боогдуулах замаар урьдчилан амлаж 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүх хясан боогдуулах замаар урьдчилан амлаж 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг өөрчилсөн. Зүйлчлэл өөрчилсөн талаар прокурорын зүгээс санал байхгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад урьдчилан амлаж 1,000,000 төгрөгийг авсан гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзолбоог Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар хээл хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

“Хясан боогдуулах” гэдэгт тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож, хээл хахууль өгөхийг тулган шаардах, өөрөөр хэлбэл хахууль өгөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар заналхийлж хахууль өгөхийг шаардах, эсхүл санал болгосон үйлдлийг ойлгоно.

Гэтэл шүүх Чин Алимусугийн гэрчээр өгсөн “...Б.Батзолбоо нь намайг цагдаагийн хэлтсийн хажууд байрлах Монгол зоог ресторан руу дагуулж ороод “халхын шорон хэцүү шүү, мэдэж байгаа биз дээ” гэхээр нь “заавал шоронд явуулах шаардлагатай юм уу, авраач” гэж гуйсан. Тэгтэл Батзолбоо “чи тэгвэл хэдэн төгрөг гаргаж чадах юм” гэж асуусан, миний хувьд хохирлын мөнгө нэмж өгөх нь гэж ойлгоод “500,000 төгрөг өгч чадна” гэхэд Б.Батзолбоо “битгий доромжлоод байгаарай, С.Ганцацралаас доогуур үзээд байна уу” гэхээр нь мөнгө олдохгүй байна гэхэд “битгий олон юм яриад бай, одоо яваад 1,500,000 төгрөг олоод ир” гэсэн. Энэ үед би хохирлын мөнгө яриагүй юм байна гэж ойлгосон” гэсэн, мөн гэрч Р.Цогтсайханы “...Алимусу над руу залгаад Батзолбоо гэж байцаагч намайг гадаадын харьяатын албанд мэдэгдэж хөөж гаргана, эсхүл шоронд явуулна гээд байна, хэлсэн мөнгийг нь олоод өгмөөр байна, мөнгө бол олдоно, нутаг руу явуулчихвал би тэндээ хэцүүднэ гэж ярьсан” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй атлаа “Б.Батзолбоо нь хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна” хэмээн дүгнэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийн шаардлагыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, Чин Алимусу нь Б.Батзолбоод мөнгө өгөхөөс өмнө болон дараа нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандсан үйл баримттай холбогдуулан түүнд гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “Б.Батзолбоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан гомдолд хяналтын шатны шүүх энэ удаа дүгнэлт хийх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН