Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-26
Тогтоолын дугаар 141
Хэргийн индекс 106/2017/0040/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч О.Гончигсүрэн
Зүйл заалт 098.1., 099.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

О.Гончигсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогч Х.Эрдэнэсоёл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 164 дүгээр магадлалтай, 201626022821 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Орсоогийн Гончигсүрэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Гончигсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гончигсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Гончигсүрэнг 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Гончигсүрэнд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэжээ. Шүүгдэгч О.Гончигсүрэн нь хохирогч Х.Эрдэнэсоёлын биед шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг учруулаагүй, урьд нь байгууллагаараа “Ойн жим” амралтын газарт амарч сагс тоглож байгаад гараа гэмтээсэн болохыг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийлгүйгээр дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Эрдэнэсоёл “...Уг гэмтлийг би өмнө нь авсан байсан ба тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн хэдий ч гэмтсэн гарынхаа зургийг авахуулаагүй байсан. Харин нөхөр О.Гончигсүрэнтэй маргалдсаны дараа дахин Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд зургаа авахуулаад шүүх эмнэлэгт аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд Х.Эрдэнэсоёлоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 147.4 дэх хэсэгт заасан эрхийг нь тайлбарлан өгөлгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Гончигсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч О.Гончигсүрэнгийн үйлдсэн хэрэг нь камерын бичлэг болон шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Гончигсүрэнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” үсчин, гоо сайхны салонд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Эрдэнэсоёл, Т.Мөнхтуяа нарын эрх чөлөөнд халдаж, Х.Эрдэнэсоёлын биед баруун гарын сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, Т.Мөнхтуяагийн биед баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх О.Гончигсүрэнг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хохирогч Х.Эрдэнэсоёлын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс гадна шинжээчийн “...Х.Эрдэнэсоёлын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, мөн шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Х.Эрдэнэсоёлын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ГССҮТ-д авахуулсан рентген зургийг харахад хугарлын шинэ шугамтай шинэ гэмтэл байсан. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл юм. Хэрэв 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х.Эрдэнэсоёл баруун гарын хурууг хугалсан, цуулсан байсан бол бороололттой, нэмэлт сүүдэр илрэх ёстой. Зураг дээр ямар нэг шинж тэмдэг, сүүдэр байхгүй байна. Ийм учраас шинэ гэмтэл юм” гэсэн мэдүүлэг зэргийг үнэлэн О.Гончигсүрэнг гэм буруутайд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Эрдэнэсоёлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг тайлбарласан байх бөгөөд харин мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан “...Хохирогч нь гэр бүлийн гишүүнийхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг тайлбарлан өгөөгүй нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Х.Эрдэнэсоёл өөрийн хүсэл зоригийн дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нөхөр О.Гончигсүрэнгийн эсрэг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлж, хохирогчийн хувьд “...Гончигсүрэн орж ирээд ...миний гарын хуруунуудыг маш чанга атгаж бариад ...түлхэж салоноос гаргаад... намайг тавихаар нь би дахиж зодуулж магадгүй гэж бодоод таксинд суусан... Би гар өвдөөд байна гэхэд гар тавихгүй байсан... 2016 оны 09 дүгээр сарын 05-нд сагс тоглож байгаад баруун гарынхаа ядам хурууг гэмтээж байсан ба зураг авахуулахад бага зэргийн хугаралтай гэж байсан, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин зураг авахуулахад ядам хуруу хажуу тийшээ шинэ хугаралтай байна гэж гарсан. Баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал нь мөн Гончигсүрэн миний гарыг базахад л үүссэн. ...Би маш их гомдолтой байна” /хх-11-13/ гэх мэдүүлэг өгсөн ба түүний биед 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүндэвтэр зэргийн шинэ гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон байх тул хохирогч Х.Эрдэнэсоёлын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байсан гэх үндэслэлээр үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй.

Иймд мөрдөн байцаалтын явцад хохирогч Х.Эрдэнэсоёл өөрийн нөхөр О.Гончигсүрэнтэй эвлэрсний дараа өмнөх мэдүүлгээ өөрчилж, харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгийг үндэслэн хяналтын шатны шүүх хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн “...О.Гончигсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            ДАРГАЛАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН