Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 146
Хэргийн индекс 106/2017/0001/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Р.Шагдарсүрэн
Зүйл заалт
Улсын яллагч Р.Мөнхтариа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Р.Шагдарсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Р.Мөнхтариа,

нарийн бичгийн дарга Э.Боролдой нарыг оролцуулан,

Хувьсгалт улаан цэргийн ерөнхий шүүх таслах газрын 1930 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар хурлын тогтоолтой, Р.Шагдарсүрэнд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

Ханхэнтий уулын аймгийн Өндөрхан уулын хошууны Баян-Өндөр сумын харьяат, эцэг, эх, дүү нарын хамт мал ба бичгийн ажлаар амьдардаг, 1928 онд улаан цэрэгт татагдсан, 1929 оны 07 дугаар сараас тусгай дивизонд бичээч хийж байсан, урьд намын гишүүн байгаад хуучин бичээч хэмээн хөөгдсөн, Хоршоо ба Мопорын гишүүн, ял шийтгэлгүй, 3 дугаар хорооны 18 дугаар хоринд Чадраабал хэмээхийн хашаанд нэг хошууны Содномбалжирынд суудаг, Равдан овогтой Шагдарсүрэн нь Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 49 дүгээр зүйлд заасан “Улс төр ба ардын хувьсгалд зөрчин тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учруудыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тарааж үймээн цохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болохыг хичээсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Хувьсгалт улаан цэргийн ерөнхий шүүх таслах газрын 1930 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйлд зааснаар Р.Шагдарсүрэнг 8 сар гянданд хорьж, албадан үйлдвэр хийлгэхээр шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Р.Мөнхтариагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын Цагаатгал хариуцсан хяналтын прокурор Р.Мөнхтариа хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Р.Шагдарсүрэнд холбогдох хэргийн материалыг үзэхэд дайчлан баривчилсан тогтоол, ордер, урьдчилан хорьсон тогтоол, бие, эд зүйлийг нэгжсэн, хураасан тогтоол зэрэг нь байхгүй, хэргийн бүрдэл хангаагүй, Эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хуулийг зөрчсөн байна. Р.Шагдарсүрэн нь цуурхал тараасан гэх хэргийг анхнаасаа хүлээгээгүй ба “тулгаж яллавал ялыг би хүлээхгүй, намайг цуурхал тараасан гэх хүнтэй заавал нүүрэлдүүлэхийг хүсэж байна. Хэрэв хилсээр яллах бол зохих газарт нь заалдана” гэж мэдүүлж байжээ. Р.Шагдарсүрэн нь хилс ташаа хэргийг тулган хүлээлгэлээ хэмээж хянан шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүх таслах газарт хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн баримт хэрэгт нь байхгүй байв. Р.Шагдарсүрэн нь эсэргүү цуурхал тараасан гэх хэргийг өдүүлсэн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, бусдын гүтгэлгээр хэрэгт холбогдуулан баривчилсан болох нь хэргийн 12 дугаар хуудсанд байгаа харьяат хэлтсийн даргадаа бичсэн тулган байцааж хэрэг хүлээлгэхийг хүссэн албан бичиг байгаа юм. Ийм учраас Тусгай дивизоны цэрэг байсан Р.Шагдарсүрэнг улс төрийн эсэргүү цуурхал тараасан гэж ял шийтгэсэн нь хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хувьсгалт улаан цэргийн ерөнхий шүүх таслах газрын 1930 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгуулан Р.Шагдарсүрэнг цагаатгуулахаар бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна гэж заасан ба уг зүйлийн 5.1.1 б-д “1926 оны “Шүүх цаазны бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн хүн” гэж тодорхойлжээ.

Мөн дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг ...Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ...гаргах эрхтэй” гэж хуульчилсан ба мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Цагаатгуулах тухай гомдлыг 2011 оны 12 дугаар сарын 30-ны дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэж хугацааг маш тодорхой заасан байна.

Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээж шалгах асуудал нь тусгайлан зохицуулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар зохицуулагдах бөгөөд хуульд заасан хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай гомдол гаргах хугацаа хэтэрсний дараа гомдол гаргасан байхад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/03 дугаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН