Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 150
Хэргийн индекс 106/2017/0069/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Ганболор
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Ганболорт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогч Б.Батжаргал,

цагаатгагдсан этгээд Г.Г.Ганболор

цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Боролдой нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар магадлалтай, 201526022099 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Батжаргал болон өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганзоригийн Ганболор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Ганболорт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Ганболор цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 хуудас Эскиз зургийг Г.Ганболорт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Батжаргал болон өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2014 онд өөрийн ажиллуулдаг эмнэлгийн байрыг газрын хамт барьцаанд тавин үйл ажиллагаагаа өргөтгөхөөр зээл авч, уг зээлээр амины орон сууц барьж эргүүлж авахаар нөхөртэйгээ ярьж байхад зээл авахад төсөл бичиж өгсөн н.Даваажав нь надад зураг зурдаг найз байгаа тул таны утсыг өгье гэсэн. Тэгээд Г.Ганболор нь н.Даваажавын найз байна гэж утсаар ярьж, эмнэлэг дээр ажлын цагаар хэд хэдэн удаа ирж уулзаад “ямар зураг зуруулах вэ, хэзээ эхлэх үү, гэрээ хийх үү” гэж ярьсан. Би газраа олчихоод гэрчилгээ нь гарахаар ажлаа эхэлье гэж хэлсэн. Гэтэл бүтэн сайн өдөр зусландаа амарч байтал н.Даваажав, Г.Ганболор нар инженертэйгээ хамт ирээд, миний хөөцөлдөж байсан газрыг үзчихээд явсан. Хэд хоногийн дараа Г.Ганболор нь гэрээгээ бэлдчихлээ гэж ирэхээр нь газрын гэрчилгээ гарахаар нь гэрээгээ хийе гэхэд “газрын гэрчилгээгүй эхэлж болно, гэрээгээ хийгээд дүүдээ урьдчилгаагаа өгч бай л даа, надад мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 12,600,000 төгрөг өгсөн юм. Миний хөөцөлдөж байсан газар бүтэхгүй болохоор нь Г.Ганболортой утсаар ярьж, “зургаа зуруулахгүй боллоо, газар бүтсэнгүй” гэхэд таны мөнгийг үрчихсэн тул өөр зураг зураад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Г.Ганболорын компани нь барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсэний дараа түүнтэй утсаар ярьж, цагдаад өгнө гэж хэлэхэд миний дансанд 2,000,000 төгрөг шилжүүлчихээд сураггүй алга болсон. Сүүлдээ үлдэх мөнгөө авахаар Г.Ганболорын ажил дээр нь очиход “таны зургийг зурчихсан” гэж зураг гаргаж ирээд энийг авбал ав, авахгүй бол шүүх, цагдаагаар яваарай гэж хэлсэн. Тэгээд миний бие цагдаад энэ талаар гомдол гаргаж шалгуулсан боловч шүүх Г.Ганболорыг цагаатгаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үнэлэлт өгөхдөө хэт нэг талыг барьсан байхаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчин хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож дүгнээгүй байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Батжаргал нь барилга барих газрынхаа албан ёсны зөвшөөрөл аваагүй байхад өөрийн “Хос вансэмбэрүү” ХХК-ийн нэрээр Г.Ганболорын “Мастертийм” ХХК-тай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулж төлбөрт 12,600,000 төгрөгийг Г.Ганболорт шилжүүлсэн, гэрээ хэрэгжих явцад газрын гэрчилгээ гаргаагүйн улмаас шилжүүлсэн төлбөрөө буцаан авах талаар маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдлоо. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасанчлан Г.Ганболорын үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс  “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулсныг үнэлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 51 тоот тогтоолд “...бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно. Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Б.Батжаргал нь өөрөө гэрээ хийх санаачлагыг гаргаагүй бөгөөд өөрт нь төсөл бичиж өгсөн н.Даваажавын санал болгосноор Г.Ганболортой танилцсан байдаг. Улмаар Г.Ганболор нь хэд хэдэн удаа өөрийн биеэр хохирогчийн ажлын байранд ирж гэрээ хийх талаар ятгаж,  санал болгосноор гэрээ байгуулагдсан бөгөөд газрын гэрчилгээ гараагүй талаар хэлэхэд гэрчилгээ шаардлагагүй гэж хэлж байсан байна. Гэрээ байгуулснаас хойш 4-5 хоногийн дараагаар зураг зуруулахдаа больсон талаар хэлэхэд “өмнө байсан өрөө дарсан” талаар хэлж мөнгө олж өгнө гэсээр өдий хүрч өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлгүй хаана ч үнэлэгдэх боломжгүй зургаа авахыг шаардсан байдаг. Тэгээд ч гэрээ хийснээс хойшхи 4-5 хоногт одоо санал болгоод байгаа зураг нь зурагдаагүй байсан болох нь хохирогч болон Г.Ганболорын мэдүүлгээр нотлогдож байна. Хоёр шатны шүүхээс Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг биелэгдэх боломжтой байсан байхад хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэрээний биелэлт хангагдах боломжгүй болсон талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Г.Ганболор нь барилгын зураг төсөл зураг тусгай зөвшөөрөлгүй, хэдийгээр “Уран үзэг” ХХК-тай зураг төсөлд хяналт тавих тухай гэрээ байгуулж баталгаажуулахдаа захирал н.Эрдэнэгэрэлийн гарын үсгийг дуурайлган зурсан байгаа нь мөн түүний буруутай үйлдлээ нуух гэсэн оролдлого юм. Түүний зурсан зураг нь өнөөдрийн байдлаар үнэлэгдэх боломжгүй болох нь Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/86 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Г.Ганболорын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэргийн субъектив санаа, зорилго Г.Ганболорт байгаагүй. Г.Ганболор нь мэргэжлийн архитектурч, барилгын зураг төсөл зурах эрхтэй. Монгол улсад энэ мэргэжлээр төгссөн, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст заавал тусгай зөвшөөрөл шаардлага болдоггүй. Яагаад миний үйлчлүүлэгчийг тусгай зөвшөөрөлгүй мэтээр улсын яллагч яллаад байгаа нь үндэслэлгүй юм. Г.Ганболор тухайн зураг төслийг гэрээ байгуулж гүйцэтгэсэн бөгөөд гэрээ байгуулахдаа хохирогчийн талаас яаруулж 90,000,000 төгрөгийн гэрээг 40,000,000 төгрөгөөр байгуулсан. Хохирогч зураг төслийн гэрээг яаралтай байгуулж, хурдан барилга бариулах хүсэлтэй байсан тул энэ шалтгаанаар Г.Ганболор гэрээг 42,000,000 төгрөгөөр байгуулаад урьдчилгаанд 12,600,000 төгрөг авсан ба уг гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу хийгдсэн. Энэ гэрээний дагуу Г.Ганболор нь хавтаст хэрэгт авагдсан 23 хуудас зургийг зурсан. Г.Ганболор хохирогчид гэрээний дагуу зураг төслийг хийж өгсөн учраас залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзээгүй. Гэрээний үүргийг гүйцэтгэх явцад газрын гэрчилгээ гараагүй байсан учир өнөөдрийн маргаан үүсээд байна. Хэргийн 2 дугаар хавтасны 55 дугаар хуудсанд 12,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар баримт байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: Г.Ганболор болон Б.Батжаргал нарын хооронд хийгдсэн гэрээ сайн дурын үндсэн дээр хийгдсэн иргэний эрх зүйн гэрээ юм. Г.Ганболорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул цагаатгах тогтоол болон магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлэх эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг бөгөөд шүүгдэгч Г.Ганболор нь өөрийн “Мастертийм” ХХК-ийн өмнөөс 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Батжаргалтай “Барилгын зураг төсөл боловсруулах” тухай гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа болгон 12,600,000 төгрөгийг авсан байх бөгөөд уг гэрээнд заасны дагуу барилгын ажлын эскиз зургийг бэлэн болгож, уг зургийг хохирогчид өгсөнөөс гадна хохирогч барилгын зураг төсөл зуруулахаа больсон талаар мэдэгдсэний дараа зөрүү төлбөр гэж 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн зэрэг үйл баримтаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Хохирогч Б.Батжаргал, түүний өмгөөлөгчийн “Мастертийм” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй гэсэн гомдлын тухайд хохирогчийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай захиалгыг шүүгдэгч Г.Ганболор хийж гүйцэтгэх боломжгүй байсан эсхүл тийм санаа зорилгогүй байсан гэж дүгнэх хангалттай үндэслэл болж чадахгүй бөгөөд Г.Ганболор нь барилгын ажлын зураг төсөл зурахад шаардагдах мэдлэг, чадварыг албан ёсоор эзэмшсэн, мөн боловсруулсан зургаа тусгай зөвшөөрөлтэй “Уран үзэг” ХХК-иар хянуулах, баталгаажуулахаар гэрээ байгуулсан, зураг төслийг эскизийн түвшинд зурж гүйцэтгэсэн зэргээс гомдлын үндэслэл няцаагдаж байна.

Прокуророос шүүгдэгч Г.Ганболорт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 Иймд хохирогч Б.Батжаргал болон өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Батжаргал болон өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР