Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-24
Тогтоолын дугаар 136
Хэргийн индекс 157/2014/0023/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Л.Гансүх
Зүйл заалт 091.2.2
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Л.Гансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Цэмбэлмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоол,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/ДШМ/01 дүгээр магадлалтай 201223010069 тоот эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Чоносон овогт Лувсанбалдангийн Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, тэрээр нийт 236 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаярын 14.315.000 /арван дөрвөн сая гурван зуун арван таван мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Л.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Б.Энхтүвшин, С.Цэмбэлмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...гэрч Б.Ариунжаргалийн “өндөр Л.Гансүх, Л.Эрхэмбаяр 2 хоорондоо барилга байшин, модны асуудлаас болж маргалдаж зодолдсон. Л.Эрхэмбаяр “чи манай эгчийг чөтгөр шулмаар дуудлаа” гэхэд Л.Гансүх Л.Эрхэмбаярыг заамдаад цементэн дээр унагаасан тэгээд Л.Эрхэмбаяр эргэж босож ирээгүй, ...Л.Эрхэмбаярыг Л.Гансүх зодож байхыг би биеэрээ харсан учир гэртээ сууж чадахгүй хоол унд орохгүй элдэв өнгийн юм бодогдоод, Өлзий эгчид үнэнээ ярья гэсэн”, гэрч Н.Нарантуяагийн “Б.Ариунжаргал, Л.Гансүх нар хамт ирсэн” зэрэг мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлж ирсэн. Гэтэл шүүх шүүгдэгчийн ар гэр, хамаатан садан болох Г.Хандсүрэн, Ж.Чулуунбаатар, И.Дагдандорж Б.Мөнхөө, Дарьмаа нарын мэдүүлгийн үнэн зөвийг бодит байдлаас хэт гуйвуулж, илтэд ял завшуулах нөхцөлийг бүрдүүлсэн. 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “3 хуудас бичмэл нь Б.Ариунжаргалын гарын үсэгтэй тохирч байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн Бор-Өндөрийн цагдаагийн хэлтсийн компьютер шатсанаас болж гэрч Б.Ариунжаргалын мэдүүлгийг худал эргэлзээтэй гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Полиграфын шинжилгээгээр Б.Ариунжаргалын мэдүүлэг 99 хувь байгаа болно. Түүнчлэн гэрч Б.Ариунжаргал нь бидний хоорондын торхны наймааг огт мэдээгүй байсан. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаярын өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...шүүх цагаатгах тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “Л.Гансүх нь Л.Эрхэмбаяртай маргасны улмаас нүүрэн тус газар нь тоосгоор цохиж алсан байна” гэж дүгнэсэн алтаа Цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай гэсэн нь өөр хоорондоо харилцан адилгүй зөрүүтэй байдлаар дүгнэсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг алдагдуулсан гэж үзэж байна. Гэрч Б.Ариунжаргалын “Л.Гансүх Л.Эрхэмбаярыг заамдаад цементэн дээр унагасан”, Н.Нарантуяагийн “Б.Ариунжаргал, Л.Гансүх нар хамт ирсэн” гэсэн мэдүүлгийг тогтвортой мэдүүлж ирсэн. Гэтэл шүүх шүүгдэгч Л.Гансүхийн ар гэр болох хамаатан садан төрлийн хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн Л.Гансүхэд ял завшуулж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр гэрч Б.Ариунжаргалын бичсэн 3 хуудас бичмэл нь түүний гарын үсэгтэй тохирч байна гэж гарсан байдаг.  Мөн Бор-Өндөр цагдаагийн хэлтсийн компьютер шатсанаас болж гэрч Б.Ариунжаргалын мэдүүлгийг худал эргэлзээтэй гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаар байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг зөрчиж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Л.Гансүхэд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тал бүрээс нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэмбэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Л.Гансүх нь үл ялих зүйлээр шалтаглаж, танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь уг хэргийн гол гэрч Б.Ариунжаргал нь Л.Гансүхийг гэм буруугүй болох талаар мэдүүлэг өгсөн хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд зааснаар шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон байгаа. Дээрхээс харахад анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа учраас хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх талийгаач Л.Эрхэмбаярыг шүүгдэгч Л.Гансүх чулуугаар цохиж амь насыг нь хохироосон гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэж цагаатган шийдвэрлэхдээ прокуророос яллах үндэслэл болгосон нотлох баримтыг ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүйгээс гадна ямар нотлох баримт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгааг тодорхойлолгүй хэрэгт цугларсан, хэргийн бусад нөхцөл байдалд хамааралтай нотлох баримтуудыг дурдан тоочиж, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.    

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой бөгөөд нэгдмэл ашиг сонирхолтой, хэргийн талаар хувийн ашиг сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын зохист түвшинг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, тэрчлэн мөрдөн байцаалтын явцад зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд бусдыг санаатай алсан хэргийг нуун далдалсан гэм буруу нь нотлогдсон талаар дүгнэлт хийсэн шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан төдийгүй, улмаар уг шийдвэртэй логикийн хувьд зөрчилдсөн агуулга бүхий дүгнэлт хийж Л.Гансүхэд холбогдох хэргийг цагаатгасан нь буруу байна. 

Түүнчлэн хэрэг гарах үед хэргийн газарт байсан гэх гэрч Б.Ариунжаргал нь хэргийн үйл баримтын талаар мэдүүлэхдээ зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөрүүтэй мэдүүлэг өгөх болсон шалтгаанаа тайлбарласан үеэс эхлэн Л.Гансүхийн үйлдлийг гэрчилсэн мэдүүлгийг тогтвортой мэдүүлж байгаа нь хэргийн нөхцөл байдал, яллах талын бусад нотлох баримттай зөрөөгүй байхад түүний мэдүүлгийг эргэлзээ төрүүлж байна хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс яллах талын голлох нотлох баримтууд цагаатгах талын ямар баримтаар няцаагдаж байгааг тогтоож, үндэслэлээ заагаагүй, хохирогчийг амь насыг хохироосон гэмт хэргийг Л.Гансүх үйлдсэн болохыг гэрчилсэн Б.Ариунжаргалын удаа дараагийн мэдүүлэг, тухайн мэдүүлгийн үнэн зөвийг нотолсон шинж бүхий бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад уг нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй, тэдгээр нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх байдал нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын “цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авч Л.Гансүхэд холбогдох хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/ДШМ/01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН