Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 147
Хэргийн индекс 188/2017/0119/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Батбаяр
Зүйл заалт 181.3.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Батбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун,

Нарийн бичгийн дарга Э.Боролдой нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалтай 20162601906 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Буянт гол овогт Даваагийн Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Д.Батбаярын гэрт гэрч Б.Уранчимэг, Лувсанжамц, хохирогч нар ирж архи уун согтууран, улмаар шүүгдэгчийн гэрт хоносон бөгөөд хохирогч П.Баатарцогт нь Д.Батбаяртай өөрийн найз эмэгтэй болох Б.Уранчимэгтэй хардсанаас болж хоорондоо маргалдаж улмаар П.Баатарцогт гэмтэл авсан байдаг. Танхайрах гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар Улсын Дээд шүүхээс гаргасан 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот тогтоолд гэмт этгээд олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, ичгүүр сонжуургүйгээр, өөрийн бүдүүлэг зан авирыг гаргаж уг үйлдлээрээ бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг байдлаараа эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг талаар заажээ. Шүүгдэгч Д.Батбаяр нь анхнаасаа П.Баатарцогтыг “зодоогүй” гэж тогтвортой мэдүүлдэг, харин хохирогч П.Баатарцогт, гэрч Б.Уранчимэг нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт тус тус зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, түлхүүр, дроцов, төмөр болон чухам ямар зүйлээр цохисон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байдаг. Иймд Д.Батбаярт холбогдох хэргийг тал бүрээс нь хянан үзэж, хэргийн бүрдэл хангагдаагүй, үйлдэл бүрэн нотлогдоогүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой болохыг хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Д.Батбаяр нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж танхайрсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч А.Төмөрчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Батбаяр нь бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн П.Баатарцогтыг зодож, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Бусдыг үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг танхайрах гэмт хэрэг гэж ойлгоно.

Шүүгдэгч Д.Батбаярын согтуурсан үедээ төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайн сэдэлтээр П.Баатарцогтыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс Д.Батбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН