Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-05
Тогтоолын дугаар 157
Хэргийн индекс 180/2017/0028/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Энхбаяр
Зүйл заалт 181.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Энхбаяр холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар магадлалтай 201623000350 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Шарайд овогт Дамдинжавын Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Энхбаярыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 09 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан” гэж нэмж “Тогтоох” хэсгийн 2, 3 дахь заалтын “05 жил 01” сарын хорих ял гэснийг “03 жил 05” сарын гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Д.Энхбаяр нь өөрийн танил Д.Мөнхболдтой самарт машин эсхүл мориор явах, явахгүй талаар болон эхнэрийг нь хардсаны улмаас маргалдан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Уг хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Д.Энхбаяр нь Д.Мөнхболд нар согтуу сууж байхдаа маргалдан, улмаар Д.Мөнхболдыг хутга бариад босоод ирэхэд нь Д.Энхбаяр түүнтэй зууралдаж түүний гарын хурууны салаа, далан дээр зүсэгдсэн шархыг үүсгэсэн. Маргааны гол сэдэв нь Д.Мөнхболд нь өөрийн эхнэртэй Д.Энхбаярыг харддаг байсных юм. Мөн Д.Мөнхболдын нүүр болон биед хуучин зүсэгдсэн шарх байсныг гэрч гэрчилсэн. Д.Энхбаярын Болдод хандан “би хүн хатгачихлаа” гэж хэлсэн үгийг үндэслэн түүнийг яллаж байна гэж харагдаж байна. Мөн сэтгэцийн хувьд эрүүл хүн “унт” гэж хэлсний төлөө хүн хутгалах уу гэдэг асуудал гарна. Тэгэхлээр тэдний хооронд ямар нэг хувийн таарамжгүй харьцаа байсныг үгүйсгэхгүй юм. Хохирогчийн хэл амаар доромжлон өдөөн хатгаснаас үйл явдал болсон төдийгүй, тэрээр гомдол саналгүй ба энэ хэрэгт хохирол байхгүй юм. Мөн Д.Энхбаярт ямар нэг шарх үүссэн үү, Д.Энхбаярын үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байсан уу гэдгийг огт шалган тогтоогүй байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Д.Энхбаяр нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Д.Энхбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Мөнхболдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулахыг “танхайн сэдэлт”-ээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч, хохирогч нар нь хамт архи уун хохирогч С.Мөнхболд нь шүүгдэгч Д.Энхбаярт “архи дууссан, одоо унтаж амар, хоёулаа согтсон байна” гэж хэлсэн зүй зохистой зөвлөгөөг эсэргүүцэн, согтуурхан хэрүүл маргаан үүсгэж, заналхийлэн улмаар хутга хэрэглэн хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, Д.Энхбаярыг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж ял хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН