Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-05
Тогтоолын дугаар 158
Хэргийн индекс 173/2017/0027/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Э.Очирсүрэн
Зүйл заалт 091.2.2
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.Очирсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар магадлалтай 201615000279 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Очирсүрэн, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Очирсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус багтааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр өмнөх 2005 оны 05 дугаар сарын 13-ны 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар Э.Очирсүрэнгийн эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан Боржигон овогт Эрдэнэбатын Очирсүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Очирсүрэнг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн “Toyota Rav-4” маркийн автомашины үнэ болох 9.000.000 төгрөгийг Э.Очирсүрэнгээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Очирсүрэн, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Очирсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Э.Очирсүрэн намайг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэж байгаа нь хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлтийг буруу үнэлж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-80.1.6 дахь заалтуудыг зөрчиж Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Н.Сандагдорж нь машиныхаа дугуйг хийлж байсан миний толгойд үл мэдэх зүйлээр араас цохиж, танхайрч эхэлсэн үйлдэл нь камерын бичлэгт авагдсан байдаг. Түүний үйлдэл нь тухайн сөргөлдөөний шалтаг болсон байтал нарийвчлан тогтоолгүйгээр дан ганц нэг талыг барьж дүгнэлт гаргалаа. Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг зодоон маргааны үед хүн алах гэмт хэргээс ялгахын тулд хэн уг үйлдлийг санаачилж сэдсэн, гэм буруутай этгээдийн зүгээс сөргөлдөөнийг өдөөн хатгаагүй зэргийг нарийн тодорхойлох шаардлагатай. Сөргөлдөөнийг эхлүүлсэн нь хохирогч байсан. Мөн “завдалт нь тодорхой гэмт хэргийг үйлдэх замаар хэн нэгэн урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэгдсэн тодорхой зорилго буюу идэвхтэй ажиллагааг юм” гэсэн Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн тайлбар байхад үгүйсгэж байгаа нь тухайн хэргийн үүссэн нөхцөл байдал, шалтгаан зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэлт зэргийг өнгөц дүгнэж эрүүгийн хуулийн агуулгаас нь зөрүүтэй хэрэглэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан байна. Иймд зөв дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүх Э.Очирсүрэнд ял оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 95 дугаар зүйлийн 95.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн.  Э.Очирсүрэн нь төрсөн ах дүүгийн хүүхэд болох Н.Сандагдоржтой хамтарч самар түүсэн бөгөөд самраа борлуулчхаад дараа нь архи уугаад ашиг орлогоосоо болж маргалдсан байхад хэргийг танхайн сэдэлттэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагын хангаагүй. Э.Очирсүрэнг хувийн байдал муутай гэж түүний үйлдсэн гэмт хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэрэгт ял шийтгэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хохирогч Н.Сандагдоржийн биед учирсан гэмтлүүд нь автомашинд мөргүүлснээр үүссэн. Хэрэгт авагдсан камерын бичлэгээр гэмт хэргийн зүйлчлэл тодорхой харагддаг. Э.Очирсүрэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хохирогчийг хөөж очин дайрч санаатайгаар алахыг завдсан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Хохирогч дунд чөмөгний хугарлын улмаас болж мэс засал хийлгэсэн. Одоо биеийн байдал хүнд хохирогчоор мэдүүлэг өгөх чадваргүй учраас өргөж авсан эцэг нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Тиймээс хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчих буюу тодорхой гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг.

Түүнчлэн нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулахыг “танхайн сэдэлт”-ээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд Э.Очирсүрэн нь согтуурсан үедээ гудамж талбайд бусадтай маргаан зодоон үүсгэн, улмаар орчин тойрондоо аюул учруулж болзошгүй байдлаар автомашин жолоодож, удаа дараа зориудаар хохирогчийг автомашинаар элдэн хөөж, түүнийг мөргөсөн үйлдлийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Э.Очирсүрэнг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн зөв хэрэглсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Очирсүрэнгийн “зөв дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэж өгнө үү”, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэрэгт ял шийтгэж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Очирсүрэн, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН