Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 148
Хэргийн индекс 142/2017/0030/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Г.Баярсайхан
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Б.Адалбек,

нарийн бичгийн дарга Б.Боролдой нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалтай, Г.Баярсайханд холбогдох эрүүгийн 201614000483 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Гүржавын Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Баярсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.344.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайханаас 363.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нарангэрэлд олгож, хохирогч С.Нарангэрэл нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Адалбек нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… анхан шатны шүүх хохирогчийн хохирол төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл буюу хохирлын тооцоо гэсэн жагсаалтад хавсаргасан баримтуудыг үнэлэхдээ “нотлох баримт байхгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, хэлэлцэхгүй орхиж байгаа нь хуулийг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-д зааснаар “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих”, мөн хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг заана” гэсэн. Шүүх ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулалгүй хэвээр үлдээсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 317.3 дахь хэсгийг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... хохирогч С.Нарангэрэл нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин, орлого, сэтгэл санааны хохирол зэрэг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэснийг хүчингүй болгож, 3 дахь заалтад “363.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэсэн өөрчлөлт оруулна уу” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Адалбек хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Б.Баярсайхан өөрийн гэм бурууг хүлээхгүй, хохирлоо барагдуулахгүй байгаа гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хугацаа хожиж, ял завших зорилгоор гомдол гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч Б.Баярсайхан хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Нарангэрэлтэй маргалдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх шүүгдэгчээс 364.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Бусад эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 12 дугаар байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайд С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож биед нь “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, умдагт зөөлөн эдэд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Баярсайханы үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагад татаж болохгүй үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Г.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... хохирогч С.Нарангэрэл нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин, орлого, сэтгэл санааны хохирол зэрэг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэснийг хүчингүй болгож, 3 дахь заалтад “363.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулна уу” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Г.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.Баярсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     ДАРГАЛАГЧ,

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

     ШҮҮГЧ                                                                                Б.ЦОГТ