Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 149
Хэргийн индекс 154/2017/0003/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Г.Энхбаяр
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

Г.Энхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Б.Боролдой нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Г.Энхбаярт холбогдох эрүүгийн 201621010067 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугтан овогт Гэрэлийн Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Г.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаяраас 2.670.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гэрэлт-Одод 1.465.000 төгрөг, хохирогч Н.Отгонбаярт 1.205.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Отгонбаярын унааны зардалд нэхэмжилсэн 120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… шүүгдэгч Г.Энхбаяр болон хохирогч Н.Отгонбаяр, Г.Гэрэлт-Од нар нь бие биенээ танихгүй, анх Ганчимэг санаачлага гарган зуучилсан байтал Ганчимэгийг шалгалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд эаасныг зөрчиж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоож чадаагүй. Шүүгдэгч Г.Энхбаярын мэдүүлгээр өөрийг нь яллаж ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1-д заасан шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьж Г.Энхбаярт ял шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Г.Энхбаярын хувьд бусдыг хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй, идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хэргийг бүх талаас бүрэн бодитойгоор хянаж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Г.Энхбаярыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч Г.Энхбаяр нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх замаар авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Шүүгдэгч Г.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд давтан үйлдлээр “Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж хохирогч Г.Гэрэлт-Одоос 1.465.000 төгрөг, хохирогч Н.Одбаяраас 1.205.000 төгрөг, нийт 2.670.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүх Г.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шүүгдэгч Г.Энхбаяр нь Б.Ганчимэгтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан “... мөрдөн байцаалтын явцад Б.Ганчимэгийг татаж шалгаагүй, шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Г.Энхбаярыг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      ДАРГАЛАГЧ,

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                                                              Б.ЦОГТ