Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-24
Тогтоолын дугаар 134
Хэргийн индекс 146/2015/0012/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Тэгшжаргал Д.Мөнхзул Д.Доржсүрэн
Зүйл заалт 145.4.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Д.Доржсүрэнгийн өмгөөлөгч Э.Ганбат, Т.Отгонпүрэв,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, 201415010081 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, тэдний өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Ганбат, Т.Отгонпүрэв нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1993 онд Улаанбаатар хотын горнизоны цэргийн тусгай шүүхээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овогт Дэмчигдоржийн Тэгшжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дэмчигдоржийн Мөнхзул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Паа лам овогт Дэмчигдоржийн Доржсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доржсүрэнг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Тэгшжаргалыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнхзулыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доржсүрэн, Д.Мөнхзул нарт оногдуулсан 12 жил, шүүгдэгч Д.Тэгшжаргалд оногдуулсан 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доржсүрэн, Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нараас тус тус 5.941.835 төгрөг, нийт 17.825.505 төгрөгийг гаргуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэ зуу музейд олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, тэдний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Дашдорж нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Ганбат, Т.Отгонпүрэв нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарын өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг шалган шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Өсөхгэрэл, Батаа, Энхтөгс нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, камерийн бичлэг, шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд, мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон байх боловч дараах нотлох баримтуудад анхаарал хандуулаагүй. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлийг тэмдэглэлд жагсаасан байх бөгөөд энэ ажиллагаанд прокурор оролцоогүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т заасан “Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хэргийн газраас бурхны эд зүйл хураан авсан гэж тэмдэглэлд тусгасан хирнээ хураан авсан тогтоол үйлдээгүй. Гэрч Өсөхгэрэл, Батаа, Энхтөгс нараар хийлгэсэн таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэдийгээр зөрчлийг арилгасан ч дахин таниулах ажиллагаа хийлгэх нь ач холбогдлоо алдсан байсан. Гэрч нар нь хэрэг болох үед хараагүй мөртлөө таньж олуулах ажиллагаагаар таньж олоод байгаа явдал нь хууль зөрчиж хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан үйлдэл болно. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өглөөний 06 цаг 22 минутын үед “Лүн” сумын замын цагдаагийн постын камерийн бичлэгт ногоон өнгийн машин явж өнгөрөх ба тухайн машинд ялтан Д.Доржсүрэнгийн “Ланд” машинтай адилтгасан шинжээчийн дүгнэлт хийлгээгүй, улсын дугаар харагдахгүй, машин дотор хэдэн хүн яваа нь мэдэгдэхгүй чанарын шаардлага хангахгүй баримт болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон. Гэтэл гэрч Энхтөгс тухайн камераас тодорхой харагдах боломжгүй байхад тухайн машинд сууж яваа хүмүүсийг нэг бүрийн шинжээр нь нэрлэн мэдүүлэг өгч байгаа нь худал мэдүүлсэн болохыг нь нотолж байна. 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нарын гарын мөр хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хохирлын хувьд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь 2016 оны 5/3127 тоот дугаартай “Түүх, соёлын дурсгалт зүйлийн үнэлгээний тухай” албан бичигт “ ... Зөвлөлийн хурлаас дээрх нэр бүхий 7 бурханы үнэлгээг Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын дагуу үнэлсэн мөнгөн дүнгээр буюу 77.500.000 тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэжээ. Уг дүгнэлт Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Түүх соёлын зэрэглэл үнэлгээ тогтоох зөвлөлийн хурлаар уг шийдвэрийг гаргасан боловч энэ нь тухайн бурхдыг үнэлэхдээ Сангийн сайдын 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 140 дугаартай “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ыг баримтлан шийдвэр гаргасан боловч дээрх шийдвэр нь бодит биш, зөвхөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын музейгээс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн “Музейн үзмэр эд өлгийн зүйлд шинэчилсэн үнэлгээ хийсэн жагсаалт”-ын дагуу хоорондоо ярилцаад гаргасан болох нь гишүүн Болд, Сүхбаатар нарын хурал дээр ярьсан тэмдэглэлээс шууд харагдаж байна. Уг хурлаар “ЛЭНДС” ХХК-ийн гаргасан үнэлгээ Хархорин музейн гаргасан үнэлгээ хоёр дээр санал хураасан болоод дүр эсгэсэн, хулгай хийсэн нөхдүүдийг чангаар шийтгүүлэх гэсэн санаа агуулсан байсан болох нь харагддаг. Шүүгдэгч нарын гэм бурууг хуулийн дагуу зөвхөн шүүх тогтоохоор заасан байхад уг үнэлгээ гаргасан гишүүд шүүхийн шийдвэрт эрс нөлөөлж байгаа нь тодорхой байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.1.3-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөн. Дээрх мэргэжлийн зөвлөлийн үнэлгээ нь хэт хийсвэр, бодит байдалд тулгуурлаагүй, “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам” -д заасан заалт нэг бүрийг хангаж үнэлгээ гаргаагүй зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу ял шийтгэл оногдуулах гэсэн хувийн байр суурьнаас хандсан болох нь харагдаж байна. Бурхан нэг бүрээрээ гэмтэлтэй байсан болох нь тухайн үеийн Хархорин сумын музейн тооллогын баримтуудаас тодорхой нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас хамаарч дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 140 дугаартай “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын дагуу дахин мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж бурхан нэг бүрийн дансны үнийг нарийвчлан гаргаж эвдрэл гэмтэл зэргийн тооллогын материалиудаас харж үнийг үнэн зөв бодитойгоор тогтоох шаардлагатай байсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл нь хохирлын үнийн дүнгээс хамааран зүйлчлэлийн хүндрүүлэх асуудал яригддаг бөгөөд энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуулийн хүрээнд заавал тогтоох ёстой юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөдөн байцаалтанд буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Доржсүрэнгийн өмгөөлөгч Э.Ганбат, Т.Отгонпүрэв нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн таньж олуулах ажиллагаа, БСШУЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол, түүний дагуу үнэлгээний талаар гаргасан албан тоот, хурлын тэмдэглэл ирүүлсэн бичиг баримт зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг илтэд зөрчсөн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Д.Доржсүрэнг бүлэглэн эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бодитой тогтоогдоогүй. Д.Доржсүрэнг гэм буруутай гэж үзэх үндэслэл болсон гэрч Өсөхгэрэлийн мэдүүлэгт “хар ногоон өнгийн Ланд 80 машин зогсож байсан ... хүмүүсийг хараад танихгүй” гэсэн байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хэн хэн тэнд байсныг баттай таньж нотлоогүй. Гэрч Батаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “намайг Лүнгийн постны зам дээр шатнаас буугаад дохиход наад талд нь Мөнхзул, жолоон дээр Доржсүрэн, голд нь Тэгшжаргал сууж явсан мэт мэдүүлснийг шүүх бусад нотлох баримтууд болон гэрч Батаагийн анхны мэдүүлэгтэй харьцуулан үнэлээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон. Гэрч Батаа анхны мэдүүлэгтээ “хар ногоон өнгийн ланд 80 маркийн 17-77 дугаартай автомашин их хурдтай явж өнгөрсөн тухай л мэдүүлсэн боловч 2 дахь мэдүүлгээсээ “таних байхаа” болоод шүүх хуралдаанд “энэ 3 мөн байна” гэж мэдүүлж буй нь илтэд үнэмшилгүй худал байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Батаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж Лүн сумын авто замын хойд талд байрлах замын цагдаагийн постны байр, түүний шат, шатнаас зам хүртэлх орон зай болон хэрэгт хураагдсан автомашин хурдтай зогсохгүй өнгөрөх үед дотор яваа жолооч зорчигч харагдах боломжтой эсэх, Батаа харж, таньж чадаж байна уу гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нэмэлт ажиллагаагаар шалгаж, тогтоох шаардлагатай байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Дүрс бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашины улсын дугаарыг тогтоох боломжгүй байна гээд хамгийн боломжит дүрс зургийг угааж дүгнэлтэд хавсаргаж зөвхөн автомашины гадна шинж, тоноглолоор 77-28 УНО машинтай тохирч буйг тогтоожээ. Энэ зурагт автомашинд сууж яваа хүмүүсийн байдал огт харагддаггүй. Таньж олуулах ажиллагааг шүүх хуралдаанд гэрч, шүүгдэгч нар оролцож бие биенийхээ дүр төрх, царай, дуу хоолой зэргийг таньж мэдсэний дараа дахин таньж олуулах ажиллагаа хийж гэрч Батаа нь шар, бор царай, нүүрний хэлбэр, дүрсээр нь таньж байсан гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу явагдсан ажиллагаа, нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Таньж олуулах ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний тархины хадгалах, санах ой ухаанд суурилсан, хөндлөнгийн нөлөөлөлгүй хийгдэж байж нотлох ажиллагааны баримт болж үнэлэгдэх ёстой. Д.Мөнхзулыг анх сэжигтнээр байцаахдаа өмгөөлөгчгүй байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн. Мөнхзул нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн бусад байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй тул түүний өгсөн “манай хоёр ах үйлдчихсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлгээр Доржсүрэнг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй. Хулгайлагдсан эд зүйл болох бурхадын үнэлгээ, засвар хийгдэх зардлыг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг мөрдөөгүй зөрчсөн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр бурхад 27,868,900 төгрөг, засварлахад гарах зардал 20,258,145 төгрөг, эвдрэл 752,000 төгрөг гэж тогтоогдсон. Энэ шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, процессын алдаагүй гэж үнэлэх үндэслэлтэй. Албан тоот бичгийг “бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт” гэж үнэлэх боломжгүй, байхад шүүх үнэлж шийдвэрлэсэн. Биетээр үзээгүй, баримтжуулж шинжилгээ хийлгүйгээр хурлын протокол, шийдвэрээр шинжээч томилсон этгээдэд хүргүүлсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 12, 13, 14, 17, 18, 20 дугаар зүйлийг зөрчсөн нь уг бичиг баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүйг шүүх анхаарч үзээгүй. Иймд Д.Доржсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Тэгшжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... би өөрийн гэм буруугаа хүлээн ойлгож байгаа ч энэ хэрэгт ах Доржсүрэн, дүү Мөнхзул нарыг холбогдуулан яллаж байгаад гомдолтой байна. “Лэндс” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн 4,000,000 төгрөгийн зардлыг манай эхнэр төлж барагдуулаад, баримтыг байцаагчид өгсөн байтал дахин 4,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Бурхдын дансны үнэ яаж 77,500,000 болсон нь тодорхойгүй. Мэргэжлийн шинжээчид дансны үнээр 30,000,000 төгрөгөнд үнэлэгдсэн гэх бурхныг гурван бурхны эвлүүлэг, гипсээр орлуулж, гутлын хадаасаар хадаж, модоор бэхэлж холбосон, хөл нь урт богино, бүдүүлэг болхи хийцийн, хосгүй үнэт биш, үнэт чанараа алдсан, дансны үнэ 5,000,000 төгрөгний үнэлгээнд хүрэхгүй байдал үүссэн зэргийг дүгнэсэн. Шинээр томилогдсон мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар гаргасан 77,500,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хурлын тэмдэглэлийг уншиж танилцахад бусдыг өндөр ялаар яллуулахын тулд үнэлсэн болох нь тодорхой байдаг. Үнэлгээнд хэт хонзогносон байдалтай хандаж байгаад гомдолтой байна. Би хохирлыг нэн даруй, хурдан төлж барагдуулах хүсэлтэй боловч сэргээн засварын хохирол нь 21,000,000 сая төгрөг байснаа одоо 17,800,000 төгрөг болсон зэргээс шалтгаалж өмгөөлөгчийн зүгээс тус хохирлыг хууль зөрчсөн гэж үзээд хохирол төлөх асуудлаа түр хүлээхийг сануулсан. Хохирол тогтоосон байдал, үнэлгээ зэрэгт үнэхээр гомдолтой байна ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Доржсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би энэ хэрэгт оролцоогүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанууд дээр хариуцлагатайгаар мэдүүлсээр ирсэн. Жирийн иргэн хэн ч хуулийн өмнө шалгуулах нь үүрэг боловч гэрч гэх хүмүүсийн худал мэдүүлгээр гэмт хэрэгт шийтгэгдэх нь ямар их зовлон шаналалд өртдөгийг өөрийн биеэр 3 жилийн хугацаанд мэдэрч, шүүхийн байгууллага миний гэм буруутай эсэхийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Би давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс баримттайгаар шилэн авч бичсэн тул миний давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлыг анхаарч үзнэ үү. Мөн Лүн сумын постоор гарсан гэх машины бичлэгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралд дээр олон дахин зогсоож үзээд уг бичлэг нь шаардлага хангахгүй болохыг шүүхийн тэмдэглэл, захирамжинд дурдсанаар гэрч Энхтөгсийн мэдүүлэг худал болох нь нотлогддог. Хүн хийгээгүй хэргийн төлөө яллагдах учиргүй, Д.Доржсүрэн намайг энэ гэмт хэрэгт холбоогүй болохыг тогтоож өгөхийг хүсэж байна ... ” гэжээ.

Шүүгдэгч Д.Мөнхзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... миний бие энэ хэрэгт оролцоогүй учир шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт биечлэн, бичгээр, утсаар, өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байсан боловч нэгийг нь ч хангаагүй. Өсөхгэрэлийн мэдүүлгийг энэ хэргийн ажлын хэсэгт ороогүй байцаагч хууль сануулалгүйгээр авсан. Гэрч Батаа, Өсөхгэрэл нар анх эдгээр хүмүүсийг нь хараагүй, танихгүй гэж байснаас харахад тэд биднийг гэрчлэх боломжгүйг харуулж байна. Прокурорт Лүнгийн постоор гарсан автомашины камерын бичлэгийг үзэх хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасны дараа Идэрмөнх байцаагчид өөрийн биеэр ахиж шалгаж үзэх тухай хэлсэн боловч хүлээж аваагүй, ингээд би энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ шалгуулах боломжгүйг мэдэн мухардсан. Гэрч Батаа 1 жил 5 сарын дараа гэнэт танихгүй байсан хүмүүсээ таниад байгаа нь маш эргэлзээтэй. Гэрч Өсөхгэрэл, Батаа нарын мэдүүлэг өгсөн, байцаалт авсан байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Машины зөвхөн хойд талаас нь харсан гэх хүнээр машины зургийг урдаас нь харуулан таниулж, 1 жил 9 сарын дараа ахин таниулах ажиллагаа хийлгэж заавал энэ хэрэгт холбогдолтой болгох гэж улайран зургаар таниулах ажиллагаа хийлгэсэн нь дэндүү харамсалтай, гүтгэлэг болжээ. Мэргэжлийн шинжээчид Лүнгийн постоор гарсан машин доторх хүмүүсийг таних боломжгүй хэдэн хүн явж байгаа нь тодорхойгүй гэсэн байхад шинжээчийн дүгнэлтээс давж харсан гэрчийн мэдүүлгээр бид гурвыг хамт явсан гэж яллаад байна. Тэгшжаргал ах “миний дүүг хорих гээд байвал тэр бурхад ахад нь байгаа гээд хэлчихээрэй” гэсний дагуу ахыг хорьсны дараа ахын хэлснээр би байцаагчтай хамт ахтай уулзаж, бурхан байгаа газрыг нь заалгаж, хамт явснаар энэ хэрэгт холбогдсон. 461 дүгээр ангид хоригдож байхад ах надаас миний хэлснээр мэдүүлгээ өгөөрэй гээд гуйсан, ингээд 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлгээ Тэгшжаргал ахын зааж өгснөөр өөрчилж өгсөн нь миний алдаа болсон. Миний бие иргэний үүргээ биелүүлэн Тэгшжаргал ахад бурхад байгаа гэж хэлж цагдаатай хамт явж ахаас байгаа газрыг нь мэдэж цуг байсандаа харамсаж байна. Иймд хэргийн үнэн зөв байдлыг тогтоож шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, Д.Доржсүрэн нарт холбогдох хэрэг нь 2014 онд үйлдэгдэж, 3 жилийн хугацаанд шалгагдахдаа шүүхээс олон удаа мөрдөн байцаалтанд буцаж байсан шалтгаан нь үнэлгээтэй холбоотой юм. Мөн энэ хэрэгт 5 удаагийн үнэлгээ, 7 удаагийн таньж олуулах ажиллагаа хийгдсэн. Таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хохирлын үнэлгээнд 7 бурхны үнэлгээн дээр эвдрэл, засварын үнэлгээ нэмэгдэж тооцогдсон байдаг. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь хулгайд алдагдсан 7 бурхны үнэлгээ бөгөөд эвдрэл, засварын үнэлгээ орсноороо прокурор гэмт хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон. Засварт оруулахаар 10 бурхныг үнэлүүлсэн байгаа нь ойлгомжгүй, бодитоор хулгайд алдагдсан нь 7 бурхан юм. Гэтэл ямар учраас нэмэгдэж 3 бурхан засварлуулах болсон, дээрх 3 бурхан үнэхээр эвдэрсэн эсэх талаар тодорхой ажиллагаанууд огт хийгдээгүй. Хулгайд алдагдсан 7 бурхныг Улаанбаатар хотын Орбитын 71-43 тоотод оршин суух Магнай гэж айлаас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хурааж авсан байдаг. Гэтэл Магнай гэдэг айлаас хулгайн эд зүйлээр тооцож 7 бурхныг хурааж авсан байтал тухайн хашааны эздээс огт мэдүүлэг, тайлбар авч байцаагаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд “Үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн байгууллага үнэлнэ” гэж заасан бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлийн үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл нь үнэлгээ гаргах этгээд биш гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тоотод дурдсан байдаг. Үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн үүрэг нь тухайн эд зүйл хосгүй үнэт зүйл юм уу, үнэт зүйл юм уу, түүх дурсгалын зүйл юм уу гэдэг дээр зэрэглэл тогтоох үүрэгтэй гэж дүрмэнд нь зааж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тоотод дурдсанаар П.Энхбат, Оюумаа, Оюунбилэг, Ганхуяг нар нь үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд юм. Дээрх гишүүд эд зүйлийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчдээр үнэлүүлье гээд “Лэндс” гэдэг компаниар үнэлүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн ажилчдыг шинжээч мэтээр томилж эвдэрсэн бурхдуудын үнэлгээн дээр дахин үнэлгээ гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа их дутуу хийгдсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэзуу музейн Гурван зуугийн Зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн нийт 7 ширхэг бурхан хулгайлж, 96,077,505 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан талаарх гэмт хэргийн үйл баримт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хохирлыг тооцохдоо шинжээчийн дүгнэлтүүд болон түүнд тусгагдсан мэдээллийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулж “хулгайлсны улмаас учирсан нийт хохирол”-ыг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд энэхүү хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдгийг тухайн нөхцөлд хулгайлагдсан болон бусад байдлаар гэмтсэн эд хөрөнгө нь гэм буруутай этгээдийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхыг ойлгоно.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй болно.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс “анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах” боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Д.Тэгшжаргалын “хохирлын үнэлгээ эргэлзээтэй, гэмт хэргийг ганцаараа үйлдсэн”, шүүгдэгч Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонпүрэвийн “хэрэгт оролцоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгох”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Ганбат, прокурор Ц.Бурмаа нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаарх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, саналуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, тэдний өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Ганбат, Т.Отгонпүрэв нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ