Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-05-29
Тогтоолын дугаар 145
Хэргийн индекс 188/2017/0043/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Даваадорж
Зүйл заалт 096.2.1
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Даваадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Боролдой нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлалтай, 201526012330 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, Б.Энхтүвшин нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2008 онд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Дондогийн Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Даваадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Даваадоржийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваадоржид оногдуулсан 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Даваадоржийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Даваадоржид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчийн анх хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгийг хүчингүйд тооцож, үнэлээгүй. Гэрч Мөнхбаатар, Батмөнх нар Түмэнбаярын мэдүүлэгт нийцүүлэн удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэтэл худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Батмөнх, Чинзориг нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, гэрч нарын мэдүүлгийн нэг хэсгийг үнэлж, нөгөө хэсгийг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй болсон байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед Д.Даваадорж нь хэргийн газарт Батсайхан, Чинзориг гэх хүмүүс байсан гэж мэдүүлсэн боловч мөн л Батмөнх, Мөнхбаатар нарын мэдүүлгийг үндэслэн эдгээр хүмүүсийг гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 зүйлийн 320.1-д заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар бүх талаар хэргийг хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Д.Даваадорж нь хохирогчид ямар нэг шалтаг шалтгаангүйгээр хүнд зэргийн гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай нотлогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Даваадорж нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Түмэнбаатарыг үгийн зөрөөгүй баруун нүд рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөж, танхайн сэдэлтээр нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Даваадорж нь Ж.Түмэнбаатартай муудалцах, маргалдах, зодолдох шалтгаан бүхий ямар нэг таарамжгүй харилцаа үүсээгүй байхад урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн санаа зорилгоор Ж.Түмэнбаатарын нүд рүү өшиглөж, үүний улмаас баруун нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, Б.Энхтүвшин нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Даваадоржийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, Б.Энхтүвшин нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ