Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-14
Тогтоолын дугаар 168
Хэргийн индекс 188/2017/0120/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Мөнхтэгш
Зүйл заалт 091.2.2
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Мөнхтэгшид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаар магадлалтай, 201626011716 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, Г.Наранбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бадарчийн Мөнхтэгш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мөнхтэгшийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мөнхтэгшийг 18 жил 6  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил нарын  саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Мөнхтэгшийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... гэрч М.Хонгорзул, Г.Эрдэнэ-Оюун, Б.Байгалмаа, насанд хүрээгүй гэрч Э.Батзул нарын мэдүүлгүүдэд дүгнэлт хийвэл ямар нэг хувийн шинжтэй асуудлаас болж Батбаярыг зодсон байх үндэслэл байдаг. Батбаярт хандаж хэлсэн үгнүүдийн утга санаа, агуулга, шууд зодсон байдал, энэ Оюуныг зоддог юм билээ гэж хэлсэн нь яахын аргагүй хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн өнгө төрх илт ажиглагдаж мэдрэгдээд байдаг. Мөн шүүгдэгч Б.Мөнхтэгш шүүхийн хэлэлцүүлгийн үед “Оюунаа нэг залуутай орны хажууд сэжигтэй сууж байсан, Оюунаа бид хоёр 2010 оноос хойш бэлгийн харьцаатай болсон” гэж мэдүүлдэг бөгөөд түүний Батбаярыг зодож гэрээс чирч гаргасан сэдэлт, үйлдэл нь хохирогч Батбаярт хандаж хэлсэн үгтэй хардалтаар нөхцөлдсөн шинжийг тод агуулж байна. Б.Мөнхтэгш ямар зорилго, сэдэлтээр уг гэмт хэрэг үйлдсэнийг нарийвчлан шалгаж тогтоолгох шаардлагатай байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тодруулах, гэрч Г.Эрдэнэ-Оюунаас Б.Мөнхтэгштэй бэлгийн харьцаатай байсан эсэхийг асууж, тогтоолгох шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Мөнхтэгшийн өмгөөлөгч Г.Наранбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж үзэлгүй хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. 1232 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой” гэсэн атлаа 3 дахь хэсэгт “тархины гэмтэл нь шинэ үүссэн бөгөөд цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэж хоорондоо эрс зөрүүтэй дүгнэсэн нь “тархины гэмтэл учирсан хугацааг нарийвчлан тогтоолгох” гэсэн асуултанд бүрэн бодитой хариулсан гэж үзэх үндэслэлгүй. Анхны задлан шинжилгээний үед С.Батбаярын тархинд үүссэн байсан бусад гэмтлүүдийн төрөл, байрлал зэргийг хамт уялдуулан авч үзээгүй бөгөөд зөвхөн цусан хураа үүссэн байсан мэт дүгнэсэн нь учир дутагдалтай. Гавал тархины гэмтлийн дараа үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай эсэхийг тогтоохдоо гавал тархинд учирсан бүх төрлийн гэмтлүүдийн байрлал, хэмжээ талбай зэргийг бүхэлд нь тооцож үзэх шаардлагатай байдаг. Гэтэл хохирогчийн тархинд анхны задлан шинжилгээний үед маш олон төрлийн гэмтлүүд тогтоогдсон байтал 1232 дугаартай дүгнэлтэд зөвхөн хатуу хальсны доор цусан хураа дангаараа учирсан үед цусан хураа аажим нэмэгдэж тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд эрүүл хүн мэт хөдөлгөөн хийх боломжтой байдаг мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тархины олон байрлалд, олон төрлийн гэмтэл авсан хүн уг гэмтлийг авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай эсэхийг тогтоогоогүй, үнэхээр тийм гэмтэл авсан бол амь хохирогч тухайн өдрөө ямар нэг үйлдэл, хөдөлгөөн хийх чадваргүй нас барж болохоор байхад маргааш нь дэлгүүр явж архи авчирч Эрдэнэ-Оюунтай хамт ууж байсан байдлууд гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд нарийн мэргэжлийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх, эд эсийн шинжилгээгээр дээрх хугацааг нарийн тогтоолгох нь ач холбогдолтой. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, хууль буруу хэрэглэсэн. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Батбаярыг Эрдэнэ-Оюун гэх эмэгтэйтэй хардсан өнгө аяс тодорхой харагддаг бөгөөд энэ хэргийн субьектив талыг нарийвчлан тогтоож, тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор зайлшгүй шалгах нь хэргийг үнэн зөвөөр зүйлчилж шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөрдөн байцаалтын шатанд тухайн үед амь хохирогч Ц.Батбаярын хаагуур явсан, хэнтэй уулзсан, өөр бусад хүмүүстэй хэрэлдэж, муудалцсан эсэх, хэдэн цаг, хэдэн минут болсон зэрэг маршрутыг шалгаж тогтоогоогүйн зэрэгцээ гэрч Эрдэнэ-Оюунаас Б.Мөнхтэгштэй хувийн харилцаатай байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Мөнхтэгш нь Эрдэнэ-Оюуны гэрт байсан Ц.Батбаярыг “айлд юу хийж байгаа юм, хэн бэ чи” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан үйл баримт тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Харин хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Мөнхтэгш нь хохирогчийн амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн байдал тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих ёсны өөрчлөлт оруулж Б.Мөнхтэгшийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, Г.Наранбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.Мөнхтэгшид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Мөнхтэгш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж 37б тоотод иргэн Ц.Батбаярыг “хэн бэ, айлд чи юу хийж байгаа юм бэ” гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих, мөн гэрийн гадаа гарган толгойн тус газарт нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Б.Мөнхтэгшид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Ц.Батбаяртай муудалцах, маргалдах, зодолдох шалтгаан бүхий ямар нэг таарамжгүй харилцаа үүсээгүй байхад урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн санаа зорилгоор Г.Эрдэнэ-Оюуны гэрт орж ирмэгцээ Ц.Батбаярыг “чи хэн бэ, айлд юугаа хийж яваа юм” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдлийг “танхайн” сэдэлттэй гэж зөв дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Мөнхтэгшийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтыг гэм буруугийн санаатай хэлбэр түүний дотор шууд болон шууд бус санааны талаар харьцуулсан дүгнэлт хийлгүйгээр, буруу ойлгож хэрэглэжээ.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж шууд санаатай үйлдсэн байхыг ойлгоно.

Гэтэл Б.Мөнхтэгш талийгаачийг тодорхой шалтгаангүйгээр зодож, үхэлд хүргэхийг хүсээгүй боловч түүний зодсон үйлдлийн улмаас учирсан гэмтэл хохирогчийг үхэхэд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийг агуулсан байх бөгөөд онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэсэн сэдэлт зорилго тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй уялдуулан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, Г.Наранбаатар нарын “... Г.Эрдэнэ-Оюунтай хувийн харилцаатай байсныг тогтоолгох зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаар магадлалд “Прокуророос Б.Мөнхтэгшид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Мөнхтэгшийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхтэгшийг 16 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                                ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ