Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-01-04
Тогтоолын дугаар 02
Хэргийн индекс 226/2016/0001/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Билгүүтэй
Зүйл заалт 213.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Билгүүтэйд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 201423010114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямдаваагийн Билгүүтэй нь Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж хүнд хор уршиг учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх Н.Билгүүтэйг ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Билгүүтэйгээс 21.270.867 төгрөг гаргуулж, хохирогч Г.Мөнхжаргалд 1.380.000 төгрөг, Д.Болортулгад 5.131.528 төгрөг, Д.Хэнчбишэд 12.572.694 төгрөг, Б.Төмөрбаатарт 2.186.645 төгрөг тус тус олгуулж, хохирогч Б.Төмөрбаатар, иргэний нэхэмжлэгч Г.Содном нар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 8 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоолд яллах дүгнэлтэд бичигдсэн яллах талын нотлох баримтын талаарх бичвэрийг нэг бүрчлэн хуулбарлан бичсэн, тухайн хэргийг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчид ял халдаах үндэслэл болсон мэтээр шийтгэх тогтоолд дурдахдаа зөвхөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэсэгчлэн авсан хэсгүүдийг иш татсан байна. Гэтэл гэрч нар бүгд хэн яг гал тавьсан талаар шууд гэрчилсэн мэдүүлгийг огт өгөөгүй, дамжмал мэдээлэл эсвэл хувийн сэжиглэл, таамаглалаа мэдүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлгийг нягтлан уншвал тодорхой болох юм.

Нэг цаг хугацаанд, нэг газар байсан гэрч нар илт зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад мөрдөн байцаалтын шатанд дээрх зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгах талаар арга хэмжээ аваагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй хууль зөрчсөнөөс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдэж, гэм буруу нь хангалттай нотлогдох боломжгүй байхад Билгүүтэйд ял халдааж эрхийг нь ноцтой зөрчлөө.

Шинжээч нарын дүгнэлтээр машины эд ангиас үүдэлтэй хээрийн түймэр гарсан болохыг хөдөлбөргүй тогтоогоогүй. ОБЕГ-ын шинжээчдийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга зүйг огт ашиглаагүй, шинжилгээний обьект, хэргийн газрын ул мөр, галын голомтод үндэслэл бүхий шалгалтуудыг огт хийгээгүй, эсрэгээрээ шинжээч нар гэрч нарын мэдүүлгийг үнэлж таамаглал, дам мэдээлэлд субъектив дүгнэлтүүдийг гаргахдаа Билгүүтэй нарын машинаас гал гарсан байх магадлалтай гэсэн эргэлзээтэй дүгнэлтийг гаргаж шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэхэд эргэлзээг үүсгэсэн. Техникийн шинжээчийн дүгнэлтэд машины доод ангиас ямар нэгэн гал гарсан ул мөр илрээгүй, халуун зүйлийн улмаас тортогжсон болохыг нотолсон. Цахилгааны утаснуудад үүссэн зулгаралт нь халалтын улмаас биш, хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн талаар дүгнэлтэдээ дурдсан байсан. Шүүх энэ дүгнэлтэнд ямар нэгэн бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал илт дордсон.

Шүүгдэгч Н.Билгүүтэйд ял халдаахад хангалттай нотлох баримт бүрдээгүй, хавтаст хэргийн хүрээнд энэ хэргийг шийдэхэд эргэлзээ бүхий байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зайлшгүй хэрэглэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг буюу яллах байр сууринаас хандаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.Билгүүтэйг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “Н.Билгүүтэй нь учирч болох байсан хор аюулыг мэдэх боломжтой байсан ч замгүй, өндөр өвс ургасан газраар автомашинтай явж хайхрамжгүй хандсаны улмаас хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Билгүүтэй нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Ногоон нуур” гэх газар Тоёота приус маркийн 91-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өндөр өвстэй, замгүй газраар жолоодон явж, хуурай өвс буюу түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 1732 га газар шатаж байгаль, экологид 19.833.132 төгрөгийн хохирол, хохирогч Г.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар нарын биед хөнгөн, Д.Хэнчбиш, Д.Болортулга нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Төмөрбаатар /2-р хх-100/, Г.Мөнхжаргал /1-р хх-55/, Д.Болортулга, Д.Хэнчбиш /1-р хх-61/, гэрч Д.Ганбаатар /1-р хх-76/, А.Мөнх-Уянга /1-р хх-73/, Ж.Пүрэвхүү /1-р хх-64/, насанд хүрээгүй гэрч Э.Мягмардорж /1-р хх-77/ нарын мэдүүлэг, хохирогч Г.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар нарын биед хөнгөн, хохирогч Д.Хэнчбиш, Д.Болортулга нарын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-98,100,111,114/, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-93/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 9/174 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-31/, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-213/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Билгүүтэйгийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 1 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэж Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-93/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 9/174 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-31/, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлтүүдийг /2-р хх-213/ хууль зөрчиж, үндэслэл муутай гарсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул “Шүүгдэгч Н.Билгүүтэйд холбогдох хэргийг эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН