Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-12
Тогтоолын дугаар 164
Хэргийн индекс 141/2017/00004/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ц.Мөнхбат
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар магадлалтай, 201613010082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хариад овогт Цэрэндоржийн Мөнхбат нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Ц.Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатыг 3 жил 05 сар” гэсэн, 3 дахь заалтад “...3 жил 05 сар” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мөнхбатын өмгөөлөгч М.Гомборагчаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.   

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Э.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мөнхбатын өмгөөлөгч М.Гомборагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Магадлалын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Төгсбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний гэдсэн тус газарт нь өшиглөсний улмаас түүний нарийн гэдэс задарч хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл үүсэж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Б.Төгсбат, гэрч Р.Наранчимэг, Т.Раднаасэнгэ, Г.Жаргалсайхан, Б.Ариунзаяа, Б.Шинэбилэг, Т.Пүрэвдорж, Д.Загдбазар, Г.Байгальцэцэг, Г.Батсайхан, Г.Баянмөнх, Д.Дэлгэрсайхан, Б.Сэргэлэнбаяр нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна” гэжээ.

Шинжээчийн 162161 дугаар дүгнэлт болон хохирогчийн өвчний түүхэнд гэдэс задарсан талаар ямар ч үг байхгүй, харин цоорсон байна гэсэн байхад шүүх задарсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогчид учирсан гэх нарийн гэдэсний хананы цоорол нь ихэвчлэн өвчний улмаас үүссэн байх магадлалтай байдаг. Тухайн үед эмнэлгийн байгууллага нь шүүрсэн зүйл, шархнаас дээж авч шинжилгээнд явуулж хохирогчийн гэдэс ямар шалтгаанаас цоорсныг тогтоох ёстой байсан. Шинжилгээний байгууллага дахин дүгнэлт гаргах замаар гэмтлийн зэргийг баталгаажуулах ёстой байхад шүүх цоорлыг задарсан байна гэж нотлох баримтад тулгуурлалгүй дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хохирогч Б.Төгсбатын зүүн гуянд хөхөрсөн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдсон байхад уг гэмтлийг хэний, ямар үйлдлээр учирсан болохыг тогтоогоогүй орхисон.

Эмч Р.Наранчимэг, Б.Ариунзаяа, Б.Шинэбилэг нарын мэдүүлгээр хохирогч Б.Төгсбатын биед нарийн гэдэсний түгжрээ үүссэн байх боломжтой бөгөөд Б.Шинэбилэг эмчийн 2 удаа клизм тавих ажиллагааны явцад гэдэсний нугаларсан түгжрээ наалдац нь цоорсон байх үндэслэлтэй байгаа юм. Хохирогчид анх учирсан гэмтэл нь нарийн гэдэсний түгжрээ гэж үзвэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарахаар байна. Дээрх журмын 2.3.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан. Мөн журмын 56 дугаар зүйлд гэмтэл ба хурц хордлогын дараа хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа алдагдах талаар тусгасан ба уг заалтын 2 дугаарт зааснаар хэвлийн хөндийн наалдац өвчин ба үүнээс үүссэн түгжрэл, түгжрэх зэргийг хөдөлмөрийн чадвар алдалтын 30 хувь гэсэн нь хүндэвтэр гэмтэл байна. Давж заалдах шатны шүүх хохирогчийн биед “нарийн гэдэсний цоорол” гэсэн шинжээчийн 162161 дугаар дүгнэлтийг “задарсан” гэж тайлбарлаж, мөн хохирогчийн зүүн гуянд учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоохгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй, хэргийн нөхцөл болон хохирол төлөгдсөн байдал, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнхбатын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогчийн гэмтсэн гэх гэдэсний эмгэгтэй хэсгийг эмгэг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд явуулан гэмтлийн гаралтай юу, эсхүл өвчний гаралтай юу гэдгийг тогтоолгох ёстой байсан. Дээрх ажиллагааг хийлгэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг дэмжиж байна ” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Мөнхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Төгсбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний гэдсэн тус газарт өшиглөсний улмаас нарийн гэдэс задарч хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл үүсэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Мөнхбатын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Ц.Мөнхбатыг хохирогч Б.Төгсбатын биед нарийн гэдэсний задрал бүхий хүнд гэмтэл учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалт болон Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Ц.Мөнхбатад хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан, улмаар давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол, саналгүй болон шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь  анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах боломжгүй юм.

Хохирогч Б.Төгсбатын биед мэс засал хийсэн эмч нь түүний нарийн гэдэс задарсан хэсгээс дээж авч эд эсийн шинжилгээ хийлгээгүй нь шүүгдэгч Ц.Мөнхбатын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, улмаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй тул өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан “эмнэлгийн байгууллага нь шүүрсэн зүйл, шархнаас дээж авч шинжилгээнд явуулж ямар шалтгаанаар хохирогчийн нарийн гэдэс цоорсныг тогтоогоогүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мөнхбатын өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН