Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-14
Тогтоолын дугаар 171
Хэргийн индекс 106/2016/0212/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч О.Баатархүү, А.Серикбол, О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир
Зүйл заалт 138.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

            О.Баатархүү, А.Серикбол, О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир

                        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

шүүгдэгч А.Серикбол, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 220 дугаар магадлалтай, 2014260003136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Серикбол, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сэмжит овогт Олзодын Баатархүү нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Санираулаба овогт Ансаганы Серикбол нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харчиган овогт Жаргалын Цогт-Очир нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Баатархүү, А.Серикбол, О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар О.Баатархүүг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар, А.Серикболыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар, О.Норовсамбууг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил хорих ялаар, Ж.Цогт-Очирыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баатархүү, А.Серикбол, О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарт оногдуулсан хорих ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж, иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6.355.441 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын 38.598.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч байгууллага нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 56 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 6,355,441 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас гэм хорын хохиролд 13,161,741 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгосугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү буюу сэтгэл санааны хохирол 38,598,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоcугай...” гэснийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Н.Болормаа, Ч.Нямсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Серикбол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Намайг Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй гэсэн үндэслэлээр яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа сургалт явуулах, шалгалт авах, хамгаалах хэрэгсэл олгох талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сургалтын хөтөлбөр гаргаж захирлаар батлуулж мөрдөж ажилласан. 2014 оны 06 дугаар сарын 13-нд ХАБЭА-н мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авах хуваарь гаргаж ерөнхий инженерээр батлуулсан ба энэ хуваарийн дагуу алба, хэлтсийн дарга нарт өглөөний шуурхайд зар өгч, мэдээллийн самбараар дамжуулан нийтэд мэдээлсэн. Энэ хуваарийн дагуу “Ашиглалтын алба” 2014 оны 06 дугаар сарын 17-нд, “Цахилгаан хангамжийн алба” 2014 оны 06 дугаар сарын 20-нд, “Засварын депо” 2014 оны 06 дугаар сарын 25-нд шалгалтад хамрагдсан. Шалгалтад компанийн хэмжээнд нийт 162 хүн хамрагдсан. Шалгалтыг ерөнхий инженер Д.Ариунболд бид 2 авч нэгдсэн дүнг тухайн үед ажил олгогчид танилцуулсан. Тухайн осолд орсон ажилтан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтдаа ирээгүй бөгөөд миний хувьд ирсэн ажилчдаас шалгалт авсан. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ажилчид болон хангалтгүй дүн авсан ажилчдаас дараагийн ээлжинд шалгалт авахаар төлөвлөсөн боловч би өвчний улмаас 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтсэн. Үүнийг гэрчлэх эмнэлгийн хуудас 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байгаа.

Би осол гарах өдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 03-нд албан ёсны чөлөөтэй байсан. Цахилгаан тээвэр компанийн захирлын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/163 тоот тушаалаар миний ажлыг 2014 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн Дотоод хяналт шалгалтын ажилтан Д.Мөнгөнзаяад хариуцуулж өгсөн болно. “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ нь дэд бүтэцтэй онцлог байгууллага бөгөөд уг онцлогт тохируулж боловсруулж гаргасан дүрэм, журам, заавруудыг мөрдөж ажилладаг юм. Үүний нэг нь “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам” болно. Энэхүү журмын дагуу шалгалтад ороогүй буюу хангалтгүй дүн үзүүлсэн ажилтныг ажлаас нь шууд халах эрх надад байхгүй. Уг журмын 2.7-д “Шалгалтад эхний удаа хангалтгүй дүн авсан хүн сарын дотор дахин шалгалт өгч болох бөгөөд хоёр дахь удаагаа хангалтгүй дүн авбал уг ажилтныг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилтан өөрөө хүсэлт гаргавал дахин шалгалт өгөх хүртэл нэг сарын хугацаагаар мэргэжлийн доод зэрэгт шилжүүлнэ. Журмын 2.8-д “Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтад ороогүй ба орохоос зайлсхийсэн ажилчныг шалгалтад хангалтгүй дүн авсанд тооцно” гэж байгаа тул тухайн шалгалтад ороогүй болон шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилчдыг дараагийн ээлжинд оруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Дараагийн шалгалтыг 07 дугаар сард багтааж авахаар төлөвлөсөн байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах үүрэгтэй” гэсэн байдаг. Гэтэл би өмнө нь энэ чиглэлээр мэргэшээгүй байсан бөгөөд осол гарсны дараа буюу 2014 оны 09 дүгээр сарын 26-нд сургалтад сууж мэргэшсэн сертификат авсан.

2014 оны 03 дугаар сарын эхэнд өндрийн хамгаалалтын бүс 8 ширхэг, тусгаарлагч бээлий 8 ширхгийн захиалгыг хангамжийн инженерт өгсөн. Энэ захиалгын дагуу 2014 оны 03 дугаар сарын 12-нд 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүс ирсэн бөгөөд захирлын шийдвэрээр контактын сүлжээний бригад тус бүрт нэг нэг ширхгийг олгуулж, шаардлагатай тохиолдолд засварчиддаа заавал зүүлгэхийг анхааруулан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Мөн контактын сүлжээний хэсгийн бүх ажилчдад каск малгайг олгож заавал өмсөж ажиллах талаар зааварчилгаа өгч гарын үсгээр баталгаажуулж олгосон бүртгэл хэрэгт байгаа. Жолооч, бригадын дарга, талийгаач 3-лаа авсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд миний хувийн байдлыг тогтоогоогүй бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирлын А/14 тушаал гарахад /хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой/ би албаны ажлаар ОХУ-д явж байсан. Надад энэ тушаалыг танилцуулаагүй. Намайг эмнэлэгт байхад осол гарсны дараа 2014 оны 07 дугаар сарын 08-нд цахилгааны тусгаарлагч бээлий 8 ш, 2014 оны 07 дугаар сарын 16-нд өндрийн хамгаалалтын бүс 4 ш, 2014 оны 07 дугаар сарын 21-нд өндрийн хамгаалалтын бүс 4 ш, мөн өдөр дөрөө 2 ш гэх мэт нийт 638,800 төгрөгийн хамгаалах хэрэгслүүдийг тус тус авсан нь байгууллагын санхүүгийн баримт дээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна” гэсэн байдаг. Гэтэл дээрээс дарга нар хөдөлмөр хамгаалалтай холбоотой зардлыг танаж баланс тэнцүүлэх гэрээ баталж өгсөнд би буруутай юу.

Тухайн өдөр бригадын дарга нь каск болон өндрийн хамгаалалтын бүсийг засварчиндаа өмсүүлж зааварчилгаа өгч гаргах боломжтой байсан ба өргөгч тавцангийн хашлагыг өргөж ажилласан бол энэ осол гарахгүй байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2016 тоот шинжээчийн дүгнэлтэд “Аваарын машин дээр ажиллахдаа тавцангийн хашлагыг заавал босго гэж заасан байх бөгөөд жолооч Цогт-Очир уг зааварчилгаатай 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. Хэрэв талийгаач нь тусгай тоноглолтой автомашин дээрээс унасан бол энэ нь тавцангийн хашлагыг босгоогүй, хамгаалалтын бүс хэрэглээгүйтэй холбоотой байна. Цахилгаан тээвэр компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсхүл мэргэшсэн хүнийг ажиллуулах үүрэгтэй. Наряд буюу ам шийдвэрээр өгөгдсөнөөс бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх ажлын байрыг өргөтгөх, хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус дурдсан байдаг. Ажил олгогч Баатархүү шүүх хуралдаанд “Хөдөлмөр хамгааллын инженер нь хангамж талыг хариуцахгүй, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл байгаа юу гэдэг дээр хяналт тавина” гэж мэдүүлсэн. Би хяналтаа тавьж захиалгаа өгсөн боловч дутуу ирсэн явдалд өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “иргэний хариуцагчаас амь хохирогчийн эмчилгээний зардалд зориулан төлсөн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хассан нь үндэслэлгүй байна” гэжээ. Ингэхдээ уг мөнгийг эмчилгээнд зарцуулсан эсэх, эмчилгээнд зарцуулаад илүү гарсныг нэхэмжилж байгаа эсэхийг тодруулаагүй гэсэн ойлгомжгүй үндэслэл заажээ. Амь хохирогчийн эмчилгээ болон оршуулгын зардалд нийт 23,723,632 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд иргэний хариуцагчийн хувьд 20,704,000 төгрөгийг төлсөн. Дээрх 5,000,000 төгрөг нь үүнд багтаж байна. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлын байран дээр осол гарсан бөгөөд талийгаач Г.Бат-Ялалт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-нд нас барсан. Байгууллагын зүгээс энэхүү эмгэнэлт явдал болсонд туйлын харамсаж, Г.Бат-Ялалтын амь насыг аврах эмчилгээнд шаардлагатай мөнгийг тухай бүрт нь шийдвэрлэж 2014 оны 07 дугаар сарын 04-нөөс 09-ний хооронд 5,504,000 төгрөгийг эмчилгээний зардалд гаргаж өгсөн. Мөн нас барсны дараа 2014 оны 07 дугаар сарын 16-наас 30-ны хооронд 14,640,000 төгрөгийг оршуулгын зардал, тэтгэмж хэлбэрээр олгосон. Эдгээр мөнгөний баримтууд огноо, гүйлгээний утгын хамт бичигдэж хэрэгт хавсаргагдсан байхад давж заалдах шатны шүүх ийнхүү тодорхойгүй үндэслэлээр иргэний хариуцагчаас 5,000,000 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “6,355,441” гэснийг “13,161,741” гэж өөрчилж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт 3,019,632 төгрөг гэсэн атал давж заалдах шатны шүүх хаанаас 6,355,441 гэж бичсэн, хэрхэн 13,161,741 болгосон нь ойлгомжгүй, алдаатай тооцоолол болжээ. Мөн давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчийг шүүх хуралд оролцох боломжоор хангалгүйгээр шүүх хурлыг хийсэн. Иргэний хариуцагчид хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 220 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Серикболын өмгөөлөгч Ч.Нямсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих ёсны өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Серикболыг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Болормаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан. Магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.Серикбол энэ гэмт хэргийн субьект биш гэсэн түүний өөрийн гомдол болон өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг А.Серикболын үйлдэл, эс үйлдэхүй бүрэн хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

Шүүгдэгч А.Серикбол, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасныг баримтлан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Баатархүү, О.Норовсамбуу нарын гэм бурууг хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Баатархүү нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад заасны дагуу троллейбусны контактын сүлжээг засварлахад учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээг хийлгээгүй, компанийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах талаар зохих арга хэмжээ аваагүй, мөн хуулийн 28.1.8 дахь заалтад заасныг зөрчиж шалгалт өгөөгүй ажилтан Г.Бат-Ялалтаар контактын сүлжээний засварчны ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар контактын сүлжээний бригадын ажилтан нэг бүрд хүчдэлээс хамгаалах бээлий, хамгаалалтын бүсийг ажил гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр олгоогүйгээс 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан троллейбусны контактын сүлжээний гэмтлийг засварлахаар автомашины өргөгч тавцан дээр ажиллаж байсан засварчин Г.Бат-Ялалт нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан хүндээр гэмтэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан,

Шүүгдэгч О.Норовсамбуу нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргаар ажиллаж байхдаа буюу 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-ын “Өдөр тутмын зааварчилгаа” гэсэн 4 дэх хэсгийн 4.6-д заасан “Ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг тухайн ...бригадын дарга нэг бүрчлэн буюу ээлж бригад хамт олноор нь хамтатган тайлбарлан ярих, бэлдсэн сэдвийг судлуулах, асуулт, хариулт тавих журмаар өгнө.”, “Цахилгаан тээвэр” компанийн “Цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолт”-ын “Ажил үүргийн заавар” хэсгийн 8-д заасан “...Ээлжид гарах жолооч, засварчдад троллейбусны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна...”, “Контактын сүлжээний бригадын даргын үүрэг”-ийн 11/а-д заасан “...Контактын сүлжээний бригадын дарга нь өөрийн туслах засварчин болон жолоочийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангуулж ажиллуулна...” гэж тус тус заасны дагуу өөрийн хариуцсан бригадын ажилчдад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, мөн троллейбусны контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үедээ уг контактын сүлжээний хүчдэлийг салгах зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар зохих арга хэмжээ аваагүйн улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан троллейбусны контактын сүлжээний гэмтлийг засварлахаар автомашины өргөгч тавцан дээр ажиллаж байсан засварчин Г.Бат-Ялалт нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан хүндээр гэмтэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч О.Баатархүү, О.Норовсамбуу нар нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт гэм буруутай талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажил үүрэгт хамааралгүй заалт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтад заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллгааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг О.Норовсамбуу зөрчсөн гэм буруутай гэж дүгнэсэн хэсэг нь үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Серикболыг “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Цахилгаан тээвэр” компанийн ХХАА-ны инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Ажлын байрны үндсэн чиг үүрэг гэсэн 9 дүгээр хэсгийн 2. ...кабелийн шугам сүлжээний засвар үйлчилгээний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмын мөрдөлтөд хатуу хяналт тавьж, дүгнэлт гарган хариуцлага тооцож ажиллах, …4.Компанийн нийт ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллана. Ажлын байранд хийгдэх ажлууд гэсэн 14 дүгээр хэсгийн 4 дэх хэсэгт заасан “....Сард 1 удаа контактын болон кабелийн түгээх сүлжээ ...уудын /ТТАААД, ГАБ/-ын дүрмийн хэрэгжилт дээр хяналт тавьж, ...шалгалтын дүнг фото мэдээллээр нийтэд мэдээлнэ. ...14.Ажлын тусгай хувцас хэрэгсэл, материалын хангалт нөөц бэлтгүүлэн хэрэглэж буй эсэхэд байнгын хяналт тавьж ажиллана...”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-д заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй /шалгалт өгөөгүй Г.Бат-Ялалт ажил гүйцэтгэсэн/, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар “...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосугай...” гэж заасан байхад контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүсийг ажил гүйцэтгэгч хүн бүрт олгоогүй, байгаа эсэхэд хяналт тавиагүй, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүйн улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд троллейбусны шугаманд гарсан гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэх явцдаа контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унаж нас барсан гэмт хэрэг,

шүүгдэгч Ж.Цогт-Очирыг “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд гарсан троллейбусны контактын шугамын гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэхдээ Контактын сүлжээний засварын /вышка/ болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааврын 3-д заасан “...контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллах ...хатуу хориглоно...” гэсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг биелүүлэлгүй тавцанг угсраагүй байхад өргөгч тавцанг ажиллуулж, ажил гүйцэтгүүлснээс контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ контактын сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс буюу өндрөөс газарт унаж нас барсан буюу А.Серикбол, Ж.Цогт-Очир нарыг Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

            Хэргийн нөхцөл байдлыг судалбал:

Шүүгдэгч А.Серикбол нь “Цахилгаан тээвэр” компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан инженерийн хувьд ажлын байрны тодорхойлолтод “Компанийн нийт ажилчдын  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллана” гэсний дагуу 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сургалтын хөтөлбөр батлуулж, 2014 оны 06 дугаар сарын 13-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авах хуваарийг ерөнхий инженерээр батлуулан хуваарийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 17-нд “Ашиглалтын алба”, 2014 оны 6 дугаар сарын 20-нд “Цахилгаан хангамжийн алба”, 2014 оны 6 дугаар сарын 25-нд “Засварын депо”-оос тус тус шалгалт авах ажлыг зохион байгуулсан,

-“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг түүнд үүрэг болгосны дагуу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 221 ажилтанд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгосон бөгөөд шаардлагатай бээлий, бүс, каск, хамгаалалтын хэрэгслийг хангуулах талаар зохих арга хэмжээ авсан,

-Хэрэг учрал болсон цаг хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар  ажлаас түр чөлөөлөгдсөн байсан бөгөөд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 6-163 тоот тушаалаар /1-р хх-121/ түүний эзгүйд дотоод хяналт шалгалтын ажилтан Д.Мөнгөнзаяаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр түр орлон ажил гүйцэтгүүлэхээр томилсон байжээ.

Дээрх байдлуудаас үзэхэд А.Серикбол нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн хувьд сургалт зохион байгуулж, шалтгалт авах, тусгай хувцас, хэрэглэлийг захиалж олгуулах талаар өөрт хамаарах үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан троллейбусны контактын сүлжээний гэмтлийг засварлахаар автомашины өргөгч тавцан дээр ажиллаж байсан засварчин Г.Бат-Ялалт нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан хүндээр гэмтэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт А.Серикболыг шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүний үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирогч нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа бөгөөд харин ажил олгогч О.Баатархүү, бригадын дарга О.Норовсамбуу нарын буруутай үйл ажиллагаа /эс үйлдэхүй/ осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэв.                                                  

Шүүгдэгч Ж.Цогт-Очир нь контактын сүлжээний бригадын жолоочийн хувьд 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр осол болох үед машин дотроос бригадын дарга О.Норовсамбуугийн өгсөн зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд прокуророос түүнийг буруутгаж буй үндэслэл болох “өргөх тавцангийн хашлагыг угсраагүй” үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болоогүй, өөрөөр хэлбэл Цахилгаан тээвэр компаний цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтод “Контактын сүлжээний бригадын дарга нь өөрийн туслах засварчин болон жолоочийн аюулгүй ажиллах нөхцлийг хангуулж ажиллана” /1-р хх-123/ гэж, Контактын сүлжээний дуудлагын автомашин болон чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгааны 1.4-т “Контактын сүлжээний засвар үйлчилгээ хийгдэх үед автомашины хойно хаалт хамгаалалт тавьж, хашлагыг босгож түгжихийг бригадын дарга хянаж баталгаажуулна.”, 1.11-т “Контактын сүлжээний дуудлагын автомашины жолооч нь зөвхөн тухайн бригадын даргын команд заавраар ажиллана” гэж тус тус заасан байх тул засварчин Г.Бат-Ялалт нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн өндрөөс унан хүндээр гэмтэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт Ж.Цогт-Очирыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд энэ талаар шүүгдэгч А.Серикболын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 13,161,741 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар иргэний хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокуророос Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчиган овогт Жаргалын Цогт-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарыг цагаатгасугай.

2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 220 дугаар магадлалаар шүүгдэгч А.Серикбол, Ж.Цогт-Очир нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН   

                                                ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН