Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-30
Тогтоолын дугаар 176
Хэргийн индекс 105/2017/0086/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана
Зүйл заалт 091.2.1, 091.2.11, 091.2.12
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ,

цагаатгагдсан этгээд Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

цагаатгагдсан этгээд Б.Алтанбагана, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Н.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалтай, 201625012681 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазар, түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах”, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбагана нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дугаар зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Өлзийбаярыг, Б.Батнямтай бүлэглэн бусдыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч яллахаас татгалзсан тул Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүлэглэн, бусдыг шунахайн сэдэлтээр алахыг завдсан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,

Цагаатгах тогтоолд “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан тул төлбөрийн тухай авч хэлэлцэхгүй орхисугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, Б.Ганпүрэв нарын  саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазар, түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд: “... шүүх Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо яагаад хамтран оролцсоныг үгүйсгэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэх болсон шалтгаанаа үндэслэл бүхий тайлбарлаагүй. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Хэрэгт 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар өөр хоорондоо дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хохирогчтой ярилцъя гэж тохиролцон ярилцсан зүйл байхгүй, ийм яриа болоогүй, мөн үүнийг нотлох ямар нэг баримт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд Б.Өлзийбаяр “... дугуйны мөнгө өгөх хугацаагаа 7 хоног хойшлуулаач гэж гуйх гэж байсан, манай ажлын цалин 7 хоногийн дараа буух байсан юм аа, тэрийг хэлье гэж бодсон” гэж, мөн Б.Алтанбагана “... Өлзийбаяр бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан” гэсэн сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгийг шүүх “Маршалын гүүрний доор очиж хохирогчтой уулзах гэсэн зорилго” гэж дүгнэсэн. Гэвч тухайн үед тэдэнд дугуйны төлбөрт өгөх мөнгө байгаагүй, хохирогчийг хуурч мэхлэн огт байхгүй зүйлийг зохион мессеж бичиж гэрээс нь гаргаж, хүний хөлөөс зайдуу газар дуудсан болох нь гар утасны мессежүүдээр тогтоогдсон. Хэрэгт цугларсан баримтуудаас Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар нь хамтран оролцогчдоо сонгож, нэг нэгнээ дэмжиж, гэмт хэрэг үйлдэх газар, орон зайг төлөвлөж, бусармаг санаа агуулан түүнийг худал хэлэн дуудсан болох нь харагдаж байхад шүүх “алахаар завдсан, бэлтгэсэн ямар ч нотлох баримт байхгүй” гэж илтэд үндэслэлгүй дүгнэсэн. Зөвхөн Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын мэдүүлснийг үндэслэн Маршалын гүүрэн доор очсон зорилгыг тогтоож байгаад гомдолтой байна. Харин хохирогч ирсэн бол тэдний зохион байгуулж буй гэмт халдлагад өртөж амь насаа алдах бодит нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Тэд 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Маршалын гүүрний доор хохирогчид өгөх ёстой дугуйны мөнгөө өгөх хугацааг хойшлуулах зорилгоор хохирогчийг дуудсан бол түүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 7-ны өглөө гэхэд түүний амь насыг санаатайгаар хохироох болов, тухайн өглөө дээрх 3 этгээд өглөө 7 цаг 25 минутад уулзахаар тохирч бие биенээ хүлээж байсан нь тэдний хоорондоо харьцсан мессежээр тогтоогддог. Дээрх байдлуудаас харахад Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын үйлдэл нь хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Шүүх ач холбогдол бүхий 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хохирогчийг дуудан ирүүлж зориуд гэмт халдлага зохион байгуулж амь насанд нь халдах гэсэн энэ бодит байдлыг орхигдуулж, гэмт этгээдүүдэд ял завшуулж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай хийсэн. Энэ бүх ажиллагааг хийгээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Алтанбаганы өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Алтанбаганы өмгөөлөгч Б.Ганпүрэв хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн тул эдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх үндэслэл байхгүй. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Алтанбагана, Өлзийбаяр нар нь Батнямтай бүлэглэн хүнийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг, мөн шүүгдэгч Өлзийбаяр нь Батнямтай бүлэглэн хүнийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь үндэслэлтэй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд цагаатгах тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн талаарх материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг “хууль ёсны байх, харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгасныг “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр цагаатгах тогтоол, магадлал гаргасан нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл бүлэглэж, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах эсхүл бэлтгэх үйлдэл, үйл баримт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж дүгнэхдээ шүүх ямар нотлох баримтад үндэслэсэн, яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаагаа тодорхойлоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

13 хавтас бүхий хэргийн материалд авагдсан нотлох баримт, түүнээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, бүхэлд нь үнэлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх ажиллагаа үндэслэл бүхий болон хууль ёсны дагуу хийгдээгүйгээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт бэлтгэсэн, эсхүл завдсан эсэхийг дүгнэх бололцоогүй байна.

Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон шийдвэрлэх эрхгүй тул цагаатгах тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр, өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ