Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-30
Тогтоолын дугаар 178
Хэргийн индекс 130/2015/0000/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар
Зүйл заалт 153.1., 181.1., 215.3.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн /online/,

Нарийн бичгийн дарга Н.Нямдаваа нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалтай 201521000361 тоот эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзсан Борлууд овогт Нинжээгийн Ганболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж, танхайрах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”  гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж, танхайрах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Цорос овогт Пүрэвийн Ганзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Ганболд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч Ч.Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, уг хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баттогтохыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн 21 хоног, Н.Ганболдын 45 хоног, Ч.Баттогтохын 45 хоног, З.Алтанжаргалын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалаас 25.176.195 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүүд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10.063.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхрийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Алтанжаргалд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай” гэж, 12 дахь заалтын “шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхрийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж” гэснийг “шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож” гэж тус тус өөрчилж, хохирогч Б.Цэцэнхүү болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар З.Алтанжаргалд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болтол түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, З.Алтанжаргалыг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол /38 xуудас/ болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хэргийн улмаас учирсан гэм хор болох 35.241.200 төгрөг нэхэмжилсэн хохирлоос зөвхөн шүүгдэгч З.Алтанжаргалаар 25.178.175 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 284.3-д заасан шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө өмгөөлөгч Ц.Даваасүрэнд мэдэгдэлгүй шүүх хуралдаан хийж, хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-д заасан өмгөөлөгчийн татгалзал гаргах эрхийг хангаагүй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.9, 41.3.10, 41.3.12-д заасан өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар гомдол гаргаж байна.

Нэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьж, гүйцэд биш хийсэн талаар, /Нийт 1.1-1.18 хүртэл дугаартайгаар 2-33 хүртэлх хуудсанд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дурдаж оруулсан/ Шинжээч эмч Б.Цэндхүү цогцост задлан шинжилгээг хэзээ, хаана, ямар нөхцөлд хийж, хэзээ дууссан тухайгаа шинжилгээ хийсэн тэмдэглэлдээ тусгаагүй. Мөн мөрдөн байцаагч Ш.Сүхтулга мөрдөн байцаагчаар энэ хэрэгт ажиллах эрх зүйн хязгаарлалтыг зөрчиж өөрийн санаачлагаар /2 хх-ийн 31-32 хуудас/ 2015 оны 10 дугаар сарын 29-нд шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол үйлдэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд явуулж шинжилгээг дахин хийлгэсэн байдаг. Уг дүгнэлтээс хохирогч Н.Буянбаатарыг санаатай алсан хэргийг авто аваарын хэрэг болгож хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тогтоол үйлдэж бусдыг санаатай алсан гэмт хэрэгтэнд танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болгож үндэслэлгүйгээр шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж, хэрэгт оролцоогүй З.Алтанжаргалын эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж, Н.Буянбаатарын амь насыг хохироосон болгож хэрэгт үндэслэлгүй шийтгэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Хэрэг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн бөгөөд улсын яллагчаар оролцож буй прокурор тус аймгийн прокурор оролцохоор байхад харьяалал зөрчин Ховд аймгийн прокурорын газрын туслах, тамгын хэлтсийн даргаар томилогдсон Ж.Отгончимэг, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил эрхэлдэг Г.Баяраа нарыг оролцуулсныг өмгөөлөгч татгалзсан боловч, шүүх татгалзлыг хангахаас татгалзан захирамж гаргаж, уг захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуралдааныг эхлүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарыг иргэний хариуцагчаар татаагүй орхигдуулсан нь шүүх хуралдааны шатанд нөхөн хийх боломжгүй болсон байдаг бөгөөд Иргэний хуулийн 497, 505, 508, 511 дүгээр зүйлд заасан гэм хорыг арилгах үүргээс тэднийг үндэслэлгүйгээр чөлөөлж, шийтгэх тогтоол гаргасан нь мөрдөн байцаагч, прокурорын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөний үр дагавар гарч байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нэг дэх үндэслэл гэж үзэж байна.

Талийгаач Н.Буянбаатарын хамтран амьдрагч Э.Нандинцэцэг нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шатанд гаргасан боловч хүсэлтийг хангалгүй, түүний эрхийг зөрчсөнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмж шалгуулах 2 дахь үндэслэл гэж үзэж байна.

Гэм хорын хохирлын хувьд хохирогч Э.Нандинцэцэг жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 заасан эрхээр хангаагүй нь хуулийн ноцтой зөрчсөн 3 дахь үндэслэл гэж үзэж гомдол гаргаж байна.

Хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй, яллагдагч Н.Ганболд, П.Ганзориг, Ч.Баттогтох, З.Алтанжаргал, гэрч Т.Жаргалсайхан, Э.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэнийг хууль зөрчсөн 4 дэх үндэслэл гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар. Иргэний хуулийн 499.1, 499.2, 499.3-т тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хохирогчид учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байхад тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Алтанжаргалаар 25.176.195 төгрөгийн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх 1 дэх үндэслэл, гэм хорын хохирлоос 10.063.005 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгосноо шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт заагаагүй зэрэг нь уг шийтгэх тогтоол нь агуулгаараа Үндсэн хууль зөрчсөн 2 дахь үндэслэл гэж үзэж байна. Шүүгдэгч Ганболд хохирогчийг өшиглөж, зодож, дэвссэн гэж мэдүүлсэн гэрч Э.Батмөнхийн мэдүүлгийг үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Н.Ганболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 зааснаар зүйлчилснийг үндэслэлгүйгээр 181.1 болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийг зөрчсөн 2 дахь үндэслэл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй нь эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг шүүх хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөрдөн байцаагч О.Оюунболд нь гэмтлийг “Норд Бенз” автомашины дугуйны хээ хохирогчийн хувцаснаас илрүүлсэн мөрөнд үндэслэн, дугуйгаар дайрагдсан гэсэн сэжиглэл, таамаглал дэвшүүлэн, түүндээ тохируулж шинжээч эмч нараас хөтөлсөн асуулт асууж байцаалт авсан байдаг.

Хохирогч Н.Буянбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн эмч Б.Цэндхүү дүгнэлтээ 20 хоногийн дараа бичгээр гаргасан. Энэ бичгээр гаргасан дүгнэлтдээ “авто осол” гэсэн үгийг нэмж оруулсан байдаг. Түүнчлэн мөр шинжилгээнд мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдсэний дараа харьцуулах шинжилгээнд тогтоол болон харьцуулах хэв хэлбэрийг тухайн шинжээчид хүргүүлэх байтал уг ажиллагааг хийлгүй мөр судлалын шинжилгээ хийлгүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримт болгосон байна. Дүгнэлт гаргасан криминалистикийн шинжээч Г.Ганцэцэг нь 6843 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны мөрнөөс дугуйны 6 ширхэг дардсыг хөндлөнгийн гэрчгүйгээр өөрөө бэхжүүлэн авч улмаар мөр судлалын харьцуулах шинжилгээ хийхдээ ямар албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэсэн тухай нотлох баримт хэрэгт тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг зөрчин 5471 дугаар дүгнэлт гаргасан нь гэмт хэргийн ул мөр судлахаар гаргасан гэж үзэх боломжгүй болгож байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Прокурорын тухай хуулийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчин, шүүн таслах ажиллагаанд ашиг сонирхолдоо хөтлөгдөн оролцсон албан тушаалтнуудын үйлдэлд дүгнэлт өгүүлэхээр гомдол гаргаж байна. З.Алтанжаргалд Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлд заасныг дор хаяж журамлах заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх баримтлаагүйд гомдож байна.” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч З.Алтанжаргал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг, шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг, шүүгдэгч Н.Ганболд нь бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайлбал шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

З.Алтанжаргап нь 6843 ХОҮ улсын дугаартай “Норд-Бенз” маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж Н.Буянбаатарын амь нас хохироосон,

Н.Ганболд нь согтуугаар иргэн Н.Буянбаатарыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн Х.Ганболдын эзэмшлийн 6843 ХОҮ дугаартай “Норд-Бенз” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн,

Ч.Баттогтох нь согтуугаар иргэн З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

П.Ганзориг нь согтуугаар З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаа нь шууд ба шууд бус байж болох бөгөөд гэмт этгээд нь бусад хүний амь насанд аюултай үйлдлээ /эс үйлдэхүй/ ухамсарлаж, хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл үхэлд зориудаар хүргэх буюу түүнд ялгамжгүй хандахыг ойлгоно.

Харин Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн обьетив тал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэм буруутайгийн болгоомжгүй хэлбэрээр илэрдэг үйлдэл байдаг.

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд З.Алтанжаргал болон талийгаач Н.Буянбаатар нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн байдаг бөгөөд улмаар З.Алтанжаргал өөрийн жолоодож явсан автомашиныг асааж, тойрох хөдөлгөөн хийх явцдаа Н.Буянбаатарыг дайрч амь насыг нь хохироосон уг үйлдэл нь хүнийг санаатай алах бус харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байх тул шүүгдэгчийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ганболд нь Н.Буянбаатарыг, Ч.Баттогтох нь З.Алтанжаргалыг, П.Ганзориг нь З.Алтанжаргалыг тус тус зодож танхайрсан үйл баримт нэг цаг хугацаанд үйлдэгдсэн боловч өөр, өөр субьектэд халдсан, мөн өөр цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул бүлэглэсэн шинж үгүйсгэгдэж байгаа гэж дүгнэн Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд Н.Буянбаатар нас барсан нь шүүгдэгч З.Алтанжаргалын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд түүнээс гэм хор учруулснаас үүссэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН